Хайнань мужтай ХАА-н шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид Хайнань мужид хэрэгжүүлж байгаа “Халуун бүсийн хөдөө аж ахуйн цогцолбор”-т ажиллаж газар тариалангийн салбарт шинжлэх ухааны инноваци нэвтрүүлсэн туршлагаас судаллаа. Түүнчлэн БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны харьяа “Үндэсний халуун бүсийн ХАА-н шинжлэх ухааны академи”-ийн эрдэмтэд, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Энэхүү Академид, 4000 га туршилтын талбайд газар тариалан, шинжлэх ухааны инноваци, ургамал хамгаалал, био-технологи, ХАА-н генетик нөөц, агро бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын чиглэлээр 14 хүрээлэн 3300 орчим эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажил хийж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Зүүн-өмнөд Ази, Африк, Европ, Америкийн 30 гаруй улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтэй идэвхтэй хамтран ажиллаж, БНХАУ цаашлаад бүс нутгийн халуун бүсийн ХАА-н генетик нөөцийн төв болох зорилготой ажиллаж байгаа талаар Академийн дэд ерөнхийлөгч Ли Каи уулзалтын үеэр танилцуулав.

ХХААХҮЯ тус Академитай шинжлэх ухаанд суурилсан ХАА-г хөгжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол Улсын ХАА-н салбарын судлаач, мэргэжилтэн, үйлдвэр эрхлэгчдийг богино, дунд хугацааны туршлага судлах сургалтад хамруулах, газар тариаланд ШУ-ы инноваци нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийхээр тохиролцов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)