Хадланчид борооны чөлөөнд техникийн хүчээр гялалзуулж байна

Оройтсон бороо орон даяар хадлангийн ажлыг хойш чангаав. Өмнөх жилүүдэд хаа сайгүй малчид есдүгээр сард багтаж өвсөө нуруулдаж, эсвэл хашаандаа татдаг байлаа. Харин энэ намар тэнгэрийн байдлыг ажиж байгаад энэ сарын эхээр л талбайдаа гарсан нь олон. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Ар тарвагатайд хадландаа гараад тав хонож буй тус сумын иргэн, малчин Ж.Боролзойн хадлангийн бригадын нэг өдрийн ажил, байдлыг сонирхохоор өнгөрсөн баасан гарагт зорьж очсон юм.

Гурван зэрэг хадсан залуус өдрийн хоолыг умартан, нар баруунаа хэвийсэн хойно ирж, аяганы амсар зуув

08.10 цаг. Шөнө нэлээд сэрүүн хоносон ч, өглөө наран авхай цацраг юугаа харамгүй илгээн хөөрсөн тунгалаг өглөө манай сурвалжлах баг хадланчдад бүл нэмж, тогоочоор ажиллахаар болсон Хүрлээ хэмээх хүдэр бор залууг Дарь-Эхээс суулгаад барууныг зорин довтолголоо.

Зам зуур юу эсийг ярилцаж явах билээ. “Ажлын нэг өдөртэй танилцаж болно оо” хэмээн, “ажилд нь садаа болохыг” зөвшөөрсөн Ж.Боролзой бол 10 хүүхэдтэй айлын том, насаараа тракторын жолоо мушгисан, ажилч хичээнгүй, нутаг нугадаа хүндтэй нэгэн аж. Батсүмбэрийн сангийн аж ахуй гэж байхад тэр их айлд тракторчаар хөл тавьж ажлын гараагаа эхэлсэн түүхтэй юм байна. Дүү нар нь төрсөн, “ирсэн” ялгаагүй ахыгаа хүндлэхийн үлгэр жишээг үзүүлдэг гэж хүргэн Хүрлээ ярьж байлаа. Тэрбээр Ж.Боролзойн том охин дүүгийн нөхөр. Газрын өнгө зунаараа ч, цэцэгс гундаж, уулын модод шарлаад эхэлжээ.

11.20 цаг. Дарханы замаар жирийсээр, баруун салж, Архангайн “Бөхчүүдийн гал” байдаг гэдгээр нь хүмүүс мэдэх болсон ам өгсөн, Шинэ даваагаар хойшоо гарлаа. Оройд нь гарч нутаг орны байдалтай танилцаад уруудаж явтал тэртээ дор майханчдын хоорондоо ойрхон хоёр отог харагдахад Хүрлээ “Цаад талынх нь манайх” гэв. Уулнаас эгц доошоо шахам бууж наад талын хадланчдын хадсан газрыг захлан явсаар зорьсон газраа ирэхэд майхны гадаа 40 гаруй насны хөрслөг бор эр, хотын бололтой 30-аад насны залуу угтлаа.

Тэд бол бидний болзоот “босс”, хадлан бригадын ахлагч Ж.Боролзойн хүргэн дүү Г.Мөнгөнсүх, хүү Б.Болд-Эрдэнэ нар юм. Биднийг “Хадлангийн бор цай уу, цуйван ид, гоймонтой шөл ч бий, халаах уу” гэхэд нь өглөө эртлэн гарсан бид “Өө, халаачих аа” л гэлээ.

Г.Мөнгөнсүх “Хяруу унаж хоносон болохоор оройхон гарсан юм. Хэд тойрч байтал “пад пад”-ын гавлын дохиурын түгжээ мултраад хүрээд ирлээ. Манай хоёр хадаж л байна” хэмээв. Тэрбээр багажны хайрцаг ухан тонголзож байснаа хомучик (бүслүүр төмөр), бөөрөнхий хуурай олж аваад, Б.Болд-Эрдэнэ дүүтэйгээ ойрхон тавьсан “пад пад” руугаа явлаа. Ойн захад “МТЗ-80” трактораар хадаж яваа хүн бол Ж.Боролзой гуай. Түрүүний хоёр трактороо асаав. Г.Мөнгөнсүх яаран хүрч ирснээ “За, би очоод ахыг явуулъя” гээд одлоо.

Цэрэг загварын дунд гарын майхны зүүн урд тушаа жижиг зуух, яндан угсарчээ. Хажууд нь том, гурван зэрэг залгаж болох хийн зуух байх аж. Усны сав, хоол хийх хэрэгслийг гарын дор байршуулж. Бидэнтэй цуг очсон Хүрлээ хувцсаа солиод шууд өдрийн хоол бэлтгэх ажилдаа орлоо.

Өвс боодог “ППЛ-Ф-16” маркийн машин дээр хуучин, нударгатай бор хөвөнтэй дээл дэлгэжээ. Олон ч жилийн хадлангийн ард гарсан хувцас гэдэг нь харваас андашгүй. Цаахна нь буй морин тармуурт хөнжил, гудас нөмөргөсөн байв. Юм л бол бороо орж, шөнө хяруу унаж байгаа болохоор дэвсгэр, хучлага чийгтэх нь аргагүй.

Ж.Боролзой “Бүх юм нойтон. Бургасны хуурай мөчир л гал болж байна”

12.15 цаг. Ж.Боролзой гуай ирлээ. Тракторын жолооч гэхээргүй, төв газрын албан хаагч байрын тохитой, 60-аад насны ах хүү амар мэнд эрж, нутгаа танилцууллаа. Тэртээ хойно харагдаж буй өндөр уул руу зааж “Энэ Бургалтайн ам. Манайх эхэнд нь шахам өвөлждөг айл. Жаахан ийшээ яваад харвал манайх байгаа. Энэ аманд 17 өрх нутагладаг. Энэ жил гаднаа хадаад сайхан байна.

Түрүү жил зүдэрсэн. Сэлэнгэ, Хэнтий аймагт очиж өвс авсан шүү дээ. Бусдын ажлаас хийлцэж, хадлангийн талбайд нь орсон. Түүнийг бодвол энэ жил амар байна. Бороо хур тасрахгүй байсан болохоор оройхон гарлаа. Хэд хоногт эрчимтэй ажиллавал болох байх” хэмээн ярилаа. Хүрлээ мах хэрчиж дуусахад Ж.Боролзой гуай “Бургасны хуурай мөчир түлж байгаа. Хурдхан яваад аваад ирье” гээд “Портер” руугаа алхахад нь кабинд нь суугаатхав. Бид гурав түрүүн бууж ирсэн уулын наахнаас түлээний хуурай мөчир чамгүй түүж ирэхэд тогооч галаа өрдөн, халуун сав дүүрэн цай чанаж аваад, хоолоо тавьсан юм.

13.00 цаг. Урд ар руу Болдоо болон түрүүнээс хойш бараа нь харагдах ч, дуу нь сонсогдохгүй байсан “пад пад”-ын жолооч Ж.Дашдондог нар талбайд хэрхэн хадаж байгааг харахаар очлоо. Болдоо ойн чөлөөнд, моддын завсраар “мөлжиж” өгч байна. Бороо жигтэйхэн их ороод байсан, гэтэл газрын гарц тааруу аж. Хадуураа маш доогуур тавьж өвсний ёроолоор шахам хадаж байлаа. Энэ талбай чулуугүй бололтой.

Биднийг дээшилж байхад Ж.Дашдондог хадуурынхаа ирийг үүрчихсэн доошилж явсан юм. Болдоогийн хадахыг харж байх хооронд мань хүн хадуурынхаа ирийг солиод бараг дуусаж байв. “Хот газрын хүн гэхэд ямар сүрхий юм бэ. Өөрөө засчихдаг юм байх даа гэж бодон тойруу замаар асуухад “Байсхийгээд л хугарч, гацдаг. Тэр дор нь засаж янзлаад явна. Өөрсдөө бүх юмаа хийнэ ээ. Олон жил хадаж байна” гэж доош харсан чигээр хариулсан юм.

Хадуурын ир хугарсан тул сэлбэхээр явав

14.00 цаг. Өдрийн хоолны цаг болсон ч хадаж яваа гурав ирэх шинжгүй. Тавуулаа хооллолоо. Гал дээр хийсэн, “хөдөөний” махтай шөлний амт янзтай. Хоол халбагадах зуураа ярилцаж л байлаа. Ж.Боролзой гуай энэ нутгийн уугуул, Хүйн голын хүүхэд аж. Залуудаа Төв аймгийн Архустайн Трактор комбайны курс төгсөөд, шууд трактор барьж эхэлсэн байна. Тэрбээр “Эхнэр авахаасаа өмнө өндөр улаантай нөхөцсөн хүн дээ, би” гэж инээлгэв. Хожуухан гэрлэсэн.

Нэг охин, нэг хүү, таван ач, зээтэй тэрбээр “Хүн гэдэг чинь өдий насанд ирэхээр хүүхэд харагч болдог юм шив дээ. Хүүгийн хоёр хүүхэд насаар бага. Хотод цэцэрлэг олддоггүй юм гэнэ. Нэг, хоёр жилдээ хөгшин бид хоёр харах бололтой. Сумын төвд өвөлжих байх аа даа” гэж амьдрал ахуйнхаа тухай цухас ярьсан юм. Хадлангийн талбайгаас сурвалжлага хийх болохдоо өнөөх “Анхны алхам” кино шиг гараар ч, мориор ч хаддаг хүмүүсийн тухай бичих нь гэж бодсон юм. Гэтэл нэг том улаан, хоёр жижиг трактор, өвс боодог машин, том тармуур гэх зэрэг дан механикжсан бригадынхантай нүүр тулсан минь энэ. Ж.Боролзой гуай залуугаасаа техник эзэмшсэн болохоор гар хадуураар хадаж үзээгүй ажээ.

14.30 цаг. Хоолоо идээд байтал морьтой хүн ирж буулаа. Адуугаа хайж яваа нутгийн залуу “Урд хамрын эхэнд байсан гурван хонгортой, хээр зүсмийн голдуу 18 тооны адуу харагдав уу” гэх нь эгээ л ардын дууны мөрт мэт сонсголонтой. Ж.Боролзой гуай хараагүй гэдгээ хэлээд, хол ойрын сонин дуулахаар яриа өдөхөд тэрбээр “Хаа сайгүй хадланчид байх шив дээ. Тэр доор хоёр нөхөр замын хажуугийн өвс хадаад машин руугаа чулуудаад байна. Аргаа олчихож. Замын хажуугийн өвс харьцангуй өндөр ургасан байдаг. Түрүүчээсээ өвс зараад эхэлжээ. 61-ийн гарамд боодол өвс 5000 төгрөгөөр өгч байна” гэж сонин дуулгав.

15.00 цаг. Цаг өдий болсон ч хадаж яваа хэд ирдэггүй ээ. Ж.Боролзой гуай “Манайхан нартай байхад нэг хэсэг талбайгаа ч болов дуусгая гээд гүрийгээд байх шиг байна. Үнэндээ ч хэцүү байна аа. Нэг өдөр өнжөөд л бороо орох юм. Өвс норгох гэж унагаад ч яах юм билээ. Хадланд гарна гэж амралтаа тааруулаад авчихсан байсан дүү нар буцсан. Одоо нэг нь л байна” хэмээв. Бид цаг ашиглаж нутаг орны сонин яриулсан юм.

Хотоос тогоо барихаар очсон Хүрлээ хоол, цайны мастер аж

Батсүмбэр сум хүн ам олонтой, одоо бараг 10 мянга орчим оршин суугчтай аж. Малчид сүүний чиглэлийн үхэр өсгөдөг, голдуу “Сүү” компанид сүү нийлүүлдэг. Эдний бригад хавар бярууны бооцоотой дааганы уралдаан зохион байгуулдгаараа алдартай гэнэ. Багийн айл бүр шахам оролцдог. Даага айрагдуулсан уяачид бооцооны бүх даагыг байр эзэлсэн эрэмбээр хэд хэдээр нь хувааж авдаг аж.

Ж.Боролзой гуай хоёр жил дараалан даага түрүүлүүлж, 14 бяруутай болжээ. Угаас энэ уралдааны зорилго нь багийн айлуудаа малжуулах аж. Батсүмбэрийнхэн ногоочин Д.Долгор, саальчин А.Авирмэд, ногоочин Я.Должинжав, Ж.Пүрвээ, саальчин Ц.Хорлоо гэсэн хөдөлмөрийн таван баатартай. Тэднээрээ бахархаж, өөрсдөө хичээж, Мандал хайрхнаа шүтэн, Хүй мандлын хөндийдөө эвтэй найртай аж төрдөг аж.

16.00 цаг. Ярилцаж суух зуур хадаж явсан гурав ирж хоолоо идсэн юм. Тэднийг цай ууж дуусав уу, үгүй юү бригадын ахлагч “Өвс хатжээ. Одоо хурдхан боочихъё” гэхэд залуус даргаас тушаал авсан цэргүүд шиг годхийн бослоо. Өдрийн талд хийх ажилгүй зогссон өвс боодог машин дуугарав. Залуусын тармаж эгнүүлсэн өвсийг бригадын ахлагч өнөөх машинаараа хамж бөөгнүүлэн боож эхэллээ.

Дээхнэ үед төмөр утсаар боодог байсан бол одоо мяндсан утас хэрэглэдэг болсон аж. Бусдаар бол энэ машин хойд хөршөөс орж ирсэн янзаараа өнөө хэр ажилласаар байгаа ажээ. Харин тармуурыг Ж.Боролзой гуай өөрөө хийсэн гэнэ. Хуучны морин тармуурын шүд, солонгос “Эксель” машины дугуй гэх мэт гарын дор материал ашиглаж “үйлдвэрлэжээ”. Бургалтайд цахилгаан байхгүй. Гэсэн ч генераторыг хөдөө аж ахуйн голоор эргүүлж цахилгаан гаргах замаар бүхий л ажлаа амжуулдаг гэнэ.

17.30 цаг. Наран баруунаа хэвийж, оройн сэрүү орох үед хадланчид өвс боохыг харж хэсэг зогслоо. Ажилсаг чамбай бригадын ахлагчийг магтаж ярилцсаар хадланчдыг даллан түр саатуулсан юм. Их ажлынхаа дундуур хүлээн авч, өдрийн ажилтайгаа танилцуулсанд талархал илэрхийлээд их хотын зүг хүлгийн жолоогоо эргүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)