Хавдрыг “услагч” уушги тоосжих өвчин

Ядарсан монголчууд амьжиргаагаа залгуулахын тулд ганц, хоёроороо, бригадаараа уул ухаж, уурхай бараадах болсон. Мэдээж хууль ёсоор ашигт малтмал олборлож буй компани олон ч нинжа нарын тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Уул уурхай, үйлдвэр дагасан амьдрал сайнаасаа илүү саарыг дагуулсан нь бишгүй. Үүний баталгаа нь сүүлийн жилүүдэд монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтийг мэргэжлээс шалтгаалах өвчин доош “чангаах” болсон явдал.

Тэр дундаа уушги тоосжих өвчин ихсэж буй нь мэргэжилтнүүдийн санааг чилээж, эрт үед нь илрүүлэхийг эрмэлзэж эхлэв. Уул уурхай, барилга, үйлдвэрийн орчинд дэгддэг олон найрлагатай тоосонцроор удаан хугацаанд амьсгалсны улмаас уушги хатуурахыг анагаах ухаанд тоосжих өвчин гэдэг аж. Олон жил ийм орчинд ажилласнаар уг эмгэг үүсдэг байна. Амьсгалын замаар орсон тоосонцор нь уушгины завсрын эдийг үрэвсүүлж, хатууруулдаг гэнэ. Тодруулбал, өөхөн, боржин чулуу, хүдэр зэрэг ширхэглэг материалыг өрөмдөх, бутлах, боловсруулах, гагнуур хийх явцад олон найрлагатай тоосонцор ялгарч, хүмүүсийг өвчлүүлж буйг мэргэжлийн байгууллагынхан судалж, тогтоожээ.

Манай улсын хүн амын дунд зонхилон тохиолддог эмгэгүүдээс амьсгалын эрхтэн тогтолцооных олон жил “тэргүүлж” ирсэн. Жилд дунджаар 10 мянган хүн тутамд 1600 гаруй бүртгэгддэг нь өндөр үзүүлэлт юм. Үүний дотор уушги тоосжих өвчин, түүнээс улбаатай хорт хавдар туссан хүний тоо нэлээд олон байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанаас харж болно. Өөрөөр хэлбэл, мэргэжлээс шалтгаалсан өвчний 70 орчим хувь нь амьсгалын замынх. Ихэвчлэн тохиолддог хорт хавдрын дотор уушгиных гуравдугаарт жагсаж, голдуу эрчүүд өвчилсөн нь ажил мэргэжил, хорт зуршил буруу дадалтай нь холбоотой аж. Жил бүр 400 гаруй хүн уушгины хорт хавдартай хэмээн оношлуулдаг бөгөөд олонх нь орон нутагт бүртгэгджээ.

Үйлдвэрлэлийн тоосонцрыг үзэгдэх, бичил, хэт бичил гэж ангилдаг байна. Тоосонцрын хэсэг бага байх тусмаа гуурсан хоолойн гүнд нэвтэрч, уушгины эдэд “бууриа засаж”, эмгэг үүсгэж эхэлдгийг эмч нар хэлэв. Харин таван мгм-аас том хэмжээтэй нь хамрын хөндий, гуурсан хоолойд тээглэж, цэвэрлэхэд гадагшилдаг аж. Гэвч үйлдвэр, уул уурхай эрхлэх үед буй болсон тоосонцор нь ихэвчлэн хэт бичил байдаг тул эд, эсэд уусаж, цочроон улмаар хордуулна. Энэ бүхэн уушгинд холбогч эд буюу хавдар ургах нөхцөл бүрдүүлдэг гэнэ. Тоосонцрын агууламжаас хамаарч өвчин хүндрэх хугацаа янз бүр. Тоос шороотой орчинд ажиллагсдын уушги 3-5 жилийн дараа хатуурч, өвчин нь дорхноо II шатандаа шилждэг байна. Нэгэнт ужгирсан бол ажлаа сольсны дараа ч өвчин илрэх нь гарцаагүй.

Уушги тоосжихын эхэн үед цээжээр өвдөх, ханиалгах, амьсгаадах шинж үе үе илэрч, улмаар хэнхдэг хөшиж, далны доогуур хатгуулна. Ханиад, хатгалгаатай хавсарвал амьсгалын дутагдалд оруулах аюултай аж. Нүдэнд харагдаж, гарт баригддаггүй тоосонцруудыг уушгинд нэвчсэн, эсэхийг маш нарийн шинжилгээгээр илрүүлдэг. Саяхныг хүртэл манайх энэ эмгэгийг оношилдог тоног төхөөрөмжгүй, өвчнийг хавдар болтол нь хүндрүүлдэг байв. Харин одоо хавдрыг үрслүүлж, “усалж” байдаг уушги тоосжих өвчнийг эсийн түвшинд оношилдог болсон. Албаны хүмүүс уушги тоосжих өвчнийг ийн мэргэжлээс шалгаалсан хэмээн тайлбарлах ч Улаанбаатарын утаанд ч нарийн, бүдүүн ширхэглэгт тоосонцор маш их агуулагддаг. Өвлийн оргил үед утаан дахь тоосонцор хүлцэх хэмжээнээс 20-30 дахин их болох нь ч бий. Тиймээс утаагаар “угжуулдаг” улаанбаатарчууд уушги тоосжих өвчнөөс сэрэмжилж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай.

Б.БОЛОРТУЯА: 200 хүнд эд, эсийн шинжилгээ хийнэ

Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Б.Болортуяагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Монголд уушги тоосжих өвчний оношилгоо, эмчилгээ ямар түвшинд байна вэ?

-Манай оронд сүүлийн үед бичил уурхай эрхлэх, барилга, замын гээд бүтээн байгуулалт ид өрнөж байна. Гэвч мэргэжлээс шалтгаалах өвчний талаар иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүд ч мэдлэг, мэдээлэл муутай. Олонх нь өвчнөө хүндрүүлээд, хожуу шатанд нь эмнэлэгт ханддаг. Тиймээс ямар орчинд ажиллаж буйгаасаа хамаараад эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, өвчнийг эрт үед нь оношлуулбал эдгэрэх магадлал өндөр.

-Танайх “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаантай амьсгалын замын өвчнийг эрт үед нь оношлох” төсөл хэрэгжүүлж буй гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Японы ЖАЙКА байгууллага, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран 2020 он хүртэл энэ төслийг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд манай эмч, мэргэжилтнүүд Япон Улсад мэргэжил дээшлүүлж байгаа. Бас уушги тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох дэвшилт тоног төхөөрөмжтэй болсон.

-Төслийн үр дүнг хэрхэн харж байна. Өвчнийг эрт үед нь яаж оношилдог юм бэ?

-Тоног төхөөрөмж бэлэн. Эмч, мэргэжилтнүүд маань мэдлэг, туршлагаа дээшлүүлэхээр суралцаж байгаа. Тэгэхээр амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээ сайжирна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь иргэд өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах талаар мэддэг байх шаардлагатай.

Уул уурхай, зам, тээвэр, барилга, үйлдвэрт ажиллагсдыг уушги тоосжих өвчин туссан, эсэхийг нягтлахын тулд эхлээд эмч үзэж, лабораторид болон багажаар оношилно. Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл уушгинаас эд, эсийн шинжилгээ авна. Эмгэг судлаач эмч нар дурангаар харж, уушгины эд, эсэд хавдар, үрэвсэл, сорви үүссэн, эсэхийг баталгаажуулна. Өвчин дөнгөж эхлэх үед нь оношилно гэсэн үг.

-ЖАЙКА-гаас танайд суурилуулсан зайн оношилгооны дуранг III шатлалын эмнэлгүүдэд суурилуулах уу?

-Энэ төхөөрөмж өндөр үнэтэй. Эд, эсийн оношилгоо хийдэг лабораторийн нөхцөлд ашигладаг, өндөр хүчин чадалтай, орчин үеийн дуран юм. Дүрсийг нь хуулж, шаардлагатай үед гадаадын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, онош тодруулах боломжтой. Эмнэлэг бүрт байх шаардлагагүй байх.

-Уушги тоосжих өвчнийг бууруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Гурван байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаантай амьсгалын замын өвчнийг эрт үед нь оношлох” төслийн хүрээнд 500 хүнд үзлэг, оношилгоо хийнэ. “200 орчимд нь эд, эсийн шинжилгээ хий” гэж төслийн багийн удирдагч, Хирошима их сургуулийн профессор Коуки Инай зөвлөсөн. Япон Улсад 1970-1990 онд уушги тоосжих өвчнөөс үүдэлтэй хорт хавдраар нас барагсдын тоо хурдацтай нэмэгдэн, нийгмийнх нь томоохон асуудал болсон түүхтэй. Төслийн гол зорилго бол хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох явдал юм. Гэхдээ иргэдийн эрүүл мэнд зөвхөн эмнэлгээс биш, улс орны бодлого, иргэний боловсрол, эрх, үүрэг зэрэг олон зүйлээс хамаардаг юм шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)