Хадгалах зоорины дутагдалтай ногооны “зах”

Хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах зорилт төрийн бодлогод туссан. Одоогоор манай улс төмсний хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрээд байна. Мөн шар, хүрэн манжин, луувангийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. Манай тариаланчид 23 нэр, төрлийн ногоо тариалдаг байжээ. Тэгвэл хүлэмжийн аж ахуй хөгжүүлснээр 40 орчим нэр, төрлийн ногоо тариалдаг болсон байна. Дээрх дөрвөөс бусад төрлийн хүнсний ногооны хэрэгцээний 40-60 хувийг дотоодоосоо хангаж байгаа. Эх орныхоо хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний ногоо тарих нь нэг хэрэг. Харин хурааж авсан ногоогоо эрүүл ахуйн шаардлага хангахуйц орчинд муутгахгүйгээр хадгалах нь өөр хэрэг.

Манай улсад 450 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорь шаардлагатайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан дуулгав. Гэтэл одоогоор 222 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорьтой гэнэ. Хүнсний ногоогоо зөв хадгалахын тулд хөрөнгө оруулалт татаж, санхүүжилт хийн, дахиад ийм хэмжээний багтаамжтай зоорь байгуулах шаардлагатай юм байна. Хүнсний ногооны зоориудын дийлэнх нь энгийн болон нүхэн байдаг. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 62 мянган тонн ногоо хадгалах механикжсан, автомат удирдлагатай, хөргөлттэй 14 агуулах ажиллаж байна. Тэгэхээр үүнээс бусад нь стандартгүй зоорь гэсэн үг. Стандартын агуулахуудад бидний хэлж заншсанаар нарийн ногоо голцуу хадгалдаг гэнэ. Харин стандартгүй, энгийн болон нүхэн зоориудад төмс, манжин, луувангаа голцуу хадгалдаг аж.

Польш улсын Засгийн газрын санхүүжилтээр нийслэлд 4000, 11 аймагт 1000 хүртэлх тонн хүнсний ногоо хадгалах механикжсан, автомат удирдлагатай, хөргөлттэй агуулах барихаар болжээ. Нийт долоон сая еврогийн санхүүжилттэй, эл хамтын ажиллагааны хүрээнд 15 мянган тонн хүнсний ногоо хадгалах агуулах барих юм байна. Мөн Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт борлуулалтын цогцолбор төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, үндсэн зураг төслийг нь хийжээ. Уг цогцолборыг байгуулах суурийг 2021 онд тавихаар төсвийн төлөвлөгөөнд тусгасан гэнэ. Энэ мэтээр хүнсний ногоогоо хадгалах зоорийн тоог нэмэх ажил үргэлжилж байна.

Шинэ зоориуд ашиглалтад оруулах ажил удаашралтай байгаа агаад тулгамдсан асуудал болоод буйг салбарын мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Хүнсний ногооны зоорь байгуулах зээл авахыг хүсвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хандаж болох юм байна. Энэ тохиолдолд тэргүүн ээлжид санхүүжилт олгох бодлого баримталж байгаа аж. Санхүүжилтийн ийм хөрөнгө бий ч зоорь барих ажлыг хөрөнгө оруулагчид төдийлөн сонирхохгүй байгаа нь нууц биш. Тиймээс зоорины тоог нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд илүү далайцтай бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу.

Тариаланчид хадгалах агуулахгүй учраас намрын ургацаа хямд үнээр борлуулдаг. Тиймээс дорвитой ашиг орлого олж чаддаггүй. Намар хэт хямдарсан хүнсний ногооны үнэ дараа жилийнх нь хавраас тэнгэрт хадах нь бий. Хадгалах агуулахгүй учраас ногооны үнэ ийнхүү хэлбэлздэг хэрэг. Хэрэв агуулах, зоорь хүрэлцээтэй бол ногооны үнэ тогтвортой байхаас гадна эрүүл хүнсээр иргэдээ хангаж, аюулгүй байдлаа баталгаажуулах билээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

 “Түрээсэнд 10-30 сая төгрөг төлдөг”

Манай улс энэ жил лууван, манжин, төмсөө 100, бусад хүнсний ногооны 30-40 хувийг дотоодоосоо хангах зорилт тавьсан билээ. Тэгвэл тариаланчдын хөдөлмөр шингэсэн төмс, хүнсний ногоог хадгалах зоорь хүрэлцээтэй, эсэх талаар сурвалжиллаа.

Баянгол дүүргийн XI хороо нутагт 10 гаруй зоорь бий. “Бүгдийг нь 1980-аад онд барьсан юм билээ. Эдгээрийн заримыг ашигладаггүй. Тэр ч бүү хэл, дээвэр нь цөмөрч, нурж унасан зоорь ч нэлээд бий. Харин заримыг нь балгас болохоос нь өмнө амжиж засаж байна” гэж нэг зоориных нь эзэн ярилаа. Хуучны зоорь муудсан нь нүдэнд ил. Түүнийгээ засаж буй эзэн нь “Сүүлийн жилүүдэд манай ойр хавийн зооринд хүнсний ногоо бараг хадгалаагүй. Бид уг нь жил бүр чадахаараа засаж янзлаад, ариутгал, халдваргүйтгэлийг нь хийлгэдэг. Ногоочид зоорь хүрэлцээгүй, улсаас бидэнд барьж өгөх ёстой гэх нь элбэг. Өөрсдөө зоорь түрээсэлж, мөнгө төлөх дургүй учир ийн “гоншигнодог” байх. Түрээсэлдэг ногоочид ганц, хоёр бийг үгүйсгэхгүй. Гэвч түрээсийн хугацаа нь дуусахаас өмнө ногоо нь зарагдчихвал төлбөрөө ч төлөхгүй явчихна. 200 тонн хүнсний ногоо хадгалах багтаамжтай зоорийг жилийн турш 4-5 сая төгрөгөөр л түрээсэлдэг шүү дээ” гэсэн юм.

Дээрх газраас 500 метр ч хүрэхгүй зайд орших нэгэн зооринд хүнсний ногоо хурааж байхтай таарав. Тэнд багагүй хэмжээний ногоо хадгалахаар хийжээ. Эл зоорины дээврийн шохой нь хуурч, хаалга орчмын зарим тоосго, чулуу нь ховхорч, хэзээ мөдгүй нурж унахаар болсон харагдав. Энэ хавьд байдаг 10 гаруй зоорины нэгт л хүнсний ногоо хадгалж буй нь энэ гэнэ. Бусдыг нь засаж янзлахаас нааш дотор нь ч орж болохгүй, эхнээсээ нурж байгаа гэж төмс хурааж байсан хүмүүс хэллээ.

Эндээс цааш хөдлөөд Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт байрлах “Ногоон зоорь”-нд очлоо. 1980-аад онд энд Ногооны хоёрдугаар анги байсан бөгөөд өдгөө 18 зоорьтой. Үүнээс гурав нь 1000 тн-ын багтаамжтай бол бусад нь жижиг хэмжээтэй гэнэ. Тэндээс хамгийн томдоо тооцогдох зоорины аж ахуйг Ч.Амаржаргал эзэмшдэг. Тэднийх төмс, хүнсний ногоо нийлсэн 4000 тн бүтээгдэхүүн нөөцлөх хүчин чадалтай. Өнгөрсөн сарын 20-ноос сонгино, энэ сарын 10-наас төмс, байцай, манжин хадгалж буй бол маргаашаас эхлэн тариаланчдаас нарийн ногоо худалдан авах гэнэ. Дархан-Уул, Эрдэнэт, Төв, Ховд аймгийн ногоочид ургацаа ихэвчлэн энд тушаадаг аж. Өдөрт 100 тн төмс, хүнсний ногоо тариаланчдаас худалдан авдаг бөгөөд ачаалал ихтэй үед 200-300 тн-ыг цуглуулдаг юм байна. Эднийх нарийн ногоо хадгалах хоёр, төмс, байцай, манжин, лууван хадгалах 1000 тн-ын багтаамжтай болон хөргүүртэй тус бүр нэг зоорьтой. Хөргүүртэй зоорь нь 700 тн хүнсний ногоо хадгалах багтаамжтай бөгөөд цахилгааны төлбөр нь сард 4-5 сая төгрөгт хүрдэг гэнэ. Өвлийн улиралд нарийн ногоо, лууван, манжин хадгалдаг бол намар цахилгаан хэмнэх зорилгоор хөргүүрийг нь унтрааж, байцай нөөцөлдөг аж.

Зоорины хүрэлцээ болон тариаланч, ченжид тулгарч буй зарим асуудлын талаар Ч.Амаржаргал “Энэ жил тариаланчид багагүй хөдөлмөрлөсөн учир хүнсний ногоо арвин байна. Бид бүх хүнсний ногооны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж чадна. Зоорины хүрэлцээ муу, тээвэрлэлт, түгээлт хийх боломжгүй учир тариаланчид ченжид ногоогоо худалддаг. Төмсөө 300, байцайг 400, сонгиныг 1200 төгрөгөөр тариаланчдаас худалдан авч, нөөцөлж байна. Энэ хавийн зоорины түрээс өндөр. Нэг багана буюу 30-40 тн хүнсний ногоо хадгалах багтаамжтай зоорины сарын түрээс 1.5-3 сая төгрөг. Жилийн турш дунджаар 10-30 сая гэсэн үг. Тиймээс тариаланчид өндөр үнэтэй зоорь түрээслэхийн оронд бидэнд ногоогоо худалддаг юм. Төрөөс биднийг ногооны үнэ хөөрөгддөг гэж ад үзэхээс биш, тариаланчдыг найдвартай орлоготой болгож байна гэж харж байсан удаагүй. Бид хашаа, зоорь гээд бүх л үл хөдлөх хөрөнгөө банканд барьцаалж олсон мөнгөөрөө ногоо худалдаж авдаг юм шүү дээ. Ингэж л тариаланчдын ногоог шуурхай худалдан авч, орлоготой болгож байна. Хэрэв зоорь дүүрчихвэл тариаланчдаас ногоо худалдаж авах боломжгүй. Тиймээс зоорины хүрэлцээг нэмэгдүүлж, түрээсийн үнийг нь багасгавал тариаланчдад бага ч болов нэмэр болох байх” гэв.

Эднийх түрээсийн бусад зоориос ялгаатай. 1984 онд баригдсан зоорио тэд засаж шинэчлээд орчин үеийн хөргүүрийн систем, гэрэлтүүлгээр хангажээ. Мөн “Сүүн болор” компанийнхантай хамтран ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийдэг аж. Төмс, байцай, лууван, манжинг хадгалахдаа хүнсний аюулгүй байдлын дүрэм, журмыг сайтар сахиж, газраас хөндий хурааснаас гадна олон төрлийн ногоог нэг зооринд хадгалдаггүй юм байна. Сонгино хөгцрөх, мөөгөнцөртөх нь хурдан учир тусдаа зоорь, хөргөлтийн сэнстэй. Энэ мэтчилэн стандартад нийцсэн зоорины тоог нэмж, тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байх шаардлагатайг тэндхийн ажилчид хэллээ.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Н.ОЮУНСУВД: Нийслэлд болон 13 аймагт нийт 32 000 тоннын багтаамжтай агуулах, элеватор барихаар төлөвлөсөн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Н.Оюунсувдтай ярилцлаа.

-Улсын хэмжээнд хүнсний болон нарийн ногоо хадгалах зоорины хүрэлцээ хэр байгаа вэ?

-Манайд 450 000 орчим тоннын багтаамжтай зоорь шаардлагатай гэсэн судалгаа бий. Эл дүнд хүрэхүйц ургац одоогоор авч эхлээгүй ч жил бүр бүтээгдэхүүний хэмжээ, зоорины багтаамжаа өсгөсөөр 450 000 тоннд хүргэнэ гэсэн дунд хугацааны зорилт байдаг. Өдгөө улсын хэмжээнд 222 мянган тонн багтаамжтай зоорьтой болсон. Эндээс дийлэнх нь энгийн болон нүхэн хэлбэрийнх бол автомат удирдлагатай, механикжсан нь 62 000 тонн бүтээгдэхүүн хадгалах боломжтой.

-Сүүлийн жилүүдэд зоорины багтаамжийг ямар хэмжээгээр өсгөв. Энэ төрлийн аж ахуйг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл юу байна?

-2011 оноос хойш жил бүр 10-20 мянган тонноор хэмжээг нь нэмжээ. Мөн газар тариалангийн голлох бүс нутгуудаас гадна алслагдсан аймгуудад зоорь барихад дэмжлэг үзүүлэхийг зорьж буй.

-Ногоочдод бүтээгдэхүүнээ хадгалах зардал өндөр тусдагаас өвөл, хаварт үнийг нь өсгөхөөс өөр аргагүй гэдэг. Зоорины эзэд ч ашиглалтын өртөг их болохоор хадгалах зардлаа нэмэхгүй бол ашиггүй гэх нь бий. Ямар зохицуулалт хийвэл иргэд зөв хадгалсан, хямдавтар үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж болох вэ?

-Төрөөс ногоочид болон зоорины эзэд хооронд зуучилна гэж байхгүй. Зах зээлийн зарчмаар л үйлчилгээний хөлсийг тогтооно. Энэ онд дийлэнх агуулах, зооринд нэг кг ногоог нэг сар хадгалахад 50-100 төгрөг төлсөн гэсэн. Хэрэв урт хугацаанд, их хэмжээний бүтээгдэхүүн хадгалуулбал 40 орчим төгрөгийн үнэтэй байсан юм билээ.

-Зоорины аж ахуйг хөгжүүлэх талаар салбарын яам юу хийхээр төлөвлөсөн бол?

-Газар тариалангийн салбарын тэргүүлэх зорилтын нэг нь зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх юм. Үүний хүрээнд алслагдсан бүс нутгийнхны тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор Увс аймгийн Баруунтуруун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумд тус бүр 10 000 тонн багтаамжтай үр тариа хадгалах элеватор барих техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасан. Ирэх онд ажлаа эхлүүлэх болов уу. Мөн БНПУ манай Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд дээрх улсаас долоон сая евро зээлдүүлэх боломжтой гэсэн. Ингэснээр нийслэлд 4000, 11 аймгийн төвд 9000 тоннын багтаамжтай зоорь барихаар төлөвлөж байна. Гэхдээ санхүүжилтийг нь хараахан шийдээгүй, хэлэлцээ хийж буй.

-Зоорины хүрэлцээ муугаас буюу хүйтрэхээс өмнө бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулж дуусахыг зорьдог гэх ногоочин олон. Өөрөөр хэлбэл, агуулах сав элбэг бол дөрвөн улирлын турш худалдаа хийх боломжтой гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тариаланчид хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж чадахгүй, намарт л “мөнгө хийгээд” буцдаг гэх нь бий. Тиймээс салбарын яам, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хамтран борлуулалтын цэгийн тоог улам өргөжүүлж буй. Энэ намар гэхэд 45 цэг, худалдааны төвд бүх төрлийн ногооны үзэсгэлэн зохион байгуулах боломж олгосон. Баянгол дүүргийн “1000 автомашины зогсоол”-д борлуулалтын цэг нээж өгсөн ч худалдаа хийх хүн, аж ахуйн нэгж цөөн байгаа юм. Учир нь ногоочин өрх, аж ахуйн нэгжүүд хүн хүч, цаг зав хомс гээд тухайн талбайг ашиглахгүй байна. Өөрсдөө борлуулснаас ченжүүдэд бөөнд нь нийлүүлэхийг зорих хүн цөөнгүй юм билээ. Мөн энэ жил Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам засвартайгаас шалтгаалан газар тариалан эрхлэгч зарим аж ахуйн нэгж, иргэн нийслэлд бүтээгдэхүүнээ авч ирэхэд төвөгтэй байгааг дурдсан.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Танай аймгийнхан хэчнээн га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан бэ, ургацаа агуулах зоорь хангалттай бий юү?

Ч.САМБУУБААТАР (Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономич):

-Дорнодчууд 35 000 га-д улаан буудай, хүнсний ногоо тариалсан. Тухайлбал, 179 га-д төмс, 120 га-д хүнсний ногоо тарилаа. Энэ жил ургац арвин байна. Харамсалтай нь, ургац хураалтаас өмнө тэнгэр хангай муудчихлаа. Халхгол сумд сүүлийн гурван хоногт бороо орсон. Аймгийн хэмжээнд 14 сумд 127 зоорь бий. Ихэнх нь өрхийн хэрэгцээнд зориулсан жижиг хэмжээтэй. Орос технологиор барьсан, хагас механикжсан хуучны зоорь цөөн. Бүрэн механикжсан зоорь байхгүй. Аймгийн ИТХ-д зоорь барьж, ашиглалтад оруулах санал жил бүр гаргадаг ч дэмждэггүй. Энэ жил гэхэд Дорнодын газар тариалангийн гол бүс болох Улз гол дагасан Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Чулуунхороот сумд орон нутгийн төсвөөр зоорь байгуулах санал гаргасан ч хүлээж аваагүй. Эрт ургацын ногоо зах зээлд гарч, борлуулалт сайн байгаа тулдаа зоорины хэрэгцээ гарахгүй байна. Ер нь манай аймгийн хэмжээнд зоорь дутмаг.

Б.МӨНХТӨР (Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):

-Аймгийн хэмжээнд 2.7 мянган га талбайд төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо тариалсан. Сэлэнгэ аймгийн удирдлага сүүлийн хоёр жилд “Зоорь” хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдэд дэмжлэг үзүүлсэн. Үр дүнд нь аймгийн хэмжээнд 36 000 тн-ын багтаамжтай зоорьтой боллоо. Ихэнх нь хувийн хэвшлийнхэн болон иргэдийнх. Мандал, Жавхлант сум дахь зоорь төрийн өмчийнх. Одоогоор механикжсан зоорьгүй. ХХААХҮЯ-нд бүсчилсэн зоориудыг олшруулах санал тавьсан. Манай аймгийнхны тариалсан хүнсний ногоо эрэлттэй байдаг. Жилд 60-70 мянган тн төмс, хүнсний ногоо хураадаг. Эрт ургацын 7000-8000 тн ногоо борлуулдаг. Улмаар ес, аравдугаар сард цөөнгүй аймаг руу ногоогоо ачуулдаг. Үлдсэнийг нь зоориндоо агуулдаг. Дээр хэлсэнчлэн нутгийн иргэд хашаандаа зоорьтой тул асуудал гардаггүй.

Б.БЯМБАЖАВ (Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):

-Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 1000 тн-ын багтаамжтай зоорь барьж байна. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай. Хэрэгжүүлэгч компанийн мэдээлснээр инженерийн шугам сүлжээний ажил дутуу байгаа. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор урд хөрш рүү захиалсан зарим тоног төхөөрөмж импортлох явц удааширсан гэсэн. Ийм шалтгаанаар улсын комисс зоорийг хүлээж аваагүй. Уг зоорийг бүрэн механикжуулах юм билээ. Үүнийг барихад 2018 онд 400 сая, 2019 онд 600 сая төгрөг улсын төсвөөс гаргасан. Аймгийн төв, сумуудад иргэдийн өөрсдийнх нь барьсан зоорь цөөнгүй. Товчхондоо, аймгийн хэмжээнд 6000 тн-ын багтаамжтай 440 зоорь бий. Энэ жил 2518 га-д төмс, хүнсний ногоо тариалсан.

С.НЭРГҮЙ (Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):

-Аймагт төрийн өмчийн зоорь байхгүй ч иргэд, аж ахуйн нэгжийнхэнд хураасан төмс, хүнсний ногоогоо хадгалахад хүндрэл бараг гардаггүй. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 12.5 мянган тн-ын багтаамжтай 908 зоорь бүртгэлтэй байна. Одоогоор механикжсан зоорь байхгүй. 2020 онд аймгийн хэмжээнд 459 га-д төмс тариалж 6727 тн-ыг хураахаар төлөвлөсөн. Хүнсний ногоо 1314 га-аас 16 753 тн-ыг хураах урьдчилсан тооцоо гаргаад байна. Ургац хураалтад төмс, хүнсний ногооны 28 хураагч техник ажиллуулахаар засварласан. Цаг уурын ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 15-21 хоногт багтаан ургацаа хураачихна.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Автоматжуулах нь чанарын баталгаа болдог

Хүн амыг эрүүл хүнсээр хангахын тулд аль ч улсын хөдөө аж ахуйн компаниуд бүтээгдэхүүнээ чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд шаардлагатай урт хугацааны турш нийлүүлэх хэрэгтэй болдог. Манай гаргийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрч, тэдний бараг гуравны хоёр нь хотод амьдардаг болно хэмээн НҮБ таамаглажээ. Орон нутгаас хот руу хүнс хүргэх, цаг агаарын таагүй нөхцөл ургац, хадгалалт, хүргэлтэд нөлөөлөх эрсдэлтэй. Жимс, хүнсний ногоо бага хэрэглэвэл эрүүл мэнд муудаж, халдварт бус өвчин тусах эрсдэл ихэсдэгийг ДЭМБ тэмдэглэдэг. 2017 онд хүнсний ногооны өдөр тутмын хэрэгцээгээ нөхөж чадаагүйгээр дэлхийд 3.9 сая хүн нас барсан гэнэ. Тэдний олонх нь зүрх, судасны өвчин болон зарим төрлийн хорт хавдар туссан байжээ. 

Ийм эрсдэлд хүргэхгүй байх “үүрэг хүлээсэн” олон улсын хөдөө аж ахуйн компаниуд бүтээгдэхүүнээ чанартай, хангалттай хэмжээгээр тарьж ургуулаад, хэрэглэгчдэд хүргэх хүртэл агуулахын үйлчилгээ авдаг. Украины “Oscar” группийн “Leszek i Agata” компани нь жимс, ногоо, махны олон улсын тээврээр дагнажээ. Европын Холбооны шаардлагын дагуу хуурай болон хөргүүртэй агуулахаар үйлчилдэг уг компани тус тивийн баруун, зүүн хэсэгт хэдэн арван түнштэй. Эл компани агуулахыг автоматжуулах “Qguar WMS” систем ашиглаж байна. Уг систем нь бүтээгдэхүүнийг агуулахад оруулах болон гаргахад тохиромжтой температурыг хянаж, бүртгэдэг. Ингэснээр бараа эргэлтийг бүрэн хянаж, тоо, чанарын хяналтыг сайжруулдаг. Тоо ширхэг, эсвэл хугацааны мэдээлэл нь компаниудад үйлчлүүлэгчийн шаардлагад нийцээгүй барааг шуурхай эгүүлэн татаж, илүү хурдан хариу арга хэмжээ авах боломж олгодог гэнэ.

Агуулахуудаа автоматжуулах системд холбож, мэдээлэл цуглуулах терминал, радио сүлжээтэй болсноор тус компанийнхны ажлын төлөвлөлт, удирдлагын үр дүн дээшилжээ. Огноо тодорхой, операторуудын алдаанаас үүдэлтэй буцаалт байхгүй болсон нь ложистикийн зардлыг бууруулсан аж. Үүний сацуу цаасан баримтын тоо буурч, бараа эргэлт болон агуулахын байдал цахим хэлбэрээр хадгалагддаг нь зарим ажиллагааг хэрэгжүүлэх хугацааг багасгаж, хэрэглэгчдэд үйлчлэх хурдыг нэмсэн байна. Мөн ажлын үзүүлэлтүүдийг нэгтгэх, тооцоо гаргах боломжийг уг систем бий болгож буй. “Qguar WMS” агуулахын ложистикийг оновчтой болгож, нийлүүлэлтийг нь өдөрт зуун паллет (агуулахын барааны хэмжүүр) хүргэж өсгөсөн байна. 2018 онд агуулахуудын 66 хувьд технологийн хөрөнгө оруулалтаа нэмжээ.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)