ХАВТГАЙ ХАМГААЛАХ САНГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

 ИБУИНВУ-ын Хавтгай хамгаалах сан (WCPF)-гаас Монголын говийн их дархан цаазтай газрын хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Английн Кент мужид сайн санааны хандивын арга хэмжээ зохион байгууллаа.  Тус сангийн үндсэн үйл ажиллагаа нь дэлхийд нэн ховордсон хавтгайг хамгаалах болон говь цөлийн өвөрмөц тогтоцтой эко системд хавтгайн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг ажээ.  Монгол Улсын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр ИБУИНВУ-ын Хавтгай хамгаалах сангаас говийн их дархан цаазтай газарт хавтгай  үржүүлгийн төвийг нээн 2003 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр нь менежментийн хувьд  2011 онд говийн их дархан цаазтай газарт шилжсэн хэдий ч уг дархан цаазтай газартай байгуулсан төслийн хүрээнд хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагаанд тус сангаас байнга дэмжлэг үзүүлсээр ирсэн байна.   Дархан цаазтай газрын хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сард 2,500 фунт стерлинг, жил бүрийн 9 дүгээр сард өвс тэжээл бэлтгэхэд 10,000 фунт стерлинг, боловсролын хөтөлбөрт 25,000 фунт стерлинг зарцуулах шаардлагатай болдог ба энэхүү санхүүжилтийг олохын төлөө тус сан ажилладаг.  

Английн Кент мужид зохион байгуулсан энэхүү сайн санааны хандивын үйл ажиллагаанаас олсон орлогыг Монгол нутагт буй 400 хавтгайд хахир хүйтэн урт өвлийг өнөтэй давахад нь өвс, тэжээл худалдан авахад зарцуулах юм.  Уг сайн санааны хандивын арга хэмжээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга болон  ЭСЯ-ны ажилтнууд, Британид оршин суугаа монгол иргэд өргөнөөр оролцов.  Арга хэмжээний үеэр монгол үндэсний урлагийн тоглолт, бөхийн барилдаан, орон нутгийн иргэний монгол, араб тэмээний үзүүлбэр уралдааныг зохион байгуулж оролцогчдод сонирхуулав.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)