Хавдар амь авдаг айхтар өвчин байхаа больсон


Гэр бүл, ойр дотнынхноос нь хэн нэгэн БНСУ-д ажиллаж, амьдардаггүй айл Монголд бараг үгүй гэдэг. Үүнтэй адил аав, ээж, ах, дүү, хамаатан, садангийнхнаас нь хавдар хэмээх өвчнөөр өвчлөөгүй, үүний улмаас хагацах зовлон амсаагүй айл, хүн байгаа болов уу, бидний дунд. 195 улсын хүн амын дундах хорт хавдрын тохиолдол, үүнээс улбаатай нас баралтыг судалсан америк судлаачдын мэдээлснээр, манайх дэлхийд тэргүүлсэн талаар бид хоёр жилийн өмнө шуугиад л өнгөрсөн. Монгол гэдэг айл гурван сая хүүхэдтэйгээс 15 000 гаруй нь хорт хавдартай гэж оношлогдсон. Тэдний 5000 гаруй нь жил бүр хорвоог орхидог. Харамсалтай нь, эл тоог давах хэмжээний хавдрын тохиолдол жил бүр шинээр бүртгэгдэж байна. Энэ он гарсаар өнөөгийн байдлаар Монголд хавдрын шинэ тохиолдол 7000 гаруй бүртгэгдсэн гэхээр харанга дэлдэхэд ч багадмаар.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар, жил бүр найман сая хол давсан хүн хорт хавдраар нас бардаг. Энэ шалтгаанаар нас баралтын 0.075 орчим хувь нь манайд тохиолдож байна гэсэн үг. Хорт хавдар зөвхөн биднийг л “онилоод” байгаа юм биш л дээ. Өндөр хөгжилтэй орнуудад хавдрын өвчлөл их ч нас баралтын “жин” нь бага байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ болон иргэдийн энэ талаарх боловсрол сайны илрэл. Манайд нийт хорт хавдрын 70 гаруй хувь нь III, IV үедээ буюу хожуу оношлогддог юм байна. Уг нь эрт үед нь мэдвэл хорт хавдрыг эмчлэх боломжтой болсон сайхан үед бид амьдарч байна.

Сүрьеэг нэгэн үед амь авдаг айхтар өвчин гэж үздэг байлаа. Өнөөдөр түүнийг дарах мундаг эм бэлдмэл өчнөөн. Үүн лүгээ адил хавдрын эсийг “унтуулахаас” эхлээд дарангуйлдаг гээд янз бүрийн эмийг эрдэмтэн мэргэд бүтээсэн. Энэ жил Нобелийн анагаах ухааны салбарын шагналыг яг эл чиглэлийн бүтээлд олгох болсон шүү дээ. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хаана хаанаа анхаарах учиртай. Хавдар амь авдаг айхтар өвчин байхаа больсныг сурталчилж, эрт илрүүлэхийн ач холбогдлыг мэдрүүлэх нь чухал. Эрүүл байх нь гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн бас нэгэн үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлаж, хорт хавдраар өвдсөнөөр өөрөө л зовж, шаналдаг юм биш гэдгийг ойлгож дор бүрнээ хичээгээсэй.

Хавдар бол гэр бүлийн, улсын “халаасанд”, цаашлаад нийгмийн сэтгэл зүйд асар хөнөөлтэй өвчин. Аав, ээж, үр хүүхдээ хавдарт алдахгүйн тулд орон байраа зарсан ачлалтай нь өчнөөн бий. Гадаадад эмчлүүлэхээр банкнаас зээл авсан нь ч олон. Тэгээд ч тусыг эс олж, хайртай хүмүүсээсээ хагацсан хүмүүсийн сэтгэлийн шаналлыг мөнгөөр хэмжих аргагүй.

Ердөө гуравхан настай охин тархины хорт хавдартай болжээ. 20 шүргэж яваа сайхан хүү цусны хавдраар нас барлаа. Эх орондоо хүчээ өгдөг ид насандаа, одоо л жаргадаг үе гэж тэтгэвэрт гарч, “зоогоо” тэнийлгэх цагтаа хавдар хэмээх “араатны” хоол болсон олон жишээ дурдаж болно. Одоо бид харамсаж суух бус, харин яавал энэ өвчнийг “тойрч” явах ёстойг тунгаах болжээ. Ингэхийн тулд тодорхой хугацааны давтамжтайгаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаас эхэлнэ. 2011 оноос уламжлал болгосон “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үр дүнд эрт илрүүлгийн үзлэгт орсон хэдэн мянган иргэн эмчилгээнд хамрагдаад, илааршиж буй сайхан мэдээ бий. Ийм далайцтай аяныг олон чиглэлээр өрнүүлж, иргэдэд сурталчлахад холбогдох яам, тамгын газар нь анхаараасай. Сонгуулийн “сунгаа” болгож орон нутаг руугаа өч төчнөөн тэрбум төгрөг цацахдаа аймгийн эмнэлгүүдийг хавдрын эмчтэй болгоосой. Ингэж өргөн фронтоор давшвал хавдрын өвчлөл буурах нь гарцаагүй.

Бэлтгэсэн: Ж.ЭРДЭНЭ


ИНФОГРАФИК

Есөн сарын дотор 7100 хүн өвчилжээ

Хүмүүс эрүүл, аюулгүй орчинд, зөв дадал хэвшилтэй амьдарч чадвал нас баралт 23 хувиар буурна гэж ДЭМБ тооцоолжээ. Тухайлбал, уушгины хавдартай хүмүүсийн 68 хувь нь тамхи татсанаас болж өвчилсөн, цөөхөн хувьд нь л агаар, орчны бохирдол нөлөөлсөн байх юм. Манайд сүүлийн жилүүдэд халдварт бус өвчин, тэр дундаа хавдар тусаж буй хүний тоо улам олшрох болов. 2018 оны эхний есөн сарын байдлаар л гэхэд хорт хавдрын 7100 шинэ тохиолдол илэрсэн байна. Онцлох тоон үзүүлэлтүүдийг инфографикт үзүүлэв.

Бэлтгэсэн: О.БАТ-УНДРАХ


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хэтийдсэн ачаалалтай Хавдрын эмнэлэг

-Уучлаарай, зөрмөөр байна, та жаахан зай гаргаад өгөөч.

-Хаагуур нь яаж явах гээд байгаа юм бэ, хөл гишгэх зайгүй байхад, чадвал “нүхлээд” гараач. Явах боломжгүй болоод л бид гацчихаад байгаа юм биш үү...

Өлмийгөө өргөж, хүзүүгээ сунгаад харлаа. Үнэхээр л нам түгжирчээ. Урт хонгил (коридор)-ын хоёр талаар эгнэн зогсох хүмүүс. Хажуугаар нь дахин нэг нэг эгнээгээр дугаарлах хүмүүс. Ингээд болоогүй, дундуур нь “чихэх” хүмүүс. Тэдний нэг нь би. Хонгилын мухар дахь өрөөнд хүрэхийн тулд ийнхүү загнуулж, олон хүний харцанд цохиулж яваа минь энэ. Түрүүн шатан дээр ч өгсөж, уруудах хүмүүстэй иймэрхүү байдлаар түлхэлцэн, чихцэлдэн, заримтай нь мөргөлдөх шахаад зөрсөн. Энд ер нь хаа саагүй хүнээр хахжээ.

Энэ бол ямар нэгэн үзвэр үйлчилгээний газар биш. “Нарантуул”, “Хархорин”, эсвэл Зуун айл дахь барилгын зах ч биш. Энэ бол эмнэлэг. Хавдар судлалын үндэсний төв буюу бидний нэрлэдгээр Хавдрын эмнэлэг. Энд өдөр бүр ийм л дүр зурагтай, яг нийслэлийн авто зам дээр үүсдэг түгжрэл шиг, эсвэл өглөө, оройдоо автобусанд чихцэлдэн “алалцдаг” шиг. “Арай л хэтрүүлээд байна уу” гэж бодож байгаа бол та ажлын өдрүүдэд тэнд нэг очоод үзээрэй. Амралтын өдөр ч энэ эмнэлэгт хөл хөдөлгөөн тасардаггүй. Гадаах үүднээсээ эхлээд л шахцалддаг гээд бодохоор ямар байдаг нь ойлгомжтой.

Бид трактор шиг зүтгэсээр яваад цээжний хөндийн мэс заслын эмчийн өрөөнд хүрлээ. Л.Оюунцэцэг эмчээс ажлынх нь ачааллын талаар асуув. Нэг өдрийн ажлын цагт нормоороо бол 16-18 хүн үзэж, үйлчлэх ёстой юм байна. Харин ХСҮТ-ийн эмч нар 1-3 дахин их ачаалалтай ажилладаг нь хэвийн үзэгдэл болжээ. Өчигдөр өглөөний 10.00 цагийн байдлаар Л.Оюунцэцэг эмч зургаа дахь өвчтөндөө үйлчилж байлаа. 17.00 цаг хүртэл 30 хүн үзүүлэхээр бүртгүүлж, дугаараа авчээ. Дундуур нь хүнд өвчтөнийг яаралтай үзэх шаардлага өдөр бүр гардаг гэсэн.

Ингээд бодохоор нэг өдөрт 30 гаруй хүн үзэж, оношилдог гэсэн үг. Энэ бол нэг эмчийн ачааллыг дундажлан гаргасан тоо. Тус эмнэлэг нэмэлтээр цээжний хөндийн мэс заслын бас нэг кабинет байгуулсан бөгөөд өдөрт хоёр эмч тус бүр 20-30 өвчтөнд үйлчилж байна. Тэгээд ч ачаалал буурахгүй, харин ч нэмэгдэж байгааг тэрбээр учирласан. Энэ өрөөний хажууд дурангийн эмч үзлэг хийдэг. Хоёр эмчид үзүүүлэх хүмүүс байнга “мөргөлдөж”, хонгилд багтдаггүй учраас “Коридор нарийхан болохоор эмчийн өрөөний үүдэнд дугаарласан хүмүүс зорчих хэсэгт “гацаа” үүсгэдэг” гэсэн гомдол тасардаггүй гэнэ. Уг нь тус эмнэлгийн хонгилууд тийм ч нарийхан биш харагдсан. Бид “Зэлтэрийн гацаа”-г гатлаад тус эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч Ж.Оюунчимэг эмчийн өрөөнд оров. Энэ хүртэл олон удаа “Уучлаарай, би үзүүлэхгүй, дугаар дайраагүй шүү” гэж хүмүүст учирлаж явлаа.

Энэ өдрийн байдлаар дурангийн кабинет гурван эмчтэй ажиллаж байв. Нэг эмч нь 20 гаруй хүнд үйлчилдэг гэхээр өдөртөө нийт 70-90 хүнд үзлэг, оношилгоо хийж байгаа нь мөн л стандартаас давсан үзүүлэлт юм. Ачаалал нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай гэдгийг эмч дурдлаа. Жишээлбэл, хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй дээшилж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь бага ч гэсэн (өдөрт 2-5 хүн) нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Нөгөөтээгүүр тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс ачаалалд нэлээд хэмжээгээр нөлөөлдөг юм байна. Жишээ нь, улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний үрэвсэлт болон хавдрын урьтал өвчнүүдийг оношлохоос гадна хортой, хоргүй хавдрын зарим мэс засалд ашигладаг, тухайн эд эрхтний зургийг маш нарийн нягтралтай гаргадаг “Олимпус” аппарат энэ эмнэлэгт ганцхан бий. Түүнийгээ хагалгааны тасаг, яаралтай тусламжийн хэсэгт гэхчлэн хэрэгцээтэй гэсэн газар руу зөөвөрлөдгөөс ажиллагаагүй болохдоо тулжээ. Уг нь ХСҮТ-д яг ийм дэвшилт тоног төхөөрөмж 10-аас дээш байх ёстой юм билээ. Иргэдийнхээ эрүүл мэндэд төр, засаг анхаарах учиртай ч хувь хүн өөрийгөө эрүүл байлгах үүрэгтэйг Ж.Оюунчимэг эмч онцлон захилаа.

ХСҮТ нийт 563 ажилтантай. Тэдний 120 нь эмч, 185 нь сувилагч, 14 нь сувилагчийн туслах. Өвчтөнүүдтэй тулдаг “фронтын дайчид” өнөөдөр хүрэлцээгүй байгааг энэ байгууллагынхан хэлж байлаа. Ганцхан жишээ гэхэд л Хөнгөвчлөх эмчилгээний тасагт эмч хэрэгтэй ч орон тоог нь батлах боломжгүй учраас нэг залууг гэрээгээр ажиллуулж байгаа гэсэн. Энэ эмнэлгийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байдаг ч үзүүлэх дугаар авснаас хойш багадаа 3-7 хоног, цаашлаад нэг сар хүртэл хүлээдэг. Энэ нь хүнд суртал, хойрго байдлаас бус, ачаалал хэтийдсэнтэй холбоотой учраас яах ч аргагүй гэдгийг ч учирлаж байлаа.

Тус эмнэлэг цахим бүртгэлийн хоёр хэсэгтэй. Нэг нь давтан үйлчлүүлэгчид, хяналтад байдаг өвчтөнүүдэд дугаар олгодог бол тус эмнэлгээр анх удаа үйлчлүүлэгчид нөгөөх хэсэг нь бүртгүүлдэг. Эндхийн ажилтан Т.Энхтуяагаас тодруулга авахаар хажууд нь хоёрхон минут саатахдаа хүмүүсээс “хүйтэн” үг нэлээд сонслоо. Өвчиндөө шаналсан, эсвэл гэр бүлийнх нь хэн нэгний амьдрал цаг, минутаар хэмжигдэхэд хүрсэн гээд дандаа л зовлонтой хүмүүс энэ газарт ирдэг учраас яарч, муухай аашилж буйг нь буруутгахгүй. Гэхдээ л манайхан заримдаа хэтэрхий аашилж, бие засаад ирэх хооронд бөөн асуудал үүсгэх нь бий гэсэн. Энэ өдөр 08.30-10.00 цагийн хооронд Т.Энхтуяа оношилгоо, эмчилгээ хийлгэхээр анх удаа ирсэн хот, хөдөөгийн 300 орчим хүнд үйлчилсэн байлаа. Ажлын цаг дуусах яагаа ч үгүй байхад ийм хэмжээний хүн бүртгүүлжээ. Түүний хэлснээр тус эмнэлэг хүмүүст аль болох л шуурхай үйлчлэхээр нэмэлт арга хэмжээнүүд авч байгаа гэнэ.

Энд нэг зүйл онцлон дурдахад, насаараа эмнэлгийн байгууллагад ажиллачихаад аав, ээж, ах, дүүгээ хавдрын эмнэлэгт дугааргүй хэвтүүлж чадалгүй нүд аниулсан тохиолдол цөөнгүй гарсан юм билээ. Энэ бол ХСҮТ-ийн ачааллыг илтгэх бас нэгэн жишээ. Энэ эмнэлгийнхнийг “Ар, өврийн хаалгаар үйлчилдэг” гэж шүүмжилдэг хүмүүс бий. Тэд нөхцөл байдлыг зөв ойлгоосой гэсэндээ үүнийг дурдлаа. Манайхны дунд улаан хоолой, ходоод, элэг, умайн хүзүү, хөхний хавдрын тохиолдол асар өндөр, өвчлөгсдийн нас улам залуужиж байгааг эмч нар дуулгасан.

Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч Н.Бадрал “Монголчууд маань хавдартай болж байгаа нь хувь хүний хариуцлагатай холбоотой” гэснийг бид санах учиртай. Хавдрын өвчлөлөөрөө дэлхийд толгой цохиж яваа улсын ХСҮТ-ийн үйл ажиллагааг ганцхан өдөрт сурвалжлах боломжгүй нь мэдээж.

-Уучлаарай, зөрмөөр байна, та жаахан зай гаргаад өгөөч.

-Хөл гишгэх зайгүй байхад яах гээд байгаа юм бэ...

Монголчууд бид хавдар хэмээх өвчинд хэр идүүлж байгааг ХСҮТ хэмээх улсын ганц эмнэлэгт хөл тавих зайгүй байгаагаас харж болно.

Бэлтгэсэн: Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Д.ГАНЗОРИГ: 40-өөс дээш насныхан эрт илрүүлэх үзлэгт хамрагдана

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хавдрын өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж манай улсад бүрдсэн үү?

-Халдварт бус өвчин дэлхий дахинд төдийгүй манайд ч сүүлийн жилүүдэд ихсэж байгаа. 2017 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйг тогтоосон. Тодруулбал, манай улсын хүн амын дундах өвчин, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг нь хавдар юм. Хорт хавдрын судалгааны агентлагийн мэдээлснээр дэлхийд, түүний дотор Монголд хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдэх хандлагатай байна. Хавдартай хүмүүсийн 80 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үедээ өвчнөө оношлуулж байна. Тэгэхээр ийм хүмүүсийн 60 хувь нь нэг жил ч амьдрахгүй нас бардаг гэсэн үг. Ер нь эрт үед нь найдвартай оношлох боломжтой элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар нийт өвчлөлийн 75 хувийг дангаараа эзлэх жишээтэй.

-Улс энэ тал дээр ямар бодлого боловсруулан, ажиллаж байна вэ?

-Хавдрын өвчлөлийг бууруулахаар олон ажил хэрэгжүүлж байна. “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-д тусгаснаар халдварт бус өвчин, хавдар, түүнээс шалтгаалан нас барах хүний тоог бууруулахтай холбоотой эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт, үр дүнг нь хангахын тулд хууль, эрх зүйн тогтолцоог шинэчлэн, сайжруулж байгаа. Тиймдээ ч эрүүл мэндтэй холбоотой хууль тогтоомжуудыг шинэчлэн боловсруулж, батлуулахаас гадна нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хууль, Тамхины хяналтын болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг дурдаж болно.

-Цаашид уг өвчинтэй хэрхэн тэмцэх вэ. Өвчний тархалт, нас баралтыг төдөн хувьд хүргэнэ гэсэн төлөвлөгөө бий юү?

-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг өнгөрсөн онд шинэчлэн боловсруулж, батлуулсан. Үүнийгээ ирэх 8-10 жилд мөрдөх юм. Түүнчлэн 2020 он гэхэд элэгний С вирусийн голомтыг устгаж, халдварын тархалтыг таслан зогсоохоор “Элэг бүтэн Монгол”, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу энэ оноос улс даяар иргэдээ анх удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах боллоо. Үүний хүрээнд 40-өөс дээш насны даатгуулагчид зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд, тэр дундаа найман төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж, цаг алдалгүй эмчлүүлэх боломж бүрдэх юм. ХДХВ-ийн халдвар, сүрьеэ, хөх, умайн хүзүү, элэгний хатуурал, хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчнийг эрт илрүүлэхэд шаардлагатай зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн.


Бэлтгэсэн: О.БАТ

БАЙР СУУРЬ

Хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой

Ч.ЭНХБОЛД (Хавдар судлалын үндэсний төвийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, анагаах ухааны доктор):

-Энэ оны эхний хагаст нийслэлийн хэмжээнд эмнэлэгт нас барсан хүмүүсийн 62, манай төвөөр 6069 хүн эмчлүүлсний 88 хувь нь хорт хавдартай байсан. Дийлэнх хувийг элэг, ходоодны хавдар эзэлдэг. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар монголчуудын элэгний хорт хавдрын үзүүлэлт дэлхийн дунджаас 6-8 дахин их гарчээ. Энэ нь 100 мянган хүн тутмын 63 нь хавдартай гэсэн үг юм. Оны эхний зургаан сарын үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 26 хувь нь элэгний хавдартай байна. Шалтгаан нь B, C вирусийн халдвар, архидалт, таргалалт, чихрийн шижин зэрэг юм.

Зүү тариурыг буруу хэрэглэх, шивээс, гоо сайхны мэс засал хийлгэх, шүдээ авхуулахдаа эрүүл ахуйн шаардлага хангаагүй багаж, төхөөрөмжөөр дамжуулан B, C вирустэй болох нь элбэг. Элэгний вирустэй болбол эдгэдэггүй гэх буруу ойлголт нийгэмд түгээмэл. Шинжилгээ өгч, илэрсэн тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдах боломжтой. Нийт өвчлөлийн 80 хувийг хожуу шатанд илрүүлсэн. Энэ нь хүмүүс өөртөө хайхрамжгүй ханддагийг харуулж байна. Хавдрыг эрт илрүүлж, эмчлүүлбэл үр дүнтэй. Харин сүүлийн шатанд хүрчихээр эмчилгээ авах нь удаан, зарим тохиолдолд эмчилгээгүй болох нь ч бий. Иймд эрт илрүүлэх хамгийн чухал. Хавдар халдварт өвчин биш учир урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд хавдрын эсрэг вакцин хийлгэх, эрүүл хоол хүнс хэрэглэх, мансууруулах бодис, согтууруулах ундаанаас татгалзах, ажил, амралтаа зохицуулж, бухимдлаа эрүүл аргаар тайлах хэрэгтэй.

Өвдөхгүй байсан ч шинжилгээ өг

М.АДИЛСАЙХАН (Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хавдар, цус судлалын тэнхимийн эрхлэгч):

-Хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллох, муу зуршилгүй байх, эмчид тогтмол үзүүлэх хэрэгтэй. Эдгээрээс гадна эрт илрүүлэх нэн чухал. Эрт оношлуулж, дуран болон шарах мэс засал хийлгэвэл эмнэлэгт хэвтэх ч шаардлагагүй өдөртөө л гарах боломжтой. Эрхтэн тайруулах, солиулахгүй гэсэн үг. Хавдар нь хүнс, усны бохирдол, хөдөлгөөний дутагдал буюу таргалалт, архи, тамхи, хангалтгүй ариутгал, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг. Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг тааруугаас өөрийгөө хамгаалах дадалгүй болсон байна. Хавдар хожуу шатандаа орвол өвөрмөц шинж тэмдэг илэрнэ. Харин эрт илрүүлэхийн тулд хэзээ ч бүү шинж тэмдэг хай. Өвчин зовиургүй байсан ч эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой. Манай улсын хорт хавдраар өвчлөгсдийн 93 хувь нь 40-өөс дээш насныхан байдаг. Тэгэхээр 40-өөс дээш насны бүх хүн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Хавдрын нийт тохиолдлын 80 орчим хувь нь хожуу оношлогдсон байдаг. Оройтох тусам хорт чанар өндөр, эмчилгээний үр дүн бага, зардал их шаардана. Тиймээс шинж тэмдэг илрэхгүй, өвдөхгүй байсан ч шинжилгээ өгөх ёстой.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Монголд элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөр байгааг анхааруулжээ

Хорт хавдар нь манай гаргийн хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болдог. Энэ онд л гэхэд 9.6 сая хүн уг өвчнөөр нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Уг өвчнөөр нас барагсдын гуравны нэг орчим хувь нь жингийн илүүдэл, жимс, ногооны бага хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, архи уух, тамхи татах гэсэн таван хүчин зүйлийн улмаас хорвоог цаг бусаар орхисныг үүнд тодотгосон байна.

АНУ-ын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн (IHME)-гээс 2016 он (хамгийн сүүлийн судалгаа)-д хорт хавдраар нас барсан үзүүлэлт хамгийн өндөр орнуудыг нэрлэжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тийм өвчтэй болсон хийгээд уг өвчнөөр нас барсан хүний тоо 30 гаруй хувиар өссөн аж. Хамгийн олон хүн нас барахад хүргэсэн нь уушгины хорт хавдар гэнэ. Энэ өвчнөөр 1.76 сая хүн хорвоог орхижээ. Дараа нь гэдэс (862 мянга), ходоод (783 мянга), элэг (782 мянга), хөх (627 мянга)-ний хорт хавдар орсон байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэснээр хөгжингүй орнуудад хорт хавдар илүү тархсан гэнэ. Монголд элэг, ходоод, Унгарт гэдэс, Умард Солонгост уушги, Өмнөд Солонгост ходоод, Австралид арьс, Исландад бамбай булчирхайн хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин хамгийн өндөр байгааг судлаачид анхааруулсан байна.

Хөгжингүй орнуудад өвчлөл, нас баралтын үзүүлэлт өндөр байгаа нь нэг талаар, тэдгээр улсын анагаах ухаан илүү хөгжсөн учраас хорт хавдрыг эрт үед нь оношилж буйтай холбоотой аж. Нөгөө талаар, гуравдагч ертөнцийн орнууд, тухайлбал, Сирийн иргэд дайнд амь эрсдэж байна. Дэлхий даяар хорт хавдартай идэвхтэй тэмцэж байна. Хорт хавдрыг эмчлэх арга боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Америк, Японы эрдэмтдэд Нобелийн анагаах ухаан, физиологийн салбарын шагнал олгох болсон нь энэ өвчин түгшүүрийн харанга дэлдсэнийг илтгэнэ. АНУ хорт хавдартай тэмцэх чиглэлд хувийн болон төрийн хөрөнгө оруулалтыг нэмж, судалгаа болон анагаахын ажилтан хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах ажлыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус улсын хувийн компани, эрдэмтэд хорт хавдрын вакцин гаргахын тулд дархлааны эмчилгээг бий болгох зорилгоор “Cancer moonshot” хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж буй. 2020 оны эцэст уг хөтөлбөрийг дүгнэх аж. Үүнд дурдсанаар 2030 он гэхэд дэлхийд жил бүр 12 сая хүн хорт хавдраар нас бардаг болох гэнэ.

Манай хойд хөршид энэ онд хавдартай тэмцэхийг тэргүүлэх зорилтоо болгож, санхүүжилтийг нь эрс нэмэгдүүлэх замаар шинэ арга нэвтрүүлэхэд бүх нутгаа идэвхтэй хамруулж байна. Тус улс даяар өндөр технологийн төвүүд нээгдэж, их сургууль, шинжлэх ухааны академиуд шинэ арга боловсруулж буй гэнэ. Тухайлбал, тус улсын Арьсны хорт хавдрын оношилгоо, эмчилгээний төвийнхөн ухаалаг утсанд программ суулгах замаар арьсны хавдрыг эрсдэлийн ямар бүлэгт хамаарахыг тогтоодог болжээ. Пенза мужийнх нь Хавдрын төв өвчтөнөөс урьдчилан авсан чөмгөө шилжүүлэн суулгах арга нэвтрүүлэх гэж байна.

Хорт хавдрын улмаас хамгийн олон хүн нас барсан улс

(2016, 100 мянган хүн тутамд)

Бэлтгэсэн: З.АМГАЛАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)