Халамжид туйлсан МОНГОЛ

Нас дээр гарсан нэг эрхэм аймгийнхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынханд хандан, гомдол мэдүүлжээ. Хэт хавтгайрсан халамжийн мөнгөнөөс үүдэн тухайн эрхмийн гэр бүлд айхавтар маргаан дэгдсэн гэнэ. Насаараа ажил хийж, Тамирын мөсийг долоох шахам хөдөлмөрлөж, хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөсөн атал, тэд эрүүл саруул хэрнээ ажил алба эрхлэхгүй, улсаас өгдөг халамж, тэтгэмж хүртэн зүгээр тэрийн хэвтэгсэд болжээ. Тиймээс өвгөн хүүхдүүдээ “Ажил хөдөлмөр хий” хэмээн зэмлэсэн бололтой. Тэгтэл өнөөдүүл нь “Танд хамаагүй, төрийн хайр хишгийг хүртэж байна” хэмээн хээв нэг хариулсан сурагтай. Аргаа барсан өвөө аймгийн төв орж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаж, гомдол шүүмжлэл хоёрыг зэрэгцүүлэн учирласан нь энэ. Өвгөн зүгээр суух дургүй нэгэн тул тэтгэвэрт гарсныхаа дараа мал маллаж эхэлжээ. Хөдөө хөхөрч, гадаа гандаж таван малын захтай болсон тэрбээр хүүхдүүдийнхээ идшийг бэлтгээд өгчихдөг аж. Харин хүүхдүүд нь ажил төрөл эрхлэхгүй хэрнээ төв суурин газар бараадах сонирхолтой. Тухайлбал, дунд хүүнь эхнэр гурван хүүхэдтэй. Орон нутагт мэргэжилд нь тохирсон ажил олдоогүй тул ажилгүй, бүр ядуусын эгнээнд автоматаар шилжжээ.

Ингээд улсаас өгсөн хүнсний тасалбараар гэр бүлийнхээ өнөө маргаашийг аргацаадаг болсон гэх. Үүнд өвөө ихэд эгдүүцэж, “Хөдөлмөрийн насныханд хүнсний эрхийн бичиг өгч буй нь төр иргэнээ хорлосон хэрэг” хэмээн бухимджээ.

Манай улсын халамжийн бодлого хавтгайрсныг өвөө онож шүүмжилсэн нь энэ. Ер нь халамж хавтгайрсан талаар хаа сайгүй ярьдаг. Дотооддоо “Хавтгайрсан халамж иргэдийн амьжиргаанд сайнаар гэхээсээ илүү саараар нөлөөлж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгаа нь илэрхий” гэлцдэг. Гадаадын зөвлөхүүд ч “Уул уурхайгаас орж ирсэн ашгаа бүтээн байгуулалтад бус, халамжид зарцууллаа” хэмээн сануулсаар ирсэн билээ.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийг урамшуулах, Нийгмийн халамжийн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Ахмад настны, Алдар цолтой ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгох, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гээд халамжийн цөөнгүй хуультай. Эдгээр хууль хэрэгжсэнээр “Хүүхдийн мөнгө”, “Цалинтай ээж”, “Насны хишиг” хөтөлбөр, хүнсний эрхийн бичиг, асаргааны, онцгой тохиолдлын, Алдарт эх, одонтой ээжийн, алдар цолтой ахмад настны, жирэмсэн ээжийн тэтгэмж зэрэгт асар их мөнгө зарцуулдаг. Бүр тодруулбал, энэ жил нийгмийн халамжид 700 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жил 600 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх. Энэ нь ДНБ-ий 2.1 хувиас давсан үзүүлэлт бөгөөд хөгжиж буй орнуудынхтай харьцуулбал харьцангуй их хөрөнгө халамжид зарцуулдгаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг бахархах дуртай.

Өнгөрсөн жил “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрт 209 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжид 11, тэжээгчээ алд саны тэтгэмжид 27, хүнсний эрхийн бичигт 42 тэрбум төгрөг олгосон юм билээ. Голлох хэдэн халамжийг дурдахад зарцуулсан мөнгөний тоо 300 тэрбум төгрөг хүрэхгүй байна. Үлдсэнийг нь Алдарт эх, одонтой ээж, алдар цолтой ахмад настан, жирэмсний тэтгэмж зэрэг урамшуулал, хөтөлбөрт зарцуулдаг бололтой. Ахмадууд амралтад явахдаа хөнгөлөлт эдэлдгийг эс тооцвол ихэнх халамжийг банкаар дамжуулан бэлэн мөнгө хэлбэрээр тараадаг.

Монгол Улсын нийгмийн халамжийн үйлчилгээг жилд 800 000 хүн хүртдэг. Бараг таван хүн тутмын нэг нь халамж хүртэж байна гэсэн үг. Энэ нь хүн амын нийт тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Халамж хүртэгсдийн дотор дээрх өвөөгийн хүүхдүүд шиг хөдөлмөрийн насныхан олон бий гэсэн. Жишээ нь, 250 000 иргэнд хүнсний эрхийн бичиг очдог. Тэдгээрийн 90 000 нь ажил хөдөлмөр эрхлэх насны эрүүл хүмүүс. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 онд өрхийн амьжиргааны түвшинг үнэлэх босго оноог доошлуулж, хүнсний эрхийн бичиг авагчдын тоог 20 хувиар нэмж, олгох хүнсний мөнгөн дүнг хоёр дахин өсгөжээ. Энэ нь залуусыг ажил хөдөлмөр эрхлэхгүй, бэлэнчлэн сэтгэлгээтэй болгоход улам ташуур өгсөн хэрэг хэмээн шүүмжлэх цөөнгүй хүнтэй таарсан.

Хэд хэдэн шалгууртайгаар эл эрхийн бичгийг олгодог. Хүнсний эрхийн бичиг авахаар хүсэлт гаргагч нь зургаан сарын дотор аль нэг хөдөлмөрийн биржид бүртгүүлж, ажил мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай. Дараагийн зургаан сард мэргэжил эзэмших сургалтад хамрагдаж, нийтийг хамарсан сайн дурын ажилд оролцоно. Гуравдугаар зургаан сард хөдөлмөрт бэлтгэх сургалтад (ХНХЯ-наас мэргэжилтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад зориулж 40 гаруй тэрбум төгрөг зарлагадсан) хамрагдах шалгууртай. Сүүлийн зургаан сард нь тогтмол ажилтай болсон байх ёстой. Гэхдээ манай 90 000 “тэжээвэр”-үүдээс хэн нь ч ажилд ор сон удаагүй. Ажил хайх оролдлого хийсэн гэх тайлбар хэлдэг гэнэ. Тэр ч бүү хэл, зарим нь зарга мэдүүлж, “Төрөөс өгч байгаа халамжийг шууд өгөлгүй хяхаж хавчлаа” гэж гомдол гаргадаг аж. Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээ 2013 оноос хэрэгжиж эхэлсэн юм.

Тэгсэн хэрнээ тэжээгчээ алдсаны мөнгийг олгохдоо энэ оноос тодорхой шалгуур тавьдаг болжээ. Хамтран амьдрагч нь нас барсан тохиолдол бүрт мөнгө олгохгүй. Иймээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохыг нэг хэсэг зогсоосон. Гэтэл зарим ээж гомдол гаргасан байна. Үүний дагуу “Тэжээн тэтгэх үүрэгтэй байсан”, “Нас барсан иргэн тухайн хүүхдийн эцэг мөн” гэх шүүхийн шийдвэртэй ээжүүдэд мөнгийг нь нөхөн олгож эхэлжээ.

Үүнээс гадна Баян-Өлгий аймагт халамжийн үйлчилгээ хавтгайрсныг амтай болгон шүүмжилж буй. Тухайлбал, тус аймагт айлын эзэгтэй олон хүүхэд гаргах бичигдээгүй хууль үйлчилдэг. Тухайн өрх хүүхэд бүрийнхээ тоогоор “Хүүхдийн мөнгө” авахаас гадна бусад тэтгэмж нэмж хүртдэг. Тодруулбал, нас барах дөхсөн аав ээждээ хүүхдээ өргүүлэх нь цөөнгүй гэнэ. Улмаар ахмадуудаа тэнгэрт дэвшсэний дараа ээж аавтай хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг аж. Ийнхүү үр хүүхдийнхээ бүтэн заяаг хагаслаж, улсын бүртгэлд тэмдэглүүлдгээ нутгийн зарим иргэн тоодоггүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн удирдлагад хандаж, нас дээр гарсан, өөрийгөө асарч чадахгүй иргэнд хүүхэд үрчлүүлэхгүй байхыг удаа дараа зөвлөсөн ч дээрх тохиолдол давтагдсаар байгаа гэдгийг эх сурвалж онцолсон. Өмнө нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлага эрүүгийн хариуцлагад татагдаж байв. Гэсэн ч нас барах дөхсөн аав ээждээ хүүхдээ үрчлүүлж, хэсэг хугацааны дараа халамжаас мөнгө авах тохиолдол гарсаар буй гэнэ.

Нийгмийн халамжийн хэт хавтгайрсан бодлого Монголд энэ мэт буруу жишгээр хэрэгжиж байна. Уг нь халамжийн аливаа төсөл, хөтөлбөр хүнд ээлтэй, улс оронд үр ашигтай байх ёстой. Гэтэл манай улстөрчид үүнийг үл харгалзан, ашиг хонжоо харж, өөрт ашигтай өнцгөөр халамжийг хавтгайруулсаар. Хавтгайрсан халамж ядуурлыг бууруулах нь битгий хэл, хөдөлмөрийн насныхныг улам залхуу, илүү хойрго, бэлэнчлэх сэтгэлгээнд сургадаг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. Сонгуулийн жил хаяанд ирсэн өнөө үед иргэддээ ядуу байх сэдэл өгсөн халамж улам хавтгайрна даа гэх бодол эрхгүй төрнө. Өнөөдөр манай улсад 70 гаруй төрлийн ха ламжийн үйлчилгээ үзүүлж буй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)