Хадланд явсан гурван ахлагч усанд осолджээ

22-24 насны гурван хүн живсэн тухай дуудлага энэ сарын 24-ний 15.30 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тодруулбал, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн гурван ахлагч хадланд явж байгаад Орхон голын усанд осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Зэвсэгт хүчний тус ангийн 10 алба хаагч цэргийн ангийнхаа хадлан бэлтгэж байсан бөгөөд нэг нь голын усанд малгайгаа унагачихаад авах гэж тонгойгоод хөл алджээ. Хоёр алба хаагч түүнд туслах гэж гол руу ороод осолдсон бололтой. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын харьяа Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийнхан, ар гэрийнхнийх нь хамтаар эрэн хайх ажиллагаа явуулж буй аж. Одоогоор завьтай болон явганаар 10 гаруй км газар хайсан ч үр дүнд хүрээгүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)