Халдашгүй эрхэд халдсан царай таних технологи

- 106.3 тэрбум төгрөгийг дэвшилт технологи нэвтрүүлэхэд зарцуулах нь –

Гадаад харилцааны яамны үүдэнд гар утсаараа бичлэг хийж байсан залууг цагдаа нар байцааж, цүнхийг нь нэгжиж, тэр ч бүү хэл “Чи хүн амины хэрэгтэнтэй адилхан царай төрхтэй байна” гэж дайрч давшилсан бичлэг өнгөрсөн сарын дундуур олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаад гэм буруугүй гээд явуулжээ. Буруугүй хэрнээ нэг л өдөр гэмтэн болчихож мэдэх нийгэмд амьдарч буйн илрэл нь энэ. Гэтэл удахгүй үүнээс ч дор нөхцөл байдал үүсэж мэдэх нь. Тодруулбал, Үндсэн хуулиар олгосон хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хазаарлах үүдийг Засгийн газар нээх гэж байна.

...Одоогийн байдлаар хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуультай 45 улс бий аж. Тухайлбал, АНУ-д энэ талаарх цогц хууль байхгүй ч мэдээлэл хамгаалах тухай заалтуудтай гэнэ. Калифорни мужид Хувь хүний цахим орчин дахь нууцлал хамгаалах тухай хууль бий. Тус улсын Бостон, Окланд хотод царай таних камерыг хоригложээ...

Тодруулбал, Үндсэн хуулийн 16.13-т заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ноцтой зөрчих царай таних технологийг нэвтрүүлэхээр улайрах боллоо. УИХ-аас өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоол баталсан. Тус хөтөлбөрийн “Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангана” гэх зорилтын хоёрдугаарт “Дэвшилт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээ хэрэгжүүлснээр гэмт хэргийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана” гэж тусгажээ. Түүнчлэн дэвшилт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэхэд 2025 он хүртэл 106.3 тэрбум төгрөгийг гадаад зээл, тусламж (хөнгөлөлттэй зээл)-аас бүрдүүлэхээр тусгасан байх юм. Дээрх хоёр төсөл, арга хэмжээг ХЗДХЯ хариуцах гэнэ.

Энэ их хэмжээний хөрөнгийг гадаад зээл, тусламжаар шийдвэрлэнэ гэхээр аль улсаас мөнгө авах бол гэсэн асуулт урган гарна. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хуульч, өмгөөлөгч, эрдэмтэд царай таних технологийг Монголд нэвтрүүлбэл Үндсэн хуулийг ноцтой зөрчинө гэж үзэж байна. Тухайлбал, хуульч О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн 16.13-т халдашгүй, чөлөөтэй байх эрхийн талаар тусгасан байдаг. Монгол Улс 1937-1939 онд буриад, язгууртан, лам гэдгээр нь шалтаглан иргэдээ буудан хороосон. Хүний эрхийн ийм ноцтой зөрчлийг давтахгүйн тулд халдашгүй, чөлөөтэй байх, шударгаар шүүлгэх эрхийн талаар Үндсэн хуульд тодорхой заасан. Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн өргөн агуулгатай. Өөрөөр хэлбэл, хувийн халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Гэтэл царай таних технологи бүхий камерыг байршуулбал энэ эрхийг зөрчих, халдах өндөр магадлалтай. Тэр камер нь хүн бүрийг таних гэнэ. 

Нийтийн гудамж, талбайгаар явж байгаагаа төрд хянуулахыг иргэд зөвшөөрөөгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийтийн гудамж, талбай дахь хувь хүний орон зайгаа хадгалах нөхцөлийг ухаалаг камер үгүй болгох нь. Хоёрдугаарт, уг камер нь хувийн нууцтай холбоотой маш олон мэдээллийг цуглуулах эрсдэлтэй. Тухайлбал, банкны гүйлгээ, өвчний түүх, хувь хүний хоорондын харилцааны нууц руу халдах нь. Хүн өөрийнхөө зураг, дүрсийг юунд ашиглаж буйг мэдэх эрхтэй. Үндсэн хуулиар хамгаалагдсан туйлын эрх гэж бий. Үүнийг төр хэзээ ч зөрчиж болохгүй. Эдгээр нь үзэл бодолтой байх, итгэл үнэмшил, эрүү шүүлтээс ангид байх эрх юм” хэмээв. Харин Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчвөл иргэн хаана хандах талаар хуульч, судлаач Л.Галбаатар “Зөрчигдсөн эрхийг сэргээлгэх боломжтой. Эрхийг хамгаалах гол механизм нь шүүх. Гэхдээ манай улсын шүүх царай таних камертай холбоотой гомдлыг шийдвэрлэх туршлагатай, эсэх нь эргэлзээтэй. Өгөгдлийг хэн, яаж, ямар журмаар ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй хэрнээ камер суурилуулна гэж ярьж байгаа нь буруу. Киргизистаны жишээг харахад камерыг буруугаар ашигладаг. Бүх нийтийг хянах биш, тухайн гэмт хэргийн хүрээнд тодорхой тохиолдолд хянадаг эрх зүйн зохицуулалттай болсны дараа камер суурилуулах хэрэгтэй” гэв.

Харин гадаад бодлого, геополитик судлаач, доктор П.Мягмардорж “БНХАУ 2030 он хүртэл 9.6 тэрбум доллароор царай таних технологийг хөгжүүлнэ гэж хөтөлбөр гаргасан. Хэрэгжүүлэгч компаниудыг Засгийн газар нь санхүүжүүлж буй. Технологийн хувьд супер гүрэн болоход Хятадын гадаад бодлого чиглэж байна. Үүнд царай таних технологи чухал нөлөөтэй. Манай улс 106.3 тэрбум төгрөгийн төсвөөр царай таних технологийг суурилуулж, ашиглах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Үүнийг Хятадын Засгийн газраас зээл, тусламжаар авах байх. Хэрэв Хятадын зээл, тусламжийг авах болбол эл технологийг хэрэгжүүлэгчээр Монголд өөрийн компанийг ажиллуулахыг хүсэх нь ойлгомжтой. Миний харж буйгаар сүүлийн үед Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ихэнх хөрөнгө оруулалтыг Хятадаас авсан байна. Царай таних технологийг “Айтүүлс” гэх үндэсний компани хэрэгжүүлэх боломжтой. Үндэсний компани үүнийг хэрэгжүүлж байж аюулгүй байдлаа хангаж чадна. Өнөө цагт цэргийн хүч гэхээс илүү их мэдээлэлтэй нь дэлхийд ноёрхох болсон. Тэгэхээр бид иргэдийнхээ хувийн мэдээллийг гадаадын компанид өгөх ёстой юу” хэмээн ярив. Мөн тэрбээр олон улсын харилцааны реалист онолын дагуу Хятад улс энэ эрчээрээ 2050 он хүрвэл Монгол хараат орон нь болох эрсдэл өндөр буйг сануулсан.

Гэмт хэргийг илрүүлэхэд тустай гэх нэрээр иргэдийнхээ хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдахаар зэхэж буй нь харамсалтай. Царай таних технологи бүхий ухаалаг камерыг суурилуулах асуудлыг өмнө нь нийслэлийн Мэдээлэл, технологийн газрынхан хариуцаж байсан бол өдгөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтааж, “анги дэвшүүлжээ”. Дэлхийд царай таних технологийн хөгжлөөр толгой цохиж буй урд хөршөөсөө уг хөрөнгийг “босгоно” гэсэн хардлага мэргэжлийн хүмүүсийн дунд зонхилж байна. Тэд үүнийгээ үндэслэл, нотолгоотой ярьсан. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрынхан камер авах улсаа сонгосон гэдэг ч яг нарийн мэдээллийг ихээхэн нууцалж буй. Технологийг нь хөгжүүлэх үндэсний компани байсаар атал гадаадын мэргэжилтнүүдийг илүүд үзэж буй юм билээ. Ингэж яаран сандран хөдлөхийн оронд хууль, эрх зүйн орчин, хөрөнгөө бүрдүүлж, мэргэжилтнээ сургасны дараа царай таних технологийн талаар ярихад хожимдохгүйг хуульчид хэлэв.

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын мэргэжилтнүүд царай таних технологийг нэвтрүүлбэл хүний эрхийг зөрчсөн үйлдэл болохыг хэлсэн. Тэд энэ чиглэлээр ажилладаг хуульчид болон нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын мэргэжилтнүүдтэй уулзаж, хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх үүднээс зөвлөгөө өгчээ. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрынхан “Улаанбаатар хотод замын ачаалал зохицуулах, хөдөлгөөний зөрчил илрүүлэх зорилгоор RFID системийг нэвтрүүлэх гэж байна. Энэ нь царай таних зориулалтын систем биш” хэмээжээ. Үүнийг баримтжуулж, бичгээр ирүүлэхийг тус газраас шаардаж буй аж. Нүүр царай бол хүний давхцахгүй өгөгдөл. Хэрэв тухайн өгөгдлийг авах, ашиглах, хадгалах бол зөвшөөрөл авах ёстойг ХЭҮК-ынхон хэлж байна.

Одоогийн байдлаар хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуультай 45 улс бий аж. Тухайлбал, АНУ-д энэ талаарх цогц хууль байхгүй ч мэдээлэл хамгаалах тухай заалтуудтай гэнэ. Калифорни мужид Хувь хүний цахим орчин дахь нууцлал хамгаалах тухай хууль бий. Тус улсын Бостон, Окланд хотод царай таних камерыг хоригложээ. Түүнчлэн дэлхийн 12 улсад царай таних камер ашиглахаар баталсан ч хэрэгжүүлээгүй байна. 13 улс уг системийг нэвтрүүлэхээр судалж буй бол Бельги, Люксембург, Мароккод эл системийг нэвтрүүлэхийг хоригложээ. Харин Монгол Улс саваа бэлдээгүй байж, сааль авахаар юунд яарна вэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)