Халдвар авсан хоёр иргэнээ эмчилж, эдгээлээ

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирээд “Ковид-19”-ийн халдвартай нь батлагдсан хоёр монгол иргэн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр мэдээлэв. Тэд 15 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өвчний шинж тэмдгүүд нь аажмаар арилжээ. ХӨСҮТ-ийн эмч нар сүүлийн гурав хоногт өвчтөнүүдийн хамар, залгиурын салстын арчдас, өтгөн, шингэн, цэр, цусанд нь гурван удаагийн давтамжтайгаар коронавирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Мөн компьютерт томограф (CT)-аар уушгинд нь нэвчдэс, үрэвсэл үлдсэн, эсэхийг нягталж, сөрөг шинжилгээнүүдийг баталгаажуулжээ. Д.Нямхүү захирал “Эдгэрсэн хоёр хүн халдварын дунд зэргийн явцтай байсан. Тэднийг цаашид 14 хоног тусгаарлаж, хяналт, шинжилгээг үргэлжлүүлнэ. Гэртээ тусгаарлуулах боломжтойг нь зөвлөгөө өгөөд, хянана.

Боломжгүйг нь ХӨСҮТ-д байлгана. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тухайн өвчтөний шинж тэмдэг арилмагц таван төрлийн шинжилгээг давтан хийж, вирусгүй бол эмнэлгээс гаргах ёстой. Бусад өвчтөний бие тогтвортой, халдварын үе шатаас хамаарч эмчилгээний үр дүн нь харилцан адилгүй. Франц иргэний CT-ын эхний шинжилгээ сайн гарсан. Давтан шинжилгээг удахгүй хийнэ. Бидний эмчилгээний арга барил үр дүнгээ өгч буйд баяртай байна” гэсэн юм.

Өчигдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй аж. Түүнчлэн “Ковид-19”-ийн анхны тээгчтэй хамт байсан, харилцсан 59 хүнд гурав дахь удаагийн давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг албаныхан хэлсэн. Мөн ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт тусгаарласан 10 хүний шинжилгээ сөрөг гарчээ. “Ковид-19”-тэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

ЭШЛЭЛ

Б.УУГАНБАЯР (УОК-ын Шуурхай штабын дарга):

-Дөрөвдүгээр сарын 2, 3-ны тусгай нислэгээр Сөүл, Токиогоос ирэх 750 хүнийг нэг нэгээр нь тусгаарлах болсон тул байрны нөөц бүрдүүлж байна. Одоогоор 360 хүн хүлээн авах байр суллалаа. Цаашид томоохон зочид буудлуудыг дайчлахаас өөр аргагүй.

А.АМБЭСЭЛМАА (ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга):

-Эмч нар өвчтөнүүдэд вирусийн, шинж тэмдгийн эсрэг, амьсгал болон дархлаа дэмжих эмчилгээ түлхүү хийж байна. Эдгэрсэн хоёр хүнийг тусгаарлаж, долоо, 14, 21, 28 хоног тутамд хянаж, тандалт судалгаа хийнэ.

Г.СУГАРБАТ (МХЕГ-ын дэд дарга):

-Зах зээлд мах, гурилын үнэ, хангамж тогтвортой байна. Энэ сарын 26, 27-нд Замын- Үүд, Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтоор 183 жолооч тээвэр хийсний 35 нь гадаад. Тэд 171 автомашинаар 435 тонн хүнсний бүтээгдэхүүн, 848 тонн бараа оруулж ирснийг ариутгаж, халдваргүйжүүлсэн.

БНСУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ШТАБ:

-Ирэх сарын 1-нээс БНСУ-д зорчих гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд оршин суух үнэмлэхтэй, байртайг нь гэрт нь хөл хорих боломжтой. Харин оршин суух хаяггүй хүмүүсийг тусгаарлах байранд оруулж, нэг хоногийн байр, хоолны зардалд 100 мянган вон авна.

Д.НАРАНГЭРЭЛ (ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга):

-ДЭМБ-аас коронавирусээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг өгсөн. Үүнд эрүүл хооллож, илүүдэл жингээ хаях, архи, тамхи, чихэр, ундаанаас татгалзах, том хүн өдөрт багадаа 30 минут, хүүхэд цаг орчим идэвхтэй хөдөлгөөн хийх, сэтгэл зүйн эрүүл мэнддээ гойд анхаарахыг зөвлөв.

Хятадад дотоодын тархалт зогссоныг зарлажээ

Хятадад шинэ төрлийн коронавирусийн дотоодын тархалт зогссон бөгөөд бүртгэгдсэн халдварын тохиолдлын олонх нь зөөврийнх болохыг тус улсын Эрүүл мэндийн хэрэг эрхэлсэн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Ми Фэн мэдэгдэв. Гэхдээ халдвар тархалтын идэвхжих магадлал харьцангуй өндөр хэвээр буй гэнэ.

ОХУ-ын ШУА-ийн мэргэжилтнүүд “Ковид-19” өвчнийг эмчлэхэд хэрэглэж болох триазавирин, фавипиравир, фортепрен гэсэн гурван эм бүтээсэн байна. Мөн тус улсад гурван вакцин бүтээж буй гэнэ. Оросын эмч нар цар тахлыг ирэх тавдугаар сард намжина хэмээн таамаглажээ.

Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор бэлгэвч, секс тоглоом, жишээлбэл, сувилагчийн тоглоомон хувцас зэрэг насанд хүрэгчдэд зориулсан барааны эрэлт ихэссэн гэнэ. Тухайлбал, Орос дахь “Ozon” цахим дэлгүүрийн зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан барааны борлуулалт энэ сард 300, Германы “Womanizer”-ийнх 50 хувиар өссөн гэнэ. Халдвар авсан хүний тоогоор тэргүүлсэн Итали, АНУ-д ч ийм барааны эрэлт 60 хувиар нэмэгджээ.

Үүний сацуу АНУ-ын Засгийн газар сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүй бол хоёр сая гаруй иргэн нь шинэ цар тахлаар нас барах байсан. Тиймээс 100-200 мянган хүн амьсгал хураагаад тогтвол сайн үр дүнд тооцогдоно гэж тус улсын улсын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. Ойрын 14 хоногт АНУ-д нас баралт дээд цэгтээ хүрч, ирэх зургадугаар сараас тус улсын эдийн засаг эргэн сэргэнэ хэмээн тэрбээр таамагласан байна.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)