Хабиб аварга цолоо бус шагналын мөнгөө хураалгана


Лас-Вегаст болсон “UFC 229” тулааны үеэр К.Макгрегорын дасгалжуулагч руу дайрсан учир Х.Нурмагомедовыг 250 мянган ам.доллароор торгох хувилбарыг Невада мужийн спортын хороо ярилцаж байгаа гэж UFC холбооны ерөнхийлөгч Д.Уайт өнгөрсөн мягмар гарагт мэдэгдлээ. Түүнээс гадна Хабибын тэмцээнд оролцох эрхийг нь 4-6 сарын хугацаагаар хасаж магадгүй аж. Дээд түвшний тулаанчид хагас жилд нэг удаа дэвжээнд гардаг учир энэ нь тийм ч айхтар шийтгэл биш байж болох юм. Хамгийн гол нь Д.Уайтын өгүүлснээр Х.Нурмагомедов UFC холбооны аваргын бүсээ хадгалж үлдэх бөгөөд ийм хэрэг өдүүлснийхээ төлөө тус холбооноос хасагдахгүй гэнэ. Тэр байтугай UFC орос тамирчныг үнэмлэхүй чансааны наймаас хоёрдугаар байр хүртэл ахиулсан байна.


“UFC 229” тэмцээний дараа олон хүнийг хамарсан зодоонтой холбоотой шийдвэрийг тус мужийн спортын хороо дүрэм ёсоор 4-8 долоо хоногийн дараа бус, харин ойрын 48 цагийн хугацаанд яаралтай гаргах ажээ. Энэ нь тулааны хоёр гол оролцогч гэм буруутайд тооцогдож буйгаас шалтгаалж байгаа аж. Х.Нурмагомедовоос гадна К.Макгрегорыг ч таагүй явдал хүлээж байж болзошгүй. Магадгүй эл тулааныг огт болоогүйд тооцох ч хувилбар дуулдаж байгаа. Ингэсэн тохиолдолд Хабиб аварга цолоо хадгалж үлдэх боловч шагналын хоёр сая доллароо хүртэхгүй, Конор ч гурван сая доллар авахгүй. Хабиб, Конорын дуулиант тулааны талаарх яриа одоо болтол олны анхаарлыг татсан хэвээр байгаа ч хоёр талын зарим төлөөлөл байр сууриа зөөлрүүлжээ. Тухайлбал, Д.Данистай цуг танхимд байсан К.Макгрегорын дасгалжуулагч Ж.Кавана Невада мужийн тамирчны хорооныхон орос тулаанчид энэрэнгүй хандаж, эрхийг нь хасахгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Харин Хабибын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгээ Лас-Вегасаас ирэнгүүт нь хатуу шийтгэнэ гэж хэлсэн үгээсээ буцсан болохоо, мөн гэр бүлийнх нь талаар элдэв доромж үг хэлсэн Конорт муу санахгүй гэдгээ мэдэгдсэн аж. Тэрбээр инстаграмдаа “Би Макгрегорыг өршөөж байна, өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдэг. Болсон бүхэнд үнэлэлт, дүгнэлт өгч, өнгөрснөөсөө суралцах хэрэгтэй. Аксакал болон ухаант өвгөдтэйгээ ярилцсаны эцэст дараагийн өндөрлөг өөд тэмүүлэхээр шийдсэн” гэж бичив.

КОНОРЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ

Хабибт ялагдсанаасаа хэдхэн цагийн дараа Конор “Хариугаа авахыг хүсэж байна” гэж ярьсан. Харин UFC түүний хүссэнээр ахин Хабибтай тулалдуулах, эсэх нь тодорхойгүй. Холбооны ерөнхийлөгч Д.Уайт “Тэднийг аль болох хол байлгахыг хүсэж байна” гэж ам алдсан. Гэвч октагонд анхны ялагдлаа хүлээснийхээ дараа Конор Н.Диастай тун удалгүй хариу тулаан хийж, ялалт байгуулан аварга цолоо эргүүлэн авч байсныг мартаж болохгүй. Конорын хувьд өөр нэг боломжит сонголт бол шинэ жинд өрсөлдөх юм. Тэрбээр Хабибтай тулалдахын өмнө “Бид хоёр 74.8 кг-ын шинэ жинд тулалдаж болох юм. Түүнээс гадна арван фунт тутамд хэд хэдэн шинэ жин үүсгэх боломжтой. Олон жин байх тусам олон аваргатай болно” гэж мэдэгдсэн билээ.


ХАБИБЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ

UFC түүнээс бүсийг нь хураахгүй учир аварга цолоо хамгаалах тулаан хийх боломжтой гэж үзэж болно. Гэхдээ Невада мужаас түүнд ногдуулах шийтгэлээс хамаарч тун ойрын хугацаанд Хабиб октагонд гарахгүй болов уу. Ерөөс тун удахгүй тодорхой болох шийтгэлээс Хабибын хувь заяа тодорно. Мөн түүнд АНУ-ын визтэй холбоотой асуудал үүсвэл ахин тус улсад тулаан хийх боломжгүй болох юм. Шийтгэлийн хугацаа хэт урт буюу дор хаяж нэг жил болбол Хабибын тамирчны замнал нь нэг хэсэгтээ зогсонги байдалд орох аюултай.

Харин байдлыг өөдрөгөөр харах аваас Хабибт хоёр боломжит хувилбар бий. Нэгд, Конортой хариу тулалдах, эсвэл холимог тулааны шилдгүүдийн нэг Тони Фергюсонтой аварга бүсээ хамгаалах тулаан хийх юм.


ГЭРТЭЭ ИРЭВ

UFC холбооны аварга Х.Нурмагомедов өнгөрсөн даваа гарагт төрсөн гэртээ иржээ. Тэрбээр АНУ-аас 17 цаг ниссэний эцэст Дагестанд ирсэн агаад зохион байгуулагчид хэт олон хүн цугларахаас сэргийлж, угталтыг нисэх буудалд бус, “Анжи арена” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан аж. Хэвлэлд гарсан мэдээллээр тус цэнгэлдэхэд 9-11 мянга орчим хүн цуглажээ. Хабиб Дагестаны спортын сайд М.Магомедов, аав Абдулманапын хамт гарч ирэн, аваргын бүсээ харуулахад үзэгчид суудлаасаа тэсэлгүй босож, хөлбөмбөгийн талбай руу нэвтэрсэн ч эмх замбараагүй байдал хараахан үүсээгүй гэнэ.

ДААРИН ДЭЭР ДАВС НЭМЭГЧ ХЭН БЭ

Х.Нурмагомедовыг октагоноос гарч, санаанд оромгүй хэрэг өдүүлэхэд хүргэсэн этгээд бол Диллон Дэнис. Тэрбээр АНУ-д төрсөн, энэ жил 25 настай, жиү жицүгийн хар бүстэй. К.Макгрегорыг Н.Диаст ялагдсаны дараа буюу 2016 онд Дэнис Конорын багийн гишүүн болжээ. Тэрбээр үүнээс өмнө Нью-Йоркт дэлхийн шилдэг грэпплерүүдийн нэг Марсело Гарсиягийн академид суралцаж байв. 2014 онд жиү жицүгийн ДАШТ-д түрүүлж байсан агаад Конортой танилцсаны дараа академиа орхижээ. Конортой тэрбээр спортын төдийгүй бусад тал дээр ч санаа нийлдэг, сайн найз нь болсон аж.

Ялангуяа Хабибын сууж явсан автобус руу Конор дайрч, цагдаад баривчлагдсаных нь дараа барьцааны 50 мянган долларыг Диллон төлснөөр салж хагацашгүй андууд болжээ. Түүн рүү Хабиб яагаад дайрах болсонд хоёр шалтгаан бий гэж үздэг.


Нэгдүгээрт, эртний үл ойлголцол. 2017 оны нэгдүгээр сард болсон явдлын талаар Дэнис ийн дурсжээ. “Хабиб заримдаа миний бэлтгэл хийдэг зааланд ирдэг байлаа. Түүний менежер Майк Константино нь манай заалны дасгалжуулагч байсан юм. Хабиб үргэлж л “Самбо амархан байсан бол түүнийг жиү жицү гэж нэрлэнэ” гэсэн тэнэг майктай явдаг байсан. Би түүнд аль спорт нь илүү болохыг шалгаж үзье, хоёулаа үзэлцье гэсэн ч тэр хариу хэлээгүй. Магадгүй үүнд тэр их гомддог байх” гэж Дэнис ярьсан юм.

Хоёрдугаарт, Хабиб, Конорын тулааны өмнө Дэнис ам хуурай байгаагүй. Тэрбээр Конорыг зүйл бүрээр магтаж, Хабибыг байнга өөлж байсан юм. Тулаан дууссаны дараа ч Дэнис Хабибыг элдвээр хэлсээр байсан нь дагестан эрийн “шарыг хөөргөсөн” юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)