Халаалт доголдуулж хашраадгаа боль

ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: Дулааны хангамж

Дулаан явбал мянган лан гэдэг. Өвлийн хахир хүйтэн, хаврын хавсарганаар дулаан хувцасла, эс бөгөөс ханиад, хатгалгаанаас эхлээд өчнөөн өвчин “дуудах” нигууртай. Хүйтний ам наашилж буй энэ цаг үед нийслэлчүүд өнөтэй дулаан, тухтай өвөлжихөөр бэлтгэлээ базааж эхэлсэн. Байр, сууцад амьдардаг нь цонх, хаалганыхаа битүүмжид анхаарч, гэр хорооллынхон хана, туургаа зузаалж, хаяа, хатавчаа манаж байна. Жил бүрийн есдүгээр сарын 15-нд нийтийн орон сууцуудад дулаан түгээдэг учраас цахилгаан станцуудын бэлтгэл ажил ч жигдэрч байгааг албаныхан мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжид холбогдох барилга, байгууламж эрчимтэй нэмэгдэж буйн хэрээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ачаалал өсөж байгааг ч тэд онцлов. “Амгалан дулааны станц” ХХК, “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ХК-иудад боловсруулсан дулааны эрчим хүчийг тус газрынхан нийслэлийн 2782 аж ахуйн нэгж, 11 700 гаруй барилга, обьектод түгээж байна. Хэдийгээр ингэж эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч халаалттай холбоотой “Гэр орондоо бээрч, даарч байна” гэсэн гомдол жил бүр тасардаггүй зовлонтой.

Иргэд “Энэ жил байрны халаалт бүү доголдоосой” хэмээн залбирдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нийтийн орон сууцын барилга байгууламжийн халаагуур яагаад бүлбэгэр байдаг, дулааны хангамж юунаас болж, хаанаа доголддогийн учрыг олж, эл асуултад цэг тавьчих албаны эх сурвалж алга. Дулаан үйлдвэрлэгч болон түгээгч талууд станцуудаас гарах усны халуун 87 градустай буюу хэвийн гэдэг. Үүнд эргэлзэх нь илүүц биз. Харин орон сууцын зарим контор түгээж буй халаалтын хэмжээг бууруулдаг “но”-той байх магадлалтайг албаныхан ч үгүйсгэдэггүй. Иргэд гэр орондоо даарч, бээрч байгаагаа харьяа конторынхонд хэлээд ч нэмэргүй учраас “Диспетчерийн үндэсний төв”-д хандаад тусыг эс олж, эцэст нь Эрчим хүчний зохицуулах хорооныхонд хов хүргэдэг. Гэвч тэр газрынхан нь “Та бүхэн бичгээр гомдлоо гарга” гэхээс илүү “хөдөлгөөн” хийдэг, эсэхэд эргэлздэгээ нуухгүй. Уг нь ажлаа доголдуулсан, иргэдийг дааруулж хашраасан контор, байгууллагаа “базах” толгой газар нь тэр гэж ойлгодог. Орон сууцад амьдардаг иргэд халаалтын төлбөрөө төлж барагдуулах үүрэгтэй. Харамсалтай нь, халаалт авсныхаа төлбөрийг унжсан зарим нэгнээс болж цаг тухайд нь төлж ирсэн хэрэглэгч хохирох явдал намар халаалт түгээхтэй зэрэгцэн босдог нь манай улсад хэвийн үзэгдэл болжээ. Мөнгөө төлсөн иргэдийн эрхийг хохироож, есдүгээр сарын 15-нд халаалтыг нь өгөхгүй хашраадаг конторуудад авах арга хэмжээ байдаг, эсэх талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэргэжилтнээс тодруулахад “Яг энэ асуудлаар ЭХЗХ-нд удахгүй хуралдаж, гаргалгаа, шийдэлд хүрнэ” гэсэн ч яаж гэдгийг тодорхой хэлсэнгүй. Түүнийхээр бол иргэдийг хохироож байгаа конторууд “эвий” бололтой юм.

Энэ мэтээр хэдэн албан газрынхны дунд “бөмбөрч” байгаа иргэдийн хохирлын тухай асуудал шийдэгдтэлээ удах янзтай. Уг нь дүрэм, журамд зааснаар бол, улсаас түгээж байгаа халаалт, дулаан, усны хангамжийг төлбөр, мөнгөнөөс болж таслах эрх ямар ч байгууллагад байхгүй. Ялангуяа төрийн үйлчилгээг түгээх үйлчилгээг зуучилдаг конторуудад. Гэтэл иргэдийн санал, гомдол байтугай Эрчим хүчний зохицуулах хороо хүртэлх шат шатны байгууллагуудын шаардлагыг биелүүлдэггүй “том толгойтой” контор нийслэлд цөөнгүй. Тэдгээрийн нэг нь “Тэргүүн чансаа” бөгөөд өнгөрсөн жил мөн л халаалт түгээх эхний сарыг тэд дур мэдэн алгасаад аравдугаар сарын 1-нд Хан-Уул дүүргийн зарим хотхоны “паарыг” бүлээцүүлсэн. Ийм явдал давтагдах вий гэж оршин суугчид нь айж суугааг эрх бүхий байгууллагуудад нь энэ ташрамд уламжилъя.

Дулаан явбал мянган лан гэдэг. Дулаахан явах, эсэх нь хувь хүний асуудал. Гэвч өөрөөс бус, өрөөлөөс болж гэр орон, албан тасалгаа, сургууль, цэцэрлэгтээ даарч, чичирдэг энэ мэт явдал нийслэлчүүдэд тохиолдсоор.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ

ИНФОГРАФИК

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Зайсангийн дулааны шугам өргөтгөх ажлуудыг зургийн дагуу хийгээгүй

Нийслэлчүүдийг тав тухтай өвөлжүүлэх бэлтгэл ажил 93 хувьтай байгааг албаны хүн мэдээлэв. Гэхдээ төв магистралаас салбарласан шугамуудын засвар, үйлчилгээг орон сууцын конторууд хариуцдаг. Тухайн байгууллагууд ажлаа дуусгаагүйгээс ухсан нүх, овоолсон шороо бүхий ундуй сундуй байдал, шугам, хоолой ил задгай хөглөрсөн дүр төрхийг хотын хаанаас ч харж болохоор байна. Жишээ нь, Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн, “Бөмбөгөр” худалдааны төв, Яармагийн зарим хэсэг, Амгалан, Зайсан орчимд дулааны шугам шинээр тавих, солих ажил дуусаагүй. Орон сууцуудын халаалт өгөх цаг хаяанд тулчихсан үед зарим газрын ажил зуун задгай байгаад иргэд бухимдаж сууна. Жилийн жилд Зайсангийн орон сууцын хорооллын халаалт доголдож, маргаан дагуулдаг. Тиймээс тус газрыг зорилоо. Жишээ нь, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Ус, дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож байв. Зайсангийн өөр хэсэгт ч ийм маргаан тасардаггүй. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Зайсанд орон сууц барьсан аж ахуйн нэгжүүд техникээ зураг, төслийн дагуу суурилуулаагүй нь асуудал дагуулдаг. Өмнөх жилүүдэд ч ийм асуудал гарч байсан. Энэ жил бас л давтагдлаа. “Тоног төхөөрөмжөө зургийн дагуу угсар” гэсэн шаардлага жил бүр тавьдаг. Гэтэл дулааны төвлөрсөн шугамд холбох ажил маргаан дагуулсан хэвээр. Ер нь халаалтын улирал хаяанд ирэхэд маргаж эхэлдэг. Зайсан орчмын дээд, доод бүсийн шугам сүлжээний ажлыг зураг төслийн дагуу хийсний дараа л маргаан дуусна. Үүнийг Зайсан дахь мэргэжлийн аж ахуйн нэгж, орон сууцын контор, “Зайсан дэд бүтэц холбоо”-ныхонд хэлж, анхааруулсан. Зайсанд дулааны шугамтай холбоотой шүүхийн маргаантай асуудлууд ч бий” гэсэн юм. “Зайсан дэд бүтэц холбоо”-ны тэргүүн Б.Лхагвасүрэн “Зайсанд дулааны өргөтгөл хийхдээ иргэн О.Одгэрэл болон “Импекс капитал” компанийнхантай тохиролцох ёстой гэсэн Улсын дээд шүүхийн захирамж гарсан юм. Тиймээс бид шинэ барьсан орон сууцуудыг дулааны шугамд холбохын тулд О.Одгэрэл, “Импекс капитал”-ынхнаас гадна “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөлтэй гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн захирамжтай нийцүүлсэн. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ”-нийхэн О.Одсүрэнгийн хамаатан, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд үйлчлээд байгаа юм уу, дулааны шугамд холбох ажилд саад учруулж байна. Маргаан гаргаад байгаа хүн нь О.Одгэрэл биш, үнэндээ Л.Гүндалай” хэмээсэн. Зайсангийн зүүн хэсэгт дэд бүтэц хөгжүүлээгүй, дулааны шугамгүй үед Л.Гүндалайгийн эгчийн хүүхэд болох О.Одгэрэлийн газар, техникийн нөхцөлд үндэслэн, “Импекс капитал” компанийн захирал н.Батхүү Ус, дулаан дамжуулах төв барьж, шугам тавих гэрээ байгуулжээ. Шугам тавих гэсээр байтал техникийн нөхцөлийн хугацаа дууссан гэх. Улмаар “Импекс капитал”-ийнхан өөрсдөө техникийн нөхцөлөө дахин авч, О.Одгэрэлийн газар дээр Ус, дулаан дамжуулах төв барьж, шугам тавихдаа 1.3 тэрбум төгрөг зарцуулсан аж. Гэтэл Ус, дулаан дамжуулах төв барьж, шугам тавьсан газар нь О.Одгэрэлийнх нь биш “Жи моторс” компанийнх болж таарсан аж. Улмаар маргаан гарч, талууд тус тусдаа шүүхэд ханджээ. О.Одгэрэлийн гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хангаж, дээрх захирамжийг гаргасан юм байна. 

Өөрөөр хэлбэл, сохор зоос ч зарцуулаагүй хэрнээ гэрээнд заасны дагуу дээрх төвийн 50 хувийг О.Одгэрэл (ачир дээрээ Л.Гүндалай) эзэмших болжээ. Улмаар орон сууц барьж, дулаанд холбох хүсэлт гаргасан компанийн эздээс Л.Гүндалай тэрбум гаруй төгрөг авсан гэдгийг иргэд хэлсэн. Шүүхийн маргаантай газруудаас гадна Зайсангийн өөр хотхонуудад ч дулаан доголддог. Зайсан дахь нэгэн дэлгүүрийн менежертэй уулзаж өвөлдөө хэр дулаан байдгийг сонирхлоо. Менежер Б “Дэлгүүрийн заал өвөл бүхэлдээ маш хүйтэн байдаг. Жавар хургаад хөргүүр ажиллуулах шаардлагагүй шахам болдог. Дулааны мөнгөө цагтаа өгчихөөд байхад энэ асуудлаа шийдэхгүй, гурван жил боллоо. СӨХ, орон сууцын контор гээд хандаж болох бүх байгууллагад албан бичиг өгсөн. Энэ жил яах бол гэсэн айдастай байна” гэсэн юм. Тэндхийн иргэдээс халаалтын талаар лавлалаа. Ер нь л орон сууцуудын халаалт тааруу, өвөл зутардаг гэх адил агуулгатай хариулт өгсөн. Зайсан дахь 17 хотхоны 1000 гаруй хэрэглэгчийг хариуцдаг “Эрчим скай старс” орон сууцын конторт очлоо. Тус компанийнхан 2019 оны дөрөв, 2020 оны нэгдүгээр улирлын гомдол, дуудлагын шалтгааныг судалжээ. Улмаар дулааны алдагдлыг бууруулахын тулд орон сууцуудын ялтсан бойлууруудыг цэвэрлэж, зарим шугамыг шинэчилсэн байна. Гэхдээ айлууд дулааны мөнгөө өгөөгүйгээс 150 сая төгрөгийн авлага хуримтлагджээ. 17 хотхоны оршин суугчдын дийлэнх нь 80-аас дээш ам метр талбай бүхий байртай. Өөрөөр хэлбэл, 300-400 ам метр талбайтай орон сууцтай, амьжиргааны түвшин дээгүүр, боломжтой айлууд хэрнээ дулааны мөнгөө өгөлгүй 2-3 сая төгрөг болтол өр үүсгэсэн нь цөөнгүй гэнэ. Нийслэлийн нэгээхэн хэсгийн орон сууцуудын дулаан хангамжийн асуудлыг сурвалжлахад ийм дүр төрхтэй байлаа.

Бэлтгэсэн: Д.Тэлмэн 

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Өвөлдөө танай дулааны хангамж ямар байдаг вэ. Дулаан доголдох асуудал гардаг уу?

Б.БАТТӨМӨР (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)

-Би 40 мянгатын 40 дүгээр байранд оршин суудаг. Өвөлдөө дулаан хангамж их муу. Олон жил болсон байр болохоор паар сайн халдаггүй. Цахилгаан халаагуур нэмэлтээр ашигладаг. Нэг сард дулаан, ус, цахилгаан нийлээд 150 орчим мянган төгрөг зарцуулдаг. Дулаан хангамжийн доголдол үүссэн ч төлбөр адилхан. Орон сууцын конторын ажилтнууд чадвар муутай, засвараа гүйцэд хийж чаддаггүй. Паар хагарч солих шаардлагатай болбол хувь хүмүүст мөнгө төлж хийлгэдэг.

Э.ЭНХЦЭЦЭГ (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)

-Би Чингэлтэй дүүргийн III хороонд оршин суудаг. Манайх өвөлдөө их хүйтэн. Боломжтой айлууд нь гаднах ханаа дулаалж, боломжгүй нь хуучнаараа байгаа. Өвөлдөө цан цохиж, аргагүй эрхэнд энэ жил 5-6 сая төгрөгөөр дулаалга хийж байна. Орон сууцынхаа конторт бодит байдлыг хэлэхэд тоодоггүй. Цонхны тавцан л гэхэд 2-3 метр хөндий. Сууц өмчлөгчдийн холбоо шалгалт оруулах хэрэгтэй. Сар бүр ямар ч шалтгаангүй нэмэлтээр айл бүрээс 10 000 төгрөг авдаг.

Д.БААЛИА (Чингэлтэй дүүргийн иргэн)

-Манай байрыг 1962 онд барьсан. Хуучны байр болохоор өвөл маш хүйтэн. Гараа угаахдаа ч даардаг. СӨХ-ндоо хандахаар хуучин байр учраас паар угааж болохгүй гэдэг. Паараа барьж үзэхээр дээд хэсгээрээ дулаахан, доод талдаа хүйтэн. Өвөл паар хүйтэн байх ямар олиг байх вэ. Сүүлийн тав, зургаан жил холбогдох газарт нь хэлж байна. Хий аваад паараа угаалгах хэрэгтэй гэж хариу өгдөг. Мөнгөтэй айлууд паараа сольж, нэмэлт цахилгаан халаагуур ашигладаг. Амьжиргаа муутай хүмүүс чадахгүй юм байна шүү дээ.

Б.НЯМЖАРГАЛ (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)

-Дулаан, ус хоёр бол үнэхээр авах юмгүй байна. Манайх 20.00 цагаас хойш халуун усгүй болчихдог. Хэдэн жил дараалан гомдол гаргасан. Орон сууцын инженер “Усаа 30 минут тасралтгүй гоожуул, халуун ус гарна” гэдэг. Паар муу халсаны улмаас цонхны гадна тал битүү цантаж, мөстчихнө. Гэртээ зузаан оймс, эсгий углааш өмсдөг. Цахилгаан халаагуур тавихаас өөр аргагүй. Ганц манайх гэлтгүй ойр хавийн байрууд бүгд хүйтэн. Зарим нь хөөсөнцөр дулаалга хийж байгаа. Орон сууц хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандахаар 300-400 мянган төгрөгөөр паараа соль гэж хэлдэг.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяртай 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн базааж байгаа талаар ярилцлаа.

-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг дулаанаар хангах бэлтгэлээ базааж дуусав уу. Засвар хэдэн хувьтай байна вэ?

-“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны засварын графикт ажлыг хуваарийн дагуу хийлээ. Гүйцэтгэл 93 хувьтай байна. Эрчим хүчний яам болон нийслэлийн удирдлагаар батлуулсан төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 17-нд дулаан хангамжийн засвар хийж, өвөлжилтийн бэлтгэлээ базаалаа. Энэ зун 14 хэсэгт шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажил хийсэн. Төв магистралын 380 км шугамаа нэгбүрчлэн шахаж шалгалаа. Мөн салбар хэсэг буюу хэрэглэгчид рүү салсан 2800 гаруй км шугамын хэвийн байдлыг хангасан. Хэрэглэгчийн шугамыг орон сууцын конторууд хариуцдаг. Зарим конторын шугам засвар дуусаагүй учраас бэлтгэл ажил 93 хувьтай байгаа юм. Аж ахуйн нэгжүүд засвараа аравдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах ёстой.

-Дулааны зарим шугам эдэлгээ даахааргүй болсон гэх юм. Тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Олон жил болсон, насжилт өндөртэй шугамууд бий. Эдгээр шугамыг шинэчлэхэд ихээхэн зардал шаардлагатай. Эхнээс нь чадахаараа шинэчилж, засаж сэлбэж байна. Үүнээс гадна дулаалгын чанарыг сайжруулах, алдалдал бууруулах цөөнгүй ажил хийсэн. Жилийн жилд засвараа чанартай хийхийг хичээдэг. Энэ жил ч дулаан, ус дамжуулах, шугамд гарах темпаратурын алдагдлыг багасгахад анхаарч ажиллалаа. Үүний хүчинд шугамын (дулааны) алдагдал таван хувиар буурсан. III, IV хорооллын замын голын тусгаарлах зурваст инженерийн олон байгууламж бий. Өмнөх жилүүдэд цахилгааны болон кабель, цэвэр усны хоолойг зассан. Энэ жил л дулааны шугамд “гар хүрлээ”. 1982 оноос хойш дулааны шугамд засвар хийгээгүй байсан юм. Төв магистралын 30 хувь нь 35-аас дээш жил ашигласан шугам. Үлдсэн нь 10-15, 5-10 жилийн настай. 1-5 жилийн настай шугам бага хувийг эзэлдэг.

-Хүйтний эрч чангарсан үед шугам задарлаа гэх мэдээлэл гардаг. Энэ нь танайхтай холбоотой юу, дулааныг иргэд, аж ахуйн нэгжид дамжуулж буй конторуудын асуудал уу?

-“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гэмтэл саатал гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийслэлд орон сууцын 60 гаруй контор бий. Тэдгээр контор, дулааны мэргэжлийн байгууллагууд салбар шугамын засвар үйлчилгээг хариуцах ёстой. Орон сууцын бүх контортой халаалтын улирлын гэрээ хийдэг. Энэ жил гэрээгээ шинэчлэн байгуулж байна. Конторууд өөрийн эзэмшлийн шугам, тоноглолын найдвартай байдлыг хангах, тухайн хэрэглэгчдийн дулаан хангамжийн хэвийн ажиллагааг бүрдүүлэх ёстой. Манайхаас төв шугам, эх үүсвэрийн талаас гэмтэл гаргахгүйг хичээж байна.

-Орон сууцад амьдардаг зарим өрх мөнгөө төлсөн хэрнээ даарсаар өвлийг бардаг. Үүнд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Дулаантай холбоотой аливаа гомдол мэдээллээ 7004-7005 дугаарын утсанд мэдээлээрэй. Манай инженерүүд асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авна. Жил бүр өвлийн дулааны горимыг тооцож гаргадаг. Өвлийн оргил ачааллын үед дулааныг 124 градус байхаар тооцсон. Орон сууцын конторууд ажиллах горимоо гарган батлуулдаг. Ганц нэг аж ахуйн нэгж гадна агаараас хамааралтайгаар хэрэглээгээ бууруулах, сүлжээний зарцуулалтыг багасгаж батлагдсан температураас доогуур халааж, тодорхой хэмнэлт гаргах үүднээс ажилладаг байж болзошгүй. Энэ тохиолдолд 7004-7005 дугаарын утсанд мэдээлэх хэрэгтэй. Гэхдээ дулааны сүлжээний 90 хувьд иж бүрэн автомат төхөөрөмж суурилуулсан. Гадна агаараас хамааралтайгаар хүйтэрсэн үед уг төхөөрөмж халаалтаа автоматаар нэмж тохируулдаг гэсэн үг. Дулаахан үед сул энерги зарцуулахгүй үйлдвэрийн дулаанаа хэмнэдэг технологи юм.

-Энэ жил хэчнээн уурын зуухыг төвийн шугамд холбох вэ?

-Агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн жил КТМС, “Их засаг” их сургууль орчимд 28 уурын зуухаар халаадаг байсан 77 барилгыг төвлөрсөн шугам сүлжээнд холболоо. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх “Хилчин” хотхоныг дулаанаар хангасан. Маахуур толгойн уурын 32 зуух төвлөрсөн шугамаас халаат авч буй. Өнгөрсөн хугацаанд 303 уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбож, 434 барилгыг халаадаг болсон. Томоохон уурын зуухуудын судалгаа хийж байна. Энэ жил төмөр замын II анги буюу Амгалангийн татах ангийг төвлөрсөн шугамд холбоно. Нийт 20 уурын зуухыг төвлөрсөн шугамд холбохоор ажиллаж байна. Мөн жилдээ 130-150 Гкал цагийн ачаалал бүхий 300-400 барилга, байгууламжийг дулаанаар хангадаг.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал 

ДЭЛХИЙН ЖИШИГ

Төвлөрлийг сааруулбал үнэтэй системээс татгалзаж болно

Уур амьсгалын онцлог, эрчим хүчний үүсгүүрийн хүртээмж, газар зүйн байрлалаасаа шалтгаалаад улс орнууд орон байрны халаалтаа нүүрс, эсвэл биологийн өөр түлш, дэлхийн гадаргуугийн эрчим хүч ашиглах замаар шийддэг. Умард мөсөн далайд ойр Финландын иргэд хий, эсвэл цахилгаан эрчим хүчээр орон байраа халаадаг. Аль аль нь нэлээд өндөр өртөгтэй. Мөн гүний дулааныг (Geothermal energy) ашигладаг. Үүнийг шахахад ашигладаг төхөөрөмж нь хямд биш ч цахилгаан хэмнэх боломж олгодог гэнэ. Гэхдээ ийм дулааныг жижиг аж ахуйн нэгжүүд ихэвчлэн хэрэглэдэг байна. Ийм аргыг Исланд улс орон сууцын халаалтын 90 хувьд хэрэглэдэг. Тус улсад галт уулын идэвхтэй бүс олон учир газрын гүний дулаан эрчим хүчний хямд үүсгүүр болдог, Европын халаалтын дунджаас эрс бага өртөгтэй аж. Ийм дулаанаар өвөл нь явган хүний зам, жижиг усан сангийн усыг ч халаадаг. Хүн амын үлдсэн 10 хувь нь төвлөрсөн бус, янз бүрийн систем, тухайлбал, бойлероос орон сууцын дулаанаа авдаг байна.

Норвегт цахилгаан эрчим хүч харьцангуй хямд учир дулааны хэрэглээний 70 хувийг хангадаг. Төвлөрсөн дулааныг тус улс даяарх ахуйн гурав, нийслэл Ослогийн 10 орчим хувь нь хэрэглэдэг. Тусгай үйлдвэрүүдэд хог хаягдал шатааж, ялгарсан дулааныг нь төвлөрсөн системдээ ашигладаг байна. Уур амьсгал нь манайхтай ойролцоо ч хүн амын төвлөрөл бага учир Канадад дулаанаа төвлөрсөн бус аргаар шийджээ. Энд халуун агаар үлээгч болон хийн бойлер ашигладаг. Халуун агаар үлээгч нь зун сэрүүцүүлэгч болдог. АНУ-д мөн ийм арга хэрэглэдэг бөгөөд энэ нь төвлөрсөн дулааны үнэтэй системээс татгалзаж, өрх бүр хэрэглээгээ тооцох ач холбогдолтой.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)