Халдварт өвчин тархах эрсдэл айсуй

Чингэлтэй дүүрэг, “Хүчит шонхор” захаас “32-ын тойрог” хүрэх зам дагуух үерийн далан, 2020.3.18

Дулаарснаас цас, мөс хайлан, ихээр урсахыг шар усны үер гэдэг. Иргэд “Мөс, цас хайлж урсаад юу гавих вэ” хэмээн нэг их ойшоохгүй байж магадгүй. Шар усны үер маш аюултай, эд хөрөнгө сүйтгэхээс гадна энэ биеийг тань нөгөө ертөнцөд хүргэж дөнгөнө. 2018 онд болсон нэгэн золгүй явдлыг эргэн сануулъя. Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутагт шар усны үер болсны улмаас жалга, хонхорт ойр хаваржиж байсан айлын эзэн үерт урсаж, амиа алдсан юм.

Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Тиймээс өнөөдөр сэрүүхэн ч маргааш дулааран, цас хайлж, шар усны үер болж болзошгүй. Ер нь эл үер болохгүй, эрсдэл гарахгүй жил гэж үгүй. Жил болгон шар усны үер болдог. Сүүлийн гурван жилийн мэдээлэл үүнийг баталж байна. Гурван жилийн дотор ийм үер 26 удаа тохиожээ. Үүнээс үүдэн айлуудын гэр урсаж, мал нь хорогдсон явдал олон тохиолдож, багагүй хохирол гарчээ. Энэ жил ч шар усны үер болох нөхцөл бүрдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж буй. Шадар сайд Ө.Энхтүвшин эл эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдамж гарган, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, ЗДТГ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хот тохижилтын газар, Авто зам засвар, арчлалтын компаниудад үүрэг өгөв. Үүний дагуу дээрх байгууллагууд нэгдсэн ажлын хэсэг байгуулжээ. Мөн ОБЕГ, ХХААХҮЯ-наас авхуулаад нийслэл, аймаг, сумуудын ЗДТГ-аас шар усны үерийн сэрэмжлүүлгийг цахим хуудаст байршуулжээ. Улмаар албан хаагчид гол, нуурын эрэг, жалга дагуу буусан айлуудыг мэдээллээр хангаж, нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгч буй. Мөн үерийн далан суваг, зам, гүүрийн ус зайлуулах хоолойг цэвэрлэж, шалгах ажилд аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж эхэлсэн юм.

Хүн болгон шар усны үерт анхаарлаа хандуулаасай гэж хүсье. Учир нь эл үер халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, гуу жалганд хаясан малын сэг, зэм шар усны үерт туугдан голын ус руу ордог. Мөн бохир усны хоолой, жорлон шар усаар дүүрч, хальсан нь гудамж талбай руу үерлэн урсна. Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед эмнэлэг, цагдаа, онцгой албаныхан толгой өндийх завгүй ажиллаж байгааг бид харж буй. Тиймээс “Шар усны үерт урслаа”, “Эд хогшлоо алдлаа” гэх дуудлага өгч, ачааллыг нь нэмэхгүйн тулд өнөөдрөөс хичээцгээе. Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг иргэд дор бүрнээ дагаж, урьдчилан сэргийлж чадвал, шар усны үерт урсахгүй, алба хаагчдад ч ажил нэмэхгүй байх боломжтой. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, эл үер дөрөвдүгээр сарын эхэн үед тохиож 30-40 хоног үргэлжлэх төлөвтэй. Урьдчилан сэргийлээгүйн улмаас шар усны үерт автвал орон нутагт зам хаагдаж, эмнэлгийн машин очиж чадахгүйд хүрдэг. Бас онцгой байдлын албаныхан ачаалал ихтэй ажиллаж буй тул хүн хүч хүрэлцэхгүй, цаг алдаж ч мэднэ. Байгалийн энэ мэт үзэгдэл цагаа тулахаар нүд ирмэх зуурт давалгаалж эрсдэл үүсгэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Хүн ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэг дээ. Тиймээс орон нутгийнхан, ялангуяа малчид гол, нуурын эрэг, хөвөө даган буухгүй байх, хотын иргэд жалга, гуу дагуу суурьшсан бол хэсэгтээ буурь сэлгэхийг дахин сануулъя. Учир нь шар усны үер айсуй.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Үерийн далан бүр цас, мөсөөр дүүрэн байна

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хойд хэсэг Чингэлтэй уулын хормой, Сэлбэ голын сав газраар явлаа. 32- ын тойрог дахь түүхий эдийн “Судалт” төвөөс “Хүчит шонхор” хүнсний зах хүртэлх замын хажуугийн үерийн усны далан саваа халим цас, мөстэй байна. Зарим хэсэгт нь овойж, хашлага давах шахаж. “Судалт”-ын хойхно байх “Сод” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж буй хүмүүсээс эндхийн байнгын оршин суугчийг олж, үерийн ус уг далангаар чөлөөтэй урууддаг эсэх талаар асуухад өөрийгөө далан орчимд дал дахь жилдээ амьдарч байна гэж хаахалзах эмээ “Ширүүн борооны үед далан хальдаг юм. Дээрээс бохир ус их хэмжээгээр ирж, энэ хавьд тунадаг. Шээс, баасны үнэр ханхлаад хажуугаар нь явах аргагүй болдог. Одоо ч гэсэн энэ их мөс хайлахаар баларна даа” гэж байлаа. Далан дагаж автобусны нэг буудал хэрийн зайд өгсөхөд байдал адил байсан юм. Долоон буудлын далан мөн адил цас, мөсөөр хучаастай. Тус, Чингэлтэй дүүргийн XIV хорооны оршин суугч хижээл насны иргэн “Энүүхэн хойгуур Чингэлтэй гол урсдаг. Чингэлтэй булаг гэж бий. Тэр задардаг юм болов уу, энэ далан өвөлдөө маш их устай байдаг. Хэд хоногоос цас, мөс гэсэхээр тэр доор байгаа айлууд усанд автах байх даа. Хуучны даланг өргөсөн ч, хавтангууд нь үерийн усанд урсчихсан. Хар даа, задгай далай шиг болчихсон байгаа биз. Энэ бол тэр чигээрээ бохир шүү дээ” гэсэн юм.

Долоон буудлын далан хавиас зүүн тийш хараа сунгахад Сэлбийн гол савандаа цайран харагдана. Тэндээс Дамбадаржаагаар дайрч Бэлхийн голын гүүр хүрлээ. Тус гүүрийн доогуур ус урсаж байгаа нь Бэлхийн гол аж. Гүүрийн хажуугийн хашаанд оршин суугч эмэгтэй “Цас хайлж эхэлсэн. Өндөрлөг газрын ус гарааш руу орж ирээд болдоггүй, цэвэрлэгээ хийж байна. Хамгаалалтын зурвас гаргахаас. Далан энэ хавьд өндөр болохоор гайгүй, харин доошлох тусам задгайрдаг тул ус хаа сайгүй урсдаг юм билээ” гэж байв.

Газар гэсэх үед Сэлбэ голын савд буй айлууд балрах шинжтэй харагдана. Хороо, захиргаанаас арга хэмжээ авдаг юм болов уу хэмээн санаж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэртэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр “Сэлбэ голын дагуу “64 айл” гэдэг нэртэй суурьшлын бүс үүссэн. Энэ дүүргийн 21 дүгээр хороог 2010 онд хоёр хувааж, энэ хороог шинээр бий болгосон түүхтэй. Хороо хуваахаас өмнө тухайн үед Засаг дарга нар дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон бусад холбогдох нэгжтэй хамтарч зөвшөөрөлгүй буусан айлуудад үерийн аюултай бүсэд амьдарч болохгүй хэмээн нүүх шаардлага тавьсаар ирсэн ч өнөө хэр байсаар байна. Бараг 15 жил болжээ. Голын ай савд зөвшөөрөлгүй буучихаад төрийн үйлчилгээ нэхнэ. Сүүлдээ тэр хавийн үндсэн айлуудыг гуйж, хаяг дээр нь нэрсээ бичүүлж байгаад төрийн үйлчилгээнд хамрагдах болсон байна лээ. Голын усны халиа, тошин их, далан найдваргүй, хөрсний эвдрэлтэй ийм орчинд амьдрах түгшүүртэй л дээ. Хөрсний бохирдол ихтэй болохоор халдварт өвчин гарамтгай. Цусан суулга тасрахгүй. Булчин задрах тахал ч нэг бус удаа тохиолдож байлаа. Бид Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “МОН- 9189” төсөл хэрэгжүүлж 225 айлын жорлонг шинэчилсэн. Иргэдийнхээ эрүүл аж төрөхүй, тав тухын төлөө ямар ч байсан ийм ажил хийгээд байна. Манай хороо хүн ам олонтой. Бид Говьсүмбэр аймагтай дүйцүүлж ярьдаг юм. Нийт 13978 иргэнтэй, 4444 өрхтэй. Ер нь хороо гэж ачаалал ихтэй, аймгийн хүн амтай ойролцоо тооны хүнд төрийн үйлчилгээ хүргэдэг хэрнээ сумын дайны статусгүй нэгж байх юм аа” хэмээн ярьж байлаа.

Энэ өдөр агаарын температур хасах тавыг зааж байв. Хотын зах орчимд жиндүү салхитай, мөд дулаарах болов уу гэхээр байсан. Харин Бэлхийн гүүр хавь нөмөр газар аж. Тиймдээ ч гол нь урсаж буй биз ээ. Хавар ирсэн, цас, мөс жамаараа хайлна. Энэ хавар цас ойр, ойрхон орсон болохоор уулархаг нутгаар өнөө хэр цастай байгаагийн зэрэгцээ үерийн далангууд дээр дурдсанчлан хур цас, мөстэй байгаа тул шар усны үер болдоггүй юм гэхэд далангаар уруудах бохир ус ард иргэдийг хэсэгтээ тавгүйтүүлж мэдэхээр байна. Ариун цэвэр, ариутгал дээд зэрэг шаардаж буй энэ цаг үед хариуцах байгууллагууд, өөрөөр хэлбэл Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ТҮК-иуд нөхцөл байдалд дор бүртээ дүгнэлт хийж, бохир ус хотоор нэг урсахаас хэрхэн сэргийлэх талд анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлага тулгамдаж байна.

Бэлтгэсэн: Р.Оюунжаргал

ДЭЛХИЙН ЖИШИГ

Цаг агаарын урьдчилсан мэдээ болзошгүй аюулаас хамгаална

Цаг агаар дулаарахын хэрээр уулын цас, мөс хайлж, гол, мөрний ус эргээсээ халих гэнэтийн аюул бөмбөрцгийн хойд хагаст оршдог улсуудад нүүрлэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дэлхийн цөөн улс усан сан байгуулж, түүнийгээ эргүүлэн ашигладаг аж. Үерийн хэдэн арван шоо км-ээр хэмжигдэх далангаараа Хятад улс тэргүүлдэг. Ийм үзүүлэлтээр тэргүүлэгчдийн тоонд багтдаг Японд үерийн 600 орчим шугам сүлжээ бий гэнэ.

Шар усны үерийн уршгаас хамгаалдаг байгууллагуудаас заавал тавьдаг шаардлага нь цаг агаарын урьдчилсан мэдээлэл аж. Энэ нь шар усны болзошгүй үер, усны түвшин, мөс цөмрөх зэрэг аюулыг тодорхой давтамжтайгаар буюу богинодоо 10-12, уртдаа 2-3 сарын өмнө сэрэмжлүүлэхэд оршдог.

ОХУ-д шар усны үерт хүүхэд осолдож, эндэх нь элбэг учраас хамгийн аюултайд тооцдог аж. Тиймээс хүүхдийг харгалзах хүнгүйгээр тогтоол ус, мөс нимгэрсэн болон цөн түрсэн гол, мөрөн, нуурын эрэг, гуу жалга, гүүр орчимд үлдээхгүй байхыг анхааруулдаг байна. Мөн учирч болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлж, өгч, сургалт хүртэл явуулдаг байна.

Энэ хавар Европ даяар эрт дулаарч, Азийн орнуудаар цас их орж буй. Гуравдугаар сарын эхээр Оросын Ижил мөрний сав газарт цасны усны нөөц 74 хувьтай байгаа нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 45 мм-ээр бага, гол, мөрөн нь хэдийн мөсөн хучлагагүй болсон бол Амар мөрөн орчимд 130-160 хувьтай байна. Ирэх сарын сүүлийн 10 хоногт гол, мөрөн нь мөсөн хучлагаасаа ангижрах тулд одоо мөс цөмрөх, цөн түрэх, эргээсээ халих өндөр эрсдэлтэй байгаа гэнэ. Мөн өндөр уулын хөндийгөөр шар усны үер буух, хөрсний гулгалт үүсэх, цаашлаад үер буух аюултайг анхааруулжээ.

Хятадад далан, хаалт барих аргаар гол, мөрөн эргээсээ халихаас хамгаалдаг. Тус улсад барьсан далангийн урт 170 мянган км байдгаас зөвхөн Шар мөрний эрэг дагууд 5000 орчим км нь бий. Гэхдээ далан, шуудуу тийм ч найдвартай арга биш гэнэ.

Дэлхийн дулаарлын улмаас унах тунадасны хэмжээ нэмэгдэж, улмаар усны түвшин эрс дээшлэх болжээ. Үүний сацуу хүний буруутай үйлдлийн улмаас ой мод бүхий газар хумигдаж, эдэлбэр талбайн хэмжээ тэлж, хот, зам, үйлдвэр уулын ус чөлөө урсаж, шингэх хөрсгүй болсон, мөн усны далан, шуудуу зэрэг байгууламж олноор барьж, урсгал усны голдирол өөрчилсөн нь шар усны үерийн аюулыг эрс ихэсгэснийг судлаачид тэмдэглэсэн байна.

Бэлтгэсэн: З.Гал

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Э.БАТБАЯР: Архангайд шар усны үер болсон

Цаг уур, орчны шинжилгээний газрын Гадаргын усны судалгааны хэлтсийн технологич инженер Э.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жил шар усны үер эрт болж болзошгүйг танай агентлагаас анхааруулсан. Монгол орны аль хэсэгт эрсдэл их байна вэ?

-Цас ихтэй жил байлаа. Энэ сард гэхэд гурван удаа их хэмжээний цас орсон. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй. Цасны дундаж зузаан 18 см байна. Манай улс эрс тэс цаг агаартай. Тиймээс гэнэт дулаарах, температурын огцом өөрчлөлтөөс шалтгаалж, шар усны үер болох нөхцөл бүрддэг. Газар гэсээгүй үед цас эрчимтэй хайлж, хөрсөнд шингэхгүй үерлэж урсдаг. Гуравдугаар сарын дундах 10 хоногийн мэдээгээр Увс нуур, Тэс голын сав газраар 50 см хүртэлх цастай байна. Мөн Завхан гол, Хяргас нуурын сав, Хөвсгөлийн уулсаас эх авдаг Шишгид голын сав газруудын 50-90 хувь нь цасан бүрхүүлтэй. Дээрээс нь Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй, Суман голын сав газар цас ихтэй байгаа нь шар усны үерийн эрсдэл дагуулж байна. Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаар хэрэн урсдаг. Тиймээс энэ голын сав дагуу нутагладаг аж ахуйн нэгж, айл өрхүүд үерээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Бусад орон нутгийн удирдлагад ч энэ сэрэмжлүүлэг хамаатай.

-Шар усны үер ямар эрсдэл дагуулдаг вэ?

-Шар усны үерийн гол аюул нь халдварт өвчин дэгдэх магадлал юм. Өвөлжилт хүндэрсэн болон малын халдварт өвчин гарсан газруудын гуу жалганд хаясан мал, амьтны сэг зэм нь цасны усаар дамжин гол, нуур бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай. Тиймээс холбогдох байгууллагуудад цэвэрлэгээ ариутгалын ажлыг цаг тухайд нь түргэн шуурхай хийх зөвлөмж хүргүүллээ. Иргэд ч сонор сэрэмжээ дээшлүүлэх ёстой.

-Энэ үер ямар үед тохиолддог вэ?

-Температурын хэлбэлзэл, цасан дахь усны нөөц, цасны нягтаас хамааран шар усны үер харилцан адилгүй. Цас багатай газруудад аажмаар дулаарахад шар усны үер болох нь бага. Гэнэт дулаарах буюу температурын огцом өөрчлөгдөхөд үер болох магадлал өндөр. Цас нимгэн ч цасан дахь усны нөөц их, нягт бол эрсдэлтэй. Энэ хавар 315 газарт цасны нягтыг хэмжлээ. Бүх аймагт цас нягт, зузаан байна. Үүнээс хамаараад Монгол орны цасан дахь усны нөөц 12.8 шоо км болсон. Өнгөрсөн оны мөн үед цасан дахь усны нөөц 3.9 хувьтай байв.

-Болзошгүй эрсдэлийн мэдээллийг цаг тухайд олон нийтэд хүргэж чаддаг уу?

-Цаг агаарын температураас шалтгаалж шар усны үер болох, болохгүйг манайхан урьдчилан тооцож гаргадаг. Ингээд аюулт үзэгдлийн мэдээллийг орон нутгийн бүх салбар нэгж, өртөөнд урьдчилан хүргэж байгаа. Мөн онцгой байдал, хөдөө аж ахуйн газрууд гээд төрийн бүх байгууллагад өгдөг юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч иргэд, малчдад цаг тухай бүр нь анхааруулдаг. Хөдөөгийнхөн хэдэн жилийн өмнө цаг агаарын мэдээллийг урьдчилан авах боломж хомс байсан. Одоо хүн бүр ухаалаг гар утастай болжээ. Мөн үүрэн телефоны оператор компаниудтай хамтран мэдээллээ багц мессежээр давтамжтай дамжуулдаг. Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Монгол Алтайн нурууны орчмын голуудаас бусад ихэнх томоохон гол, нууранд шар усны үер ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт эхэлдэг.

-Зарим аймагт хэдийн дулаарсан. Шар усны үер болсон газар байна уу?

-Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багт өнөөдөр (өчигдөр) шар усны үер болсон гэсэн мэдээлэл ирлээ. Үер урсаж байгаа үед хэмжилт хийх боломжгүй. Харьяа өртөөний инженерүүд газрын тэмдэглэгээ хийсэн. Үерийн дараа хамарч урссан талбайн хэмжээг гаргана. Өнгөрсөн хоёр хоногт огцом дулаарснаас үер болсон байх. Монгол орон эрс тэс уур амьсгалтай, гэнэт дулаарч, хүйтэрдэг болохоор жил бүр шар усны үер болох магадлал өндөр. Жил бүр энэ тухай сануулдаг, иргэд, байгууллага урьдчилан сэргийлж дадаагүй байна.

Бэлтгэсэн: Д.Тэлмэн

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

Аймгуудын Онцгой байдлын газраас шар усны үеэр болох магадлал хэр их байгаа, урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч буй талаар тодрууллаа.

Э.ЧИМЭДЛХАМ (Архангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн)

-Аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээлснээр, энэ сарын байдлаар Архангай аймгийн Чулуут, Хануй, Орхон голын сав газраар цасны зузаан 24-32 см. Тэр орчинд шар усны үер буух магадлал өндөр. Онцгой байдлын газраас өвөлжилт хүндэрсэн Өлзийт, Жаргалант, Цэцэрлэг, Хашаат, Хотонт зэрэг сумд албан бичгээр болон мессежээр сэрэмжлүүлэг хүргэж байна. Мөн гуу, жалганд хаясан мал, амьтны сэг зэм нь цасны усаар дамжин гол, нуур бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас цаг алдалгүй арга хэмжээ авч, цэвэрлэгээ, устгал хийхийг зөвлөж байгаа. Одоогийн байдлаар шар усны үерийн дуудлага бүртгэгдээгүй.

С.МӨНХБАТ (Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн)

-Өнгөрсөн жилүүдэд Дархан-Уул аймагт шар усны үер олон болсон. Иймд хүн хүч, техникээ бэлэн байлгаж, далан шуудуу цэвэрлэх, ариутгах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авч ирсэн. Мөн иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгч, шаардлагатай бол нүүлгэнэ. Гэхдээ энэ жил манайд хур тунадас маш бага унасан. Нутгийн ихэнх хэсгээр цас хайлж дууссан. Тэгэхээр шар усны үер болох магадлал бага гэсэн үг. 2019 оны намар далан, шуудуугаа шинээр янзлаад, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангасан.

Р.ДЭЛГЭРДАЛАЙ (Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн)

-Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Хүдэр, Бугант сумын нутгаар цасны дундаж зузаан 5-20 см, бусад сумын нутгаар 0-1 см байна. Энэ жилийн хувьд уулын ам, гуу жалгаар хунгарласан цасны зузаан харьцангуй бага байгаа. Шар усны үер буух эрсдэлийн түвшин дунд зэрэг хэмээн тооцоолсон. Шар усны үер бууж болзошгүй сумуудын судалгааг гарган уулын ам, жалга даган хаваржиж байгаа малчин өрхүүдийн аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд аюулгүй газарт шилжүүлэх, үерийн далан, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэхийг сумуудын ЗДТГ-т хүргүүлсэн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шар усны үер, гол нуурын мөсөнд цөмөрч осолдохоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж тогтмол нэвтрүүлж иргэдэд анхааруулах зэрэг арга хэмжээ авч байна.

Б.ГАВААДАМБА (Өвөррхангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн)

-Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил Орхон голын сав газрын 72.3 хувь нь цасан бүрхүүл тогтсон, дунджаар 24 см зузаан цастай байна. Голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдсэн тул аймаг, сумуудын ЗДТГ-ын дарга нарт үүрэг өгч, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж буй. Мөн Улаанбаатараас Арвайхээр, Арвайхээрээс Баянхонгор чиглэлийн авто зам, гүүрийн ус зайлуулах, хоолой, шуудууг цэвэрлэсэн. Шатар сайдын албан даалгаврын хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч, малчдад гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх талаар сэрэмжлүүлсэн. Мөн шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бичлэг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын цахим хуудсанд байршуулж анхааруулж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)