"Халдвар тархах эрсдлийн үнэлгээ хамгийн өндөр түвшинд байна"

ЭМЯ-ны байранд албаныхан коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн дотор Африкийн Гвиней, Мали зэрэг орнуудад өвчлөл шинээр бүртгэгдсэн. Дэлхийн олон улс орон Африк тивийн орнуудад тусламжийн гараа сунгах хэрэгтэй гэсэн санаачилга гаргасан. 

Өвчин АНУ-д маш эрчимтэй голомтлон тархаж байна. Испани улсад нас баралтын түвшин Хятадаас илүү гарлаа. Мөн тус улсын Шадар сайд нь коронавирусийн халдвар авчээ. 

Одоогоор Итали, Испани улсын Засгийн газрууд дотооддоо онцгой дэглэм тогтоож, муж хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа бөгөөд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн хүмүүст өндөр торгууль ногдуулна. Энэ арга хэмжээ нь 6-р сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.

Өчигдөр ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ хамтран коронавирусийн тавдахь эрсдлийн үнэлгээг хийлээ. Ингэхдээ Монгол Улсад халдварын аюул тархах "эрсдэл маш өндөр" гэсэн дүгнэлт гарсан. 

ДЭМБ-аас мэдээлэхдээ "Энэ өвчин хэнийг ч ялгахгүй, хүн бүрт эрсдэлтэй. Хамгийн чухал зүйл бол бие биенээ хайрлах явдал" хэмээн мэдээллээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Дэлхийн 150 оронд коронавирусийн халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарах ажиглах байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зургаан зөвлөмжийг ДЭМБ өгч байна. Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах дундаж хугацаа 4.8 хоног байна" хэмээлээ.