Халдлагад өртөн амиа алдсан цагдаа ганцхан жилийн дараа тэтгэвэртээ гарах байлаа


Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртөн хүнд гэмтсэн цагдаагийн ахлах ахлагч П.Батсайхан өчигдөр 13.25 цагийн үед ГССҮТ-д таалал төгслөө. Тэрбээр энэ сарын 15-нд Япон цэргийн дурсгалын цогцолбор орчимд офицерийн хамт үүрэг гүйцэтгэж байхдаа улаан хүрэн өнгийн “Ланд круйзер Прадо” маркийн автомашины зогсоон шалгасан юм. Гэвч гэмт этгээдүүд цагдаагийнхнаас зугтаж, тэднийг зогсоох гэж машинаас зүүгдэн цонхыг нь хагалахаар оролдож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэрбээр зүүгдэж таван км орчим газар явсан бөгөөд хэрэгтнүүд түүнийг унагаснаас болж тархиндаа хүнд гэмтэл авсан. Энэ талаар ар гэрийнхэн нь “Өглөө ажилдаа гараад сэжигтэй харагдсан машиныг зогсоон шалгасан юм билээ. Биеийн байдал нь одоо маш хүнд, тархи нь бяцарсан, цус харвасан. Эмч нар амьд үлдэх магадлал тун бага гэсэн” гэж ярьсан. ГССҮТ-ийн эмч нар түүнд өчигдөр мэс засал хийж, амжилттай болсон ч хагалгааны дараа гэнэт бие нь хүндэрч таалал төгсжээ.

Талийгаач 1977 онд төрсөн 41 настай, эхнэр гурван хүү, охины хамт амьдардаг байсан бөгөөд хамгийн бага хүүхэд нь ой гарантай, том нь 14-тэй аж. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан тэрбээр ирэх онд тэтгэвэртээ гарахаар бэлтгэн, бүх материалаа бүрдүүлж өгсөн байжээ. Энэ хэргийг өдүүлсэн Т.Лундаа машинаа жолоодож, эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр хажууд нь сууж явжээ.

Тэд 18.35 цагийн үед машинаа Сүхбаатар дүүргийн нутаг, Бугын ам гэх газарт орхиж явганаар зугтсан юм байна. Цагдаагийнхан нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжилж, уржигдар 23.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг, Майхан толгой орчмын төв замаас хөлсний машинд суух гэж байхад нь Т.Лундааг, Б.Энхбаярыг 00.00 цагийн үед Майхан толгойн зуслангийн замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхад нь баривчилжээ.

Энэ явдлаас гадна Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, ахмад Э.Мөнхтулга автомашинтайгаа осолдож нас барсан харамсалтай хэрэг Орхон аймгийн нутагт энэ сарын 14-нд гарлаа. Зарим эх сурвалжийн “Мал хулгайлсан хэргийг шалгахаар явж байхдаа осолдсон”, “Иргэдийн шударга шүүх” гэх ТББ-ын тэргүүн, өмгөөлөгчийн эрхгүй атлаа өмгөөлөгч нь хэмээн талийгаач хэсгийн төлөөлөгчтэй уулзаж байсан” зэрэг баримт тогтоогдсон гэнэ.


Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)