Халамжийн сангийн хөрөнгө шамшигдуулсан гэх албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэх нь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган тэргүүтэй хүмүүс холбогдсон, эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх хэргийг цагдаагийнхан 2014 оны арваннэгдүгээр сард илрүүлж, дээрх хоёр хүнийг цагдан хорьсон нь тухайн үед дуулиан тарьж байсан билээ.

Гэвч 2016 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гол зохион байгуулагч, толгойлогч гэж хэлж болох нэр дурдсан хоёр хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хариуцлагаас мултлан, тэдний гаргасан мөнгийг нь завшсан садан төрлийнх нь хүмүүсийг шүүхэд шилжүүлж байсан юм. Харин шүүхээс дахин шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаад Д.Баярсайхан, түүний эхнэр Р.Наранчимэг, дүү Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Ч.Эрдэнэбулган болон хадам эгч Б.Эрдэнэсувд нарт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад өгсөн аж.

Дээрх хүмүүсийг ахмадуудыг сувилалд хэвтүүлсэн гэх мэт баримт бүрдүүлж, өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг байгуулсан ТББ-аар дамжуулан завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа” хэмээн НХҮЕГ болон Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжууд тухайн үед мэдээлэл өгч байсан юм. Тэгэхэд Нийгмийн халамжийн санд учирсан хохирол 4.5 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн эх сурвалжууд хэлж байсан билээ.

НХҮЕГ-аас 70 гаруй төрлийн халамж, тэтгэмжийг орон даяар түгээдэг бөгөөд түүгээр дамжин олон тэрбум төгрөг иргэдэд очдог. Түүнийг нь өөрийн юм шиг зарцуулах, ашиг гэж харах хүмүүс энэ салбарт ажиллаж, Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг хуурамч баримтаар завшсан тохиолдлуудыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлдэг ч тэгсхийгээд замхарч байсан. 

Харин энэ удаа прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байсан НХҮЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарын мөнгө угаасан, завшсан үйлдлийг цагдаагийнхан дахин сайтар шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр болоод буй аж. Энэ хүмүүсийг садан төрлийнхнийхөө байгуулсан “Ивээлт орчлон”, “Сайн үйлс сэтгэлийн дуудлага”, “Локэйшн”, “Асрах гайхамшиг”, “Энэрэхийн шид” гэх төрийн бус байгууллагын нэрээр Сүхбаатар дүүргийн харьяат 981 иргэний нэр дээр хуурамч баримт бүрдүүлсэн, Д.Баярсайхан эхнэр Р.Наранчимэгээр дамжуулан “Маршалын багачууд”, “Стандарт мах”, “Соотон”, “Эрдмийт”, Эй Эн Ди Эм, “Гурван баян гал” компанид хөрөнгө оруулалт хийж мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгасан байна. Улмаар хууль бусаар олсон орлогоо халхавчлах зорилгоор “Ривер гарден” хотхонд орон сууц, хоёр автозогсоол худалдан авсан хэрэгт холбогдуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)