“Хаан”-ы хамгаалагч

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ). Энэ нэрийг сонссон даруйд л Ялалтын талбайн зүүнтээ байх цайвар цэнхэр барилга, үе үе хэвлэлийн хурал хийж, нийгэмд дуулиан дэгдээдэг тэр нэгэн дарга асан эрхгүй санаанд буудаг юм. Зарим хүн “ШӨХТГ сүр хүчгүй, чимээ аниргүй боллоо. Цагтаа манаргадаг л байсан” хэмээн шүүмжлэх нь бий. Харин тэнд ажиллагсад “Бид хуулийнхаа хүрээнд ажлаа хийгээд л явж байна. Нийгэм тэртээ, тэргүй бухимдалтай байхад шуугиан дэгдээж, сенсац үүсгэхийг чухалчилдаггүй. Хэн нэгэн удирдах албан тушаалтанд таалагдахын тулд ажилладаггүй. Шаардлагатай үед дуугардаг” хэмээн ярьсан юм.

ШӨХТГ гэж ямар байгууллага байдаг, тэд чухам юу хийдэг тухай ойр хавийнхнаасаа асуухад “Иргэдийн гомдол, маргааныг шийдвэрлэдэг, үйлчилгээний чанарт хяналт тавьдаг” гэсэн нийтлэг хариулт хэлэв. Харин тус газрынхан эрхэм зорилгоо “Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга, нээлттэй зах зээл бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино” хэмээн тодорхойлж, байгууллагынхаа туганд хоёр гарын алга бүхий арга билгийг улаан, цэнхрээр сүлэлдүүлсэн нь аж ахуйн нэгж, хэрэглэгч хоёрын эв санааг илтгэжээ.

Тус агентлаг нь Төрийн захиргаа, удирдлагын, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зах зээлийн судалгааны, Хамтын ажиллагааны гэсэн таван газартай. Эдгээрээс хамгийн ачаалалтай буюу хэрэглэгчидтэй өдөр тутам тулж ажилладаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар. Бухимдсан, гомдсон, хохирсон, асуудлаа шийдүүлэх гэсэн иргэд энэ л газрыг зорьдог аж. Харин тэр бүхнийг хууль ёсны дагуу шийдэхэд Шагдарсүрэнгийн Цэрэндулам хэмээх бүсгүй гол үүрэг гүйцэтгэдэг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын даргын алба хашдаг тэрбээр “Бидэнд очихгүй газар, уулзахгүй хүн, харилцахгүй байгууллага гэж үгүй” хэмээн ажлынхаа онцлогийг тодорхойлсон юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, Багануурын Хүүхдийн төлөө төв (хуучнаар)-д захирал, Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр 2012 оноос Токиогийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд суралцан, нийгмийн (тэр дундаа эрүүл хотын) удирдлага сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2016 оноос ШӨХТГ-ын Хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад 2018 оны арванхоёрдугаар сард өнөөдрийн албан тушаалд томилогджээ. ШӨХТГ, тэр дундаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрынхан юу хийдгийг Ш.Цэрэндуламын “Нэг өдөр”-ийн сурвалжилгаар хүргэхийг зорилоо.

08.30 цаг. Засгийн газрын XI байрны есдүгээр давхарт байх 906 тоот өрөөнд зочинтойгоо баасан гарагт болзсон цагтаа уулзлаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрынхан даваа, баасан гаргийн өглөө шуурхай хуралддаг гэнэ. Тэрбээр удахгүй болох хуваарьт хурлын үеэр хэлэлцэх асуудал, мэргэжилтнүүддээ даалгах ажлаа нэгбүрчлэн тэмдэглэж, “Тэрийг тэгнэ, энийг ингэнэ. Энэ болсон” гэх зэргээр өөртэйгөө ярьж, бичиг цаасаа эмхэлнэ. Би их ажилтай үедээ яг л түүн шиг ганцаараа баахан ярьдаг учраас энэ үйлдэл нь надад танил санагдаж, эрхгүй инээд хүрэв. Ш.Цэрэндулам үүнийг анзаарсан уу гэлтэй “Би ганцаараа сайхан ярина шүү. Төлөвлөсөн ажлуудаа мартахгүйн тулд ингэж бүртгэдэг юм. Заримдаа ажлын бүтээмж сайжраад байх шиг санагддаг” хэмээн инээд алдлаа.

Түүний ширээн дээр академич С.Нарангэрэл гуайн “Чингис хааны шастир”, “Хуулийн амин сүнс ба Чингис хаан, монголчууд” ном харагдана. Тэрбээр “Хэрэглэгчийн эрх, эрх зүйн гарын авлага” хэмээх ном бичиж байгаатай холбогдуулан академичаас зөвлөгөө авч буйгаа хэлээд “Багшийг эдгээр номоо санал болгоход нь эрх ашигтай холбож хэрхэн тайлбарлах вэ гэж эргэцүүлэн бодож байлаа. Уншаад автсан, ойлгосон. Эрх ашгаас үүдэлтэй энэ их маргаантай асуудлуудыг цаад углуургаар нь авч үзэхээр хүний ёс зүй, ёс суртахуун, итгэлцэл, үнэнч шударга байдал гээд яалт ч үгүй сууриараа, уламжлалаараа холбогддог юм байна” гэв.

08.45 цаг. ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын өрөөнд орлоо. Сурвалжилгын баатар маань даргадаа ажлаа тайлагнаж, хурлаар хэлэлцэх асуудлаа танилцуулав. Б.Лхагва “Бид 2016 оноос хамтран ажиллаж байна. 24 цаг холбоотой ажилладаг гэхэд хилсдэхгүй. Асуудал ундарч байдаг учраас шөнө орой ч хамаагүй “Яах вэ, ийх вэ” гээд зөвлөлддөг” гэлээ.

Энэ газрыг удирдах хугацаандаа ямар бодлого баримталж ирсэн, тулгамдсан бэрхшээл юу байна хэмээн түүнээс асуухад “Хэрэглэгч, аж ахуйн нэгжийн харилцаа, эрх ашгийг тэнцвэртэй байлгахыг л зорьдог. Хэрэглэгчийн буруу байвал хэрэглэгчид бурууг нь хүлээлгэж, аж ахуйн нэгж алдаа гаргавал түүнийг засуулах нь чухал. Ингэхдээ бүх зүйл хууль, эрх зүйн хүрээнд байх ёстой. Манайх 16 жилийн өмнө 35 мэргэжилтэнтэй байгуулагдсан. Одоо ч ийм бүрэлдэхүүнтэй. Орон тоо, бүтцийн хүндрэлээс болоод нэг мэргэжилтэн 2-3 хүний ажил хийдэг. ШӨХТГ-ыг орон нутагт “хөл, гартай болгох” шаардлагатай. Орон нутагт мэргэжилтэнгүй учраас тэнд хяналт тавих нь үлгэр. Үүнийг Засгийн газар шийднэ гэж найдаж байгаа” гэсэн юм.

09.10 цаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын хурал найман хүний бүрэлдэхүүнтэй эхэллээ. Тус газарт энэ сарын 12-18-нд 35 иргэн хандсанаас 33 нь тусгай утсаар холбогдож, хоёр нь биечлэн иржээ. Үүний 11 нь өргөдөл, гомдол, долоо нь санал, лавлагаа байсан бөгөөд 17 иргэн зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж, 470 мянган төгрөгийн хохирол барагдуулсан гэж байцаагч нар нь энэ үеэр тайлагнав.

Тус газарт долоо хоногт дунджаар 90-100 гомдол ирүүлдэг гэнэ. Нэг байцаагч өдөрт 12-13 өргөдөл, гомдол хүлээн авдаг гэсэн үг. Харин энэ удаа гурав дахин бага гомдол ирүүлжээ. Магадгүй энэ нь цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой болов уу. Нийт гомдлын зонхилох нь худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой байдаг аж.

“Хархорин” худалдааны төвийн түрээслэгчид эзнээ ховложээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тус төв түрээсийн төлбөрөө гурван сарын турш 20 хувиар хөнгөлжээ. Харин саяхнаас түрээсээ хэвээр нь авч эхлэхээ мэдэгдэхэд бухимдсан наймаачид ийн алтан хошуу өргөсөн байна. “Натур” төвд мах зах зээлийнхээс хэт өндөр үнэтэй борлуулж байгааг нэгэн иргэн мэдээлжээ. Бас нэг нь элэгний нухаштай холбоотой гомдол мэдүүлсэн байв. Байцаагчид энэ мэтчилэн иргэдийн гомдол, саналыг нэгбүрчлэн танилцуулж дуусахад Ш.Цэрэндулам дарга тэдэнд чиглэл өгч, хариуцах ажлыг нь хуваарилав. “Хархорин” худалдааны төвийн асуудалд наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Хаана хаанаа хэцүү байгаа учраас шууд түрээсийн төлбөрөө буулга гэж болохгүй. Гурван сарын турш хөнгөлсөн байна шүү дээ. Дахиад хөнгөлөх боломжтой юу гэж асуугаарай” гэж захихад нэг байцаагч “Хэцүү хэцүү. Түрээсийн төлбөрөө ер буулгаагүй худалдааны төвүүд ч бий” хэмээсэн юм.

Байцаагч бүр дэвтэр, үзэгтэй. Тэд хэлэлцсэн асуудал, хариуцуулсан ажлаа дор бүрнээ тэмдэглэж аваад хурлын өрөөнөөс гарцгаав.

09.40 цаг. Ш.Цэрэндулам өрөөндөө ажлынхаа компьютертой нөхөрлөн сууна. Өргөдөл, гомдол хэрхэн шийдвэрлэсэн, тус газраас явуулсан албан бичигт аж ахуйн нэгж, байгууллагууд ямар хариу явуулсныг цахимаар хянадаг юм байна. Тэрбээр “Цахим систем хүмүүсийн ажлыг их хөнгөвчилсөн шүү” гэв.

Арлын оронд сурч байсны хувьд манай хоёр орны иргэдийн хандлага, тэр дундаа хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой харилцаа ямар ялгаатайг түүнээс асуухад “Их ялгаатай. Япончууд ёс зүй, ёс заншлыг эн тэргүүнд тавьдаг учраас харилцахад, ойлголцоход их амар. Хууль нь үүний дараа ордог. Ганцхан жишээ дурдъя. Тэнд нэг гар утас худалдаж авахын тулд бараг 1-2 цаг сууж, гэрээ сэлт байгуулж, баахан бичиг баримт болдог. Тухайн үедээ төвөгтэй, залхмаар юм шиг боловч энэ нь хожмын үл ойлголцол, асуудлаас сэргийлдэг юм билээ. Гэтэл манай иргэд бараг хэдхэн минутын дотор бараа, бүтээгдэхүүнээ худалдаж авдаг шүү дээ. Дараа нь “Чанаргүй бүтээгдэхүүн зарлаа, эвдэрчихлээ. Буцаах гэхээр авахгүй байна” гээд л бөөн асуудал үүсгэж, бидэнд ханддаг” хэмээн ярив.

Түүний бичиж буй “Хэрэглэгчийн эрх, эрх зүйн гарын авлага”-тай танилцлаа. НӨАТ-ын баримтын тухай хэсэг нь анхаарал татав. Австрали зэрэг улсад худалдан авсан бүтээгдэхүүний баримтад тухайн барааг хаанаас, хэзээ, хэдэн төгрөгөөр авсан, хэрхэн яаж буцаах ёстой гээд бүх төрлийн мэдээллийг агуулдаг юм байна. Манайх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульдаа “НӨАТ-ын падаан нь төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, худалдаа эрхлэгчийн утасны дугаар, хаяг, бүтээгдэхүүний нэр, код, үнэ, төлбөрийн мэдээллийг агуулна” гэж тусгасан ч бодит амьдралд хэрэгжихгүй байгаагаас аж ахуйн нэгж, хэрэглэгчийн дундах олон маргааны үндэс болдог гэнэ.

11.00 цаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газарт нөөцийн махны хүртээмж, үнэтэй холбоотой гомдол, санал ирэх нь сүүлийн үед олширчээ. Үүнтэй холбогдуулан тус газрынхан энэ өдөр төлөвлөгөөт шалгалт хийх хуваарьтай байж. Ингээд Ш.Цэрэндулам хоёр “цэргээ” дагуулан гарлаа.

Тэдний очсон эхний газар нь Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах “Улз” хэмээх найман нэрийн дэлгүүр. “Эй эн ди эм” компани тэднийд мах нийлүүлдэг аж. Тэнд үхрийн ястай махыг кг нь 7700, хониныхыг 6700, ямааныхыг 6200 төгрөгөөр борлуулж байна. Худалдагч н.Алтанцэцэг “Манайх нэг авахдаа үхэр, хонины голдуу 200 кг мах авдаг. Эхэндээ 2-3 хонодог байсан бол одоо өнжөөд л дуусчихдаг. Сүүлд ирж байгаа махнууд амттай, зөөлөн гээд иргэд ам сайтай л байна. “Эй эн ди эм”-ийнхэн даваа, лхагва, баасан, ням гарагт махаа авчирч өгдөг” хэмээн ярилаа.

“Ковид-19”-тэй холбогдуулан үндэсний үйлдвэрлэгчид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдэл гаргасан. Мэргэжилтнүүд үүнийг тандах зорилгоор зарим бүтээгдэхүүний үнийн судалгааг авсан юм.

Шалгалтынхны очсон дараагийн дэлгүүр нь “Гэгээ”. Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн замын эсрэг талд буюу БОАЖЯ-ны ойролцоо орон сууцын хороолол дунд байрлах тус дэлгүүрийн худалдагч мөн л нөөцийн мах эрэлттэй, нийлүүлэлт тасрахгүй ирж буйг онцолсон. Улсын байцаагч Т.Мөнгөнцэцэг түүнээс өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн судалгаа авлаа.

“Сонгино, байцай, өндөгний үнэ бага зэрэг нэмэгдсэн байна. Бусад нь хэвийн. Хүмүүс дэлгүүрийн лангуу дүүрэн байвал л бүх зүйл хэвийн гэж ойлгодог. Ийм байлгахын тулд олон байгууллагын эрх ашгийг хамгаалж, уялдаатай ажиллах хэрэгтэй болдог. “Ковид-19” дэлхий нийтийг цочроосон энэ үед манай эрүүл мэндийн байгууллагууд шуурхай ажиллаж, хяналтдаа авсан. Бид ч хариуцсан ажилдаа эзэн болж, чадах зүйлээрээ тэдэндээ нэмэр болохыг хичээж байгаа” хэмээн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга ярилаа.

Худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний үнийг шалтгаангүй нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн нөхцөлд хяналт шалгалтад гамшгийн улсын байцаагч ШӨХТГ-ынхантай зайлшгүй хамт явах шаардлагатай гэнэ. Энэ өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгийн улсын байцаагч тэдэнтэй хамт явах байсан ч өөр ажилд томилогдсон учраас ирсэнгүй.

12.30 цаг. Засгийн газрын XI байрны нэгдүгээр давхарт байрлах “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. Тус төв нь ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, гэрээт ажилтан гэсэн цомхон бүтэцтэй. 2016 оны арвванхоёрдугаар сард төв байгуулагдсанаас хойш 8469 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч, 96 сая төгрөгийн хохирол барагдуулжээ.

Хэрэглэгч худалдаа, үйлчилгээний талаар гомдол гаргахад зайлшгүй тусгах ёстой мэдээлэл гэж байдаг юм байна. Хэрэв энэ мэдээлэл үгүй бол тухайн гомдлыг шийдэхэд хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд хэллээ. Үүнд хариуцагч болон хэрэглэгчийн нэр, хаяг, утасны дугаар, бараа, бүтээгдэхүүн худалдан авсан, эсвэл үйлчлүүлсэн баримт заавал шаардлагатай. Зарим иргэн буух эзэн, буцах хаяггүй “захидал” илгээх нь түгээмэл гэнэ.

13.30 цаг. Тэрбээр цаасан дээрхийг дуржигнатал уншина. Удахгүй тавих илтгэлдээ бэлтгэж буй нь тэр. “Ярих зүйлээ мэдэж, өөрийн болгохгүй бол ээрч гацаад хэцүүдвэл муухай” хэмээн тайлбарлалаа.

Үе үе түүнээс асуулт асууж, анхаарлыг нь өөр тийш чангаана. “Та ямар нэг зүйл худалдан авахдаа хэр хянамгай вэ. Хашир үзнэ биз” гэхэд “Мэргэжил нөлөөлөлгүй яах вэ. Хүүхдэдээ ямар нэг зүйл сонгож авах болохоор бүр гайхаад зогсчихдог. Их хэцүү. Гэхдээ “Би байцаагч” гээд хаа сайгүй хашхичаад, шаардлага тавиад, хүмүүсийг сандаргаад байхгүй. Шаардлага тавих үедээ тавьж, алдаа дутагдлыг нь хэлдэг” гэв.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжид торгууль, шийтгэл онооход тулгамддаг бэрхшээл бий юү хэмээн лавлахад “Бодит байдлыг тогтоох л чухал байдаг. Бодит нөхцөл байдлыг үнэлж, хоёр талын асуудлыг тодруулахад Зөрчлийн тухай хууль, Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэдэг. Ийм учраас бүх үйл ажиллагаа прокурорын хяналтад өрнөдөг. Энэ мэтчилэн зөрчил, гомдлыг шийдэхэд хамгийн багадаа 14 хоног шаардлагатай болдог” гэсэн юм.

14.00 цаг. “Ковид-19”-тэй холбогдуулан тус байгууллагаас зохион байгуулсан цахим сургалт эхэллээ. Ш.Цэрэндулам “Хэрэглэгч гэж хэн бэ, тэдний эрхийг яагаад хамгаалах ёстой вэ, аж ахуй эрхлэгч таны үүрэг хариуцлага” сэдвээр эхний илтгэлийг тавьсан бол ахлах мэргэжилтэн П.Хаш-Эрдэнэ “Олон улсын хэрэглэгчдийн байгууллагын “Ковид-19”-ийн үед авч хэрэгжүүлж буй сайн туршлага”-аас хуваалцлаа.

Цар тахал гарснаас хойш онлайн худалдаа, аялал жуулчлалын салбарынхан хэрэглэгчдийг хамгийн их гомдоосон гэнэ. Иргэдийг төөрөгдүүлсэн, бараа, бүтээгдэхүүний сурталчилгаа зарим оронд эрчээ авсан учраас хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагууд маркетинг, сурталчилгаанд онцгой хяналт тавьж буйг дээрх мэргэжилтэн онцоллоо.

“Скайтел”, “Мобиком”, “Emart”, “Мишээл экспо” зэрэг худалдаа, үйлчилгээний томоохон газар, банк санхүү, үүрэн телефон, “Ай Пи” телевизийн үйлчилгээ үзүүлэгч компанийн төлөөлөл бүхий 34 хүн цахим хуралд оролцож, хэрэглэгчдийн санал, гомдлыг хэрхэн шийдсэн талаар болон шинээр санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.

Цахим хурал зохион байгуулсан туршлагагүй учраас “Яах бол” гэж олон өдөр бодож, шаналж явсан ажил нь амжилттай болсонд сурвалжилгын маань гол баатрын магнай тэнийжээ. “Том ажлын ард гарлаа. Бүгдэд нь баярлалаа” гэсээр хурлын өрөөнөөс гарч ирсэн юм.

16.00 цаг. Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн болон дараагийн шатны хөтөлбөрийн төсөл боловсруулан Үндэсний зөвлөл, Засгийн газарт танилцуулах ажлын хэсгийг Ш.Цэрэндулам ахалж буй. Энэ ажлын явц ямархуу байгаа талаар тэрбээр ажлын хэсгийнхэн болон мэргэжилтнүүдтэйгээ зөвлөлдөж, дараагийн хурлын тов гаргаж, хүн тус бүрт даалгавар оноолоо.

16.30 цаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэглэгчийн боловсролыг дэмжих контент бэлтгэж буй. Тус контентын ажлын хэсгийнхэн санал бодлоо солилцов.

Хөгжингүй орнууд том савлагаатай ундаанаас татгалзаж эхэлсэн. Чихрийн агууламж нь тэр хэрээр өндөр байх магадлалтай учраас ийм шийдвэр гаргаж буй гэнэ. Манайд ийм бодлого байдаггүй аж.

Олон улсын зарим байгууллага бүтээгдэхүүний орц, найрлагын мэдээллийг нүүрэн хэсэгт, нүдэнд ил харагдахаар байршуулах тухай асуудал хөндөж эхэлжээ. Гэвч томоохон компаниуд үүнийг тийм ч таатай хүлээж авахгүй байна.

Мексикчүүд ундаа, шүүс өдөр тутам хэрэглэдэг. Тиймээс чихрийн хэмжээг нь онцгой хянадаг.

Хөгжиж буй улс орнуудын хувьд өндөр боловсролтой хүмүүс дориун цалин авах магадлалтай. Тэр хэрээр өргөн хэрэглээтэй, шаардлагагүй зүйл олныг авдаг. Тэр дунд нь чихэр, жимс зонхилдог. Харин орлого багатай хүмүүс эсрэгээрээ. Олсон хэдийгээ ухаалаг зарцуулдаг. Хэрэглээний боловсролыг дээшлүүлэх шаардлагатай.

Мэргэжилтнүүд олон нийтэд хэрэглээний боловсрол олгох “эко” контентдоо ашиглаж, хачирлаж болох энэ мэтчилэн шинэ санаа, шийдлээ хуваалцлаа.

ШӨХТГ-ынхан холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд эрхэм үйлчлүүлэгч” аян саяхан олон улсын шагнал авсан нь энэ байгууллагынханд ихээхэн урам зориг өгснийг мэргэжилтнүүд онцолсон юм.

17.00 цаг. Ажлын цаг дуусаж, саяхан бужигнаж байсан IX давхар нам гүм болов. Ш.Цэрэндулам дарга маргаашийнхаа ажлыг төлөвлөж сууна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш тус газрынхан амралтын өдөр ажиллах болжээ. “Сонгуультай холбоотой маргаан, гомдол тасрахгүй байна. ШӨХТГ холбогдох хуулийн дөрвөн заалтад хяналт тавьж ажиллаж байгаа” гэв.

Аж ахуйн нэгж, хэрэглэгчийн харилцаанд үүссэн ан цав, маргааныг шүүн хэлэлцдэг гэдэг утгаараа нийгмийн бухимдлын гол “эргүүлэг” болсон энэ газрыг удирддаг тэрбээр “Миний нэг өдөр иймэрхүү л өнгөрдөг. Нийгэм биднийг “Юу ч хийсэнгүй” гээд шүүмжлээд л байдаг” хэмээн инээмсэглэсээр үдлээ.