ХАЙР ДУРЛАЛЫН ЗЭЭЛ буюу “Замдаа мэнд яваарай” эрх баригчид аа

Хайр дурлалын улирал дууслаа. Овоо ч олон хүн бие биедээ сэтгэл алдраа биз. Хэд нь амьдрал, хэд нь үзэн ядалт, өс хонзон болж дуусахыг хэрийн сайн үзмэрч ч гадарлахгүй. Орчлонгийн үнэн энэ. Орчлон гэснээс дэлхийн хайрын улирал дуусаж байгаа шүү. Өөр гарагт амьдрал байгаад тэнд хайр яадгийг мэдэх биш. Манай Монголд бас нэгэн хайр дурлалын үнэн байна аа. Гэхдээ цаад өнгө нь хуурамч. Дүр эсгэсэн, дотно сэтгэлгүй, хөндий хоосон. За, худлаа л гэсэн үг дээ. Тэр нь улстөрчдийн хайр. Орчлон дөрвөн улиралтай. Хавар нь хайрын улирал. Улс төрийн сонгууль дөрвөн жилийн тойрогтой. Хамгийн сүүлийн жил нь манай улстөрчдийн хувьд хайрын улирал юм.

Дараа жил УИХ-ын ээлжит сонгууль болно. Улстөрчдийн хайрын улирал саяхнаас эхлэв. Тэд хайрын улиралд ард түмэндээ хачин ихээр дурладаг. Эгэл борчуудад зориулж дуулна, бүжиглэнэ, заримдаа үнэн сэтгэлээ харуулах гэж хүчлэн байж асган цутган уйлна гээч. Улстөрчдийн энэ жилийн хайрын улирал “Итгэлийн зээл”-ээр эхлэв. Дурлалдаа шатаж, дуулж, бүжиглэхээр дуншиж буй тэд шатахуун, махны үнэ, ам.долларын ханшид дарлуулж, түгжрэл, төрийн үйлчилгээний дараалалд нозоорч, сүрьеэ, тэмбүүгээр хуугаараа өвчилж, томуугийн элдэв төрлийн вирусээ намжааж чадахгүй туйлдаж буй ард түмэндээ итгэж зээл өгөх юм гэнэ. Эрх баригч МАН-ынхан Итгэлийн зээлийн тухай хуулийн төсөл ч боловсруулаадхав. Түүнийгээ хэлэлцэнэ гэж дуу нэгтэй “эморцгоов”. Зовлонг нь зээлээр нимгэлж, ардынхаа зовлогыг амраах юмсанж. Ай хөөрхий, ард түмний алжаал тайлагдах болов уу.

Иргэддээ үнэн хайртайгаа харуулж, 20 сая төгрөг хүртэлх зээл олгох юм байх. Итгэл даах иргэн нь чамгүй шалгуур хангах учиртай гэнэ ээ. Хугацаа хэтэрсэн зээлгүй, хэн нэгэнд зээлийн батлан даалт гаргаагүй, сүүлийн нэг жилд өрхийн бичил болон ямар нэг бизнес эрхэлсэн насанд хүрсэн иргэндээ итгэж зээл олгоно. Тэднээс барьцаа шаардахгүй. Барьцаагүй зээл балгаа тарина даа, тарина. Барьцаа бол зээлийн эрсдэлийг хаадаг хамгийн чухал зүйл гэдгийг захын жулдрай хэлнэ. Зээл аваад “зэсрэх” нь хэд бол, мэдэхгүй. Татварын мөнгөнөөс зээл олгох юм чинь үрэн таран хийсэн ч яадаг юм гэж улстөрчид бодож байгаа. Өөрийнх нь хэтэвчнээс гараагүй болохоор тоох ч үгүй. Тэдний хайрын ард яггүй хоржоон, хохирол бий. Бас жижиг, дунд үйлдвэрлэгчдэд “Итгэлийн зээл” өгөх гэнэ. Хайр дурлалын хамрах хүрээ ч өргөн бололтой.

Хачирхалтай нь тэдний итгэх иргэдийн тоо их цөөхөн. Нэг жилийн хугацаанд бизнес хийсэн гэсэн шалгуур тавьсан нь хамгийн хорлонтой, янзтай ялгавартай. Иргэдийн хэд нь бизнес хийж байгаа юм бүү, мэд. Лангуу түрээслэгчид, гутал, гурилын цехийнхэнд энэ зээл очих юм биш үү. Аа бас авлига өгсөн сэргэлэн нэгэн хүртэх байх. Улстөрчдийн “дурлалт бүсгүй” болсон жижиг бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид жилд гурван хувийн хүүтэй, урт хугацаатай, барьцаагүй зээл аваад, гялалзаж өгөх нь. Бусдын хайрыг булаасан буянаа эдлээд байж дээ.

Өмнөх сонгуулийн үеэр Ардчилсан намынхан “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлж, “савааж” өгснийг мартаагүй гэж найдъя. “Сайн хашаа” гэж гэр хорооллынхон, “Сайн малчин” гэж хөдөөгийнхөн, “Сайн оюутан” гэж оюутнууд, “Сайн хувьцаа” гэж иргэн бүрт зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгон, 1072 ширхэг хувьцааных нь тодорхой хэсгийг худалдаж авсан. Улстөрчид сонгуулийн жилд ингэж л улангасан дурладаг гэмтэй. “Итгэлийн зээл” бол улстөрчдийн дурлалын өөр нэгэн хувилбар. Манай эрх баригчид яг “Сайн” хөтөлбөр шиг нийгмийг бүлгээр нь хувааж байгаад “Би чамд хайртай” гээд үнсэж үлгээд сүйд хийх нь дээ. Даанч ядарч туйлдсан айлд төр итгэхгүй нь доромжлол ч юм шиг.

Улстөрчид сонсоход чих инээмээр сайхан ярина. Тэдний “Төрийн үрэлгэн зардал хэрээс хэтэрлээ”, “Төсвийн мөнгийг зөв зарцуулж, гэдсээ тасартал бүсээ чангална”, “Нэмж өр тавихгүй, энэ улс орон сөнөлөө” гэж уянгалуулан донгодохыг бишгүй сонсжээ. Одоо бүр тэдний үг шал согтуу өвгөн хазгай, муруй дуулж байгаа юм шиг утгагүй сонсогддог болж. Удаан сонсвол огиудас хүрмээр. Уран хөхөө шиг уянгалуулагчид маань өр тавьж, мөнгө олоод, түүнийгээ зээлэх нь гарцаагүй. Ингээд бодохоор ходоодны мухраас хөх инээд цоргино. Эдийн засгийг чинь сэргээнэ, эвдэлж сүйтгээд, агсам тавиад байгаа улстөрчдийн гарыг хүлж, хөлийг тушина гэж даналзан, хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын валютын сангийнхан тэдний тэнэглэлийг юу гэх бол. Бүлх залгисан мэт хар, цагаан дуу алга. Ядаж нүд нь эргэлдэж байгаа байлгүй гэж бодох юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн. Тэрбээр санхүүжүүлэх мөнгөө олоод, хэнд зээлэхээ баримжаалчихсан нь лавтай шүү.

Иргэдийн саналыг худалдаж авч сурсан улстөрчдийн удмын гажиг хөдлөөд унтуулдаггүй бололтой. Магадгүй сонгуулийн өмнөх жил тэд хайр дурлалдаа шатаад хагас галзуурдаг байж ч мэднэ. Галзуу хүн аюултай шүү. Төлсөн татвараар чинь та нарын саналыг худалдаж авах гэж улайрдгийг эрхбиш нэг ойлгож үзээрэй, ард түмэн минь. Улстөрчдийг барагтайхан галзуурахгүй бол байранд нь тавих хэрэгтэй дээ.

Удахгүй цаадуул чинь хууль баталчихна. Нэгэнт ингэчихвэл “Бичил” бизнесмэнүүдээ “Итгэлийн зээл”-ээ ав. Ерөөсөө иргэн бүрт олгох хуулийн төсөл боловсруул гэж бүгдээрээ шахъя. Маасайтал инээгээд, хошуугаа цорвойлгоод дуртайяа дэмжих байх шүү, нөгөөдүүл маань. Яадаг юм, бүгдээрээ нэг сайхан найрлая. Улс сөнөх яамай л байна, яршиг цаашаа. 20 саяд нь тултал зээлье. Мөнгө хэрэгтэй нь үрнэ л биз. Мөнгө хэрэггүй нь хадгална биз. Мөнөөх зээлээ нохойд барьдаг мод болгосон Төрийн банкаараа дамжуулах юм гэнэ лээ. Тэр мөнгийг нь Төрийн банкнаас жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлчих. Буцаагаад Төрийн банканд жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулчих. Жилийн 12 хувийн ашгийг чамд хэн өгөх вэ. Ийм боломжийг ашиглахгүй өнгөрвөл ёстой хохь нь болох биз. Бүгдээрээ ашиглах хэрэгтэй, бизнесийнхэнтэй ч барьцацгаая. “Итгэлийн зээл”-ээ аваад энхрий хайрт, машид мэргэн жолоодогч Монгол ардын намаа магтан дуулцгаая. Гэхдээ цаадуулыгаа дуулуулж, бүжиглүүлж, бас уйлуулахаа мартаж болохгүй.

Улс төрийн хайр дурлалын улирал хачин их шунал хүсэл, тэмүүлэлтэй эхэлж байна. Ард түмэн минь алган дээр арав, таван төгрөг тавихаар бүү хууртчихаарай. Сонголтоо зөв хийнэ шүү. Та нарын үнэд орох цаг ирлээ. Цаадуулын чинь дүр эсгэсэн, хөндий хоосон хайр зөвхөн эрх мэдлийн төлөө юм. Улстөрчид үнэнээсээ хайрласан гэж өчнөөн төчнөөн гонгинож таарна. “Сэлбийг өгсвөл сэрүүхэн шүү дээ, сэтгэл гэдэг чинь жолоогүй шүү дээ, үр минь дээ” гэсэн дууны үг санаанд бууж байна. Дууны нэрийг “Замдаа мэнд яваарай” гэдэг байх аа. Эрх баригчдыг эрх мэдлийн тэнгэр өршөөг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)