Хайгуулын 234 тусгай зөвшөөрөл олгожээ

Уул уурхайн яамныхан өчигдөр “Ил тод уул уурхай” хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 18-нд Дубай хотноо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгаагүй байсан, төслийн нийт өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх, “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа болон санхүүд манай тал хяналт тавих, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед гурван хувь болгож, 4.2 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахаар тохирсныг хурлын үеэр онцлов.

Тус яамны төлөөлөл энэ сарын 16, 17-нд Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, Баянголын төмрийн хүдрийн уурхай, “Эрдэс групп” компанийн “Төмөртэйн гол” төмрийн хүдрийн уурхай, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Төмөртэйн хүдрийн уурхайн ажилтай танилцжээ. Төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн зах зээлд унаж, компаниудын экспортын орлого буурч, санхүүгийн хувьд хүндхэн байгаа аж. Цаашид бүтээгдэхүүнээ нэгдсэн бодлогоор борлуулахад салбарын яамнаас боловсруулж буй Эрдэс баялгийн биржийн төсөл чухал үүрэгтэйг компаниудын төлөөлөл онцолсон байна.

Одоогоор бирж байгуулах асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулахаар ажиллаж буй аж. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өрг өдлийн дугаарыг цахимаар олгож эхэлснээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Одоогоор 1686 өргөдлийн дугаар олгосноос 965-ыг нь хүлээн авч, 234 тусгай зөвшөөрөл шинээр өгсөн бөгөөд холбогдох аймгуудын Засаг даргаас санал авахаар 496 өргөдлийг хүргүүлжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар найман сая тонн нүүрс, 1.4 тонн алт, 341.700 тонн газрын тос олборлосон аж. Хайлуур жоншны 68.900, зэсийн хүдрийн 241.700, төмрийн хүдрийн 0.8 сая, цайрын 32.500 тонн баяжмал үйлдвэрлэсэн байна.

Үүнээс 414.700 тонн зэсийн баяжмал, 1.5 сая тонн төмрийн хүдэр, 3362 кг алт, 4.2 сая тонн нүүрс, 343.200 тонн газрын тос экспортолжээ. Ашигт малтмалын газар нийт 13.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсний 10.3 тэрбум нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, 702.5 сая нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр, 2.9 тэрбум нь бусад орлого аж. Тэгвэл Газрын тосны газар нийт 30.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Ч.ЗУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)