Халамжит төрийн ХАЛУУРАЛ

Засгийн газар бонд гаргаад, Монголбанкнаас 100 тэрбум төгрөг зээлжээ. Энэ мөнгөөр “Сайн малчин” хөтөлбөрөө санхүүжүүлэх юм гэнэ. Эдийн засгийн үр өгөөж талаас нь тайлбарлаж буй ч хөтөлбөрийн цаана улс төрийн зорилго бий. Тэр нь мэдээж сонгуулиар малчдын дэмжлэг авах санаархал.

Эрх барьж буй АН-ынхан гол өрсөлдөгч МАН-д орон нутагт ялагдчихдаг гэмтэй. Тиймээс л малчдад ая тал засаж буй царай нь энэ. Угаасаа сонгууль ойртохоор төрийн халамжлах өвчин сэдэрдэг жамтай л даа.

Бодлогын сонирхол нь Засгийн газрын санаархалтай давхацсан учраас Төвбанкныхан бондыг нь шалавхан худалдаад авчихаж. Хэн хэндээ ашигтай наймаа байсан бололтой. АН-ынхан улс төрийн ашгаа хүртэнэ. Монголбанкныхан ч эдийн засгийн бүтцийг өөрчлөх бодлогоо алхам урагшлуулах гэнэ.

Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын “Хуримтлал, экспортыг дэмжсэн, эдийн засагт баялаг бүтээх зээлийн хүүг бууруулна. Харин хэрэглээг дэмжсэн зээлийг хязгаарлах бодлого баримтална” гэж мэдэгдсэн. Хөтөлбөрийн зээлийг малдаа тарилга, туулгалт хийх, хадлан бэлтгэх трактор худалдаж авах, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчинд олгохоор журамласан.

Тарилга, туулгалтыг цаг тухайд нь хийвэл мал эрүүлжиж, мах, арьс ширийг нь үнэд хүргэн экспортлох боломж нэмэгдэнэ. Трактор худалдаж авбал малчны хөдөлмөрийн бүтээмж өснө. Даатгал төлбөл эрүүл мэндийн үйлчилгээ авах гэх мэтээр нийгмийн бэрхшээл нь шийдэгдэнэ гэж үзжээ.

Нөгөөтэйгүүр Монголбанк эдийн засаг хүндэрч байгаа энэ үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэх туйлын их сонирхолтой байгаа. Уг сонирхолтой нь ч “Сайн малчин” хөтөлбөр яв цав нийцэв. Хөтөлбөрийн зээл авах шалгуурыг хангаж буй, эсэхийг нь хэн тодорхойлох вэ? Засгийн газар энэ талын бэлтгэлийг хангасан уу? Бондын хөрөнгийг хэн ч хамаагүй тараах уу? Энэ бас л хоржоонтой ажил шүү.

Засгийн газрын бондын хүү гурван хувь аж. “Сайн малчин” хөтөлбөрийн зээлийн хүү 10 хувь байна гэж Сангийн сайд мэдэгдээд байгаа. Банкууд хөтөлбөрийн зээлийг долоон хувийн өгөөжтэйгөөр дамжуулан олгох нь. Орон сууцны ипотекийн зээл олгохдоо банкууд дөрвөн хувийн өгөөж хүртдэг.

Харин тэд ипотекийнхээс гурван хувиар илүү өгөөжийг малчдыг дэмжих хөтөлбөрөөс хүртэж буй нь анхаарал татна. Төрийн банк малчдад хөтөлбөрийн бус, өөрийн эх үүсвэрээс олгох зээлийн хүүгээ 18 хувь болгож бууруулснаа . Засгийн газар төрийн өмчит банкаа захиргаадаад хүүг нь бууруулчихлаа гэж хардав.

Гэтэл ХААН банк ч малчдад 18 хувийн хүүтэй зээл олгох бүтээгдэхүүн гаргаж буйгаа дуулгалаа. Засгийн газар “Малчны зээлийн хүүг 30 хувиас бууруулаад 18 болго. Харин “Сайн малчин” хөтөлбөрийн зээлийг олгохдоо ахиухан ашиг олчих” гэж банкуудтай ханцуйн дотроо тохиролцсоноос зайлахгүй.

Малчдад олгосон зээлийн 80 хувь нь ХААН банкинд ногдож байгаа. Малчин бүрт төрийн хайр ивээлийг хүртээж, улс төрийн зорилгоо биелүүлье гэвэл ХААН банкны зээлийн хүүг бууруулахаас өөр замгүй. Зах зээлийн “үл үзэгдэгч гар” үнэ тогтоодог гэдэг. Хүү бол мөнгөний үнэ юм.

Засгийн газар халамжийн, хямд үнэ тогтоож халуурч байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болорт хоёр сарын өмнө “Малчид жилийн 30 хувийн хүүтэй зээл авч, дарамтлуулж байна. Хүүг нь бууруулж, нэг оронтой тоонд хүргэ” гэсэн үүрэг өгснөөс хойш дээрх бүхэн үүдсэнийг энд нэхэн сануулъя.

Халамжит төрийн ээлжит халуурал орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох санаачилга байв. АН-ыг толгойлж буй, УИХ-ын дарга З.Энхболд орон сууцны зээлийн хүүг таван хувь болгож бууруулна гэж зарласнаар олныг хамарсан өргөн хэлэлцүүлэг өрнөв. Орон сууцны зээл авсан иргэд битүүхэндээ дэмжсэн бол эдийн засаг, санхүүгийн салбарынхан өндөр эрсдэлтэй гэж шүүмжилсэн юм.

Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Алтанцэцэг “Эдийн засаг хүнд байхад зээлийн хүүг бууруулбал банкуудаа эрсдэлд унагана. Хүү буурвал бага орлоготой иргэд орон сууцны зээл авах боломж бүрддэг. Бага цалинтай хүн боловсролын түвшин доогуур байдаг.

Тиймээс ажлаас хамгийн түрүүнд халагдах магадлалтай. Ажлаас халагдвал орон сууцны зээлээ төлж чадахгүй” гэж тайлбарлаж байв. АНУ-ын банкууд моргэйжийн зээлийн нөхцөлөө хэт хөнгөлснөөр маш бага орлоготой өрх ч зээлд хамрагдах боломж бүрдсэн байдаг.

Орлого багатай иргэд ипотекийн зээлээ төлж чадахаа больсноор 2008 онд банкуудаа дампууруулж, эцэстээ дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал үүсгэсэн түүхтэй. Товчхондоо эдийн засагчид “Эдийн засаг хүнд байхад моргэйжийн зээлийн нөхцөлийг хөнгөлж болохгүй” гэж хэлж байгаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн дагуу моргэйжийн зээлийн бодлогыг гартаа барихаар болсон Засгийн газар, менежментийг нь хийх Монголбанк хоёр эдийн засаг, санхүү болоод эрсдэлийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр таван хувийн зээлийн хүрээг хумилаа. АН-ын удирдлагуудын “амны халуун” ч дарагдав.

Шинэ суурьшлын бүсэд, гэр хорооллыг дахин төлөвлөсөн газарт, 21 аймагт барьсан орон сууц худалдан авсан болон авах өрхөд л таван хувийн хүүтэй зээл олгохоор шийдсэн. Үндсэндээ орон сууцны зээлийн хүү найман хувь хэвээр үлдсэн гэхэд болно.

Одоогоор гэр хорооллыг дахин төлөвлөсөн газарт 2000, 21 аймгийн төвд 1000 орчим борлогдоогүй орон сууц байгаа аж. Мөн 18 мянган өрхийн зээлийг таван хувь руу шилжүүлэх тооцоо гарчээ. Харин таван хувийн зээл нь цаашдаа зогсонги байгаа гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөр рүү хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах нь гарцаагүй.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-ынхан орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр эхлүүлсэн. АН-ын дарга гол өрсөлдөгчөөсөө давж дуугарахгүй бол том харагдахгүй. Тэгээд л бөх зүрх гарган таван хувь гэж “чарласан” хэрэг.

Зургаан хувийн хүүтэй зээл дэндүү халуурсан хөтөлбөр байсан учраас үргэлжлээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх журамтай энэ хөтөлбөрийг нэг ч банк дэмжээгүй. Төсвөөс хөрөнгө өгөхгүй бол банкууд балрах учраас тэр.

Сангийн сайд Төрийн банкийг л зээл олго гэж шахаж, цаадуул нь цааргалж байж 2000 хүнд зургаан хувийн хүүтэй зээл олгож байв. МАН-ынхан ч сонгуульд ялагдлаа. Ингээд таван жилийн хугацаатай хөтөлбөр таван сар ч наслалгүй зогссон юм.

МАН-ынхан өрх толгойлсон эцэг, эхэд халамжийн мөнгө өгөх хуулийн төсөл санаачлан, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зэхлээ. Халамжит төрийн сонгуулийн оноо цуглуулах халуурал ийн үргэлжилсээр байна.

Т.ЭНХБАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)