“Хаан” Төгсөө мэргэжлийн боксын оргил руу ойртсоор

Ц.ЭНХТҮВШИН

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд “босоо” яваа Нямбаярын Төгсцогт 11 дэх тулаанаа Нью-Йоркийн алдарт “Barclay’s center” ордонд өчигдөр хийлээ. Өмнөх 10 тулаандаа ялалт байгуулахдаа Төгсөө маань есийг нь КО буюу нокаутаар ялж байсан билээ. “King Tug” хэмээх рингний нэрээрээ мэргэжлийн боксын ертөнцөд хэдийн танил болсон Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь IBO (Олон улсын боксын холбоо) болон WBC (Дэлхийн боксын зөвлөл) холбооны аварга болж байсан Доминиканы боксчин “The Matrix” хэмээх Марреро байв.

Тулаан хоёр боксчны хэн хэнийх нь хувьд маш чухал, тун хариуцлагатай, цаашдынх нь карьерт өндөр ач холбогдолтой, асар олон зүйлийг шийдэх байсан юм. Мэдээж хэн ялсан нь IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших байсан. Хэдийгээр IBO холбоо мэргэжлийн боксын топ-4 холбоонд тооцогддоггүй ч Леннокс Льюис, Владимир Кличко, Рой Жонс, Флойд Мэйуэзер, Рики Хаттон, Мэнни Пакьяо гээд олон аварга энэ холбооны аваргын бүсийг эзэмшиж байсан түүхтэй. 

Гэхдээ IBO холбооны Дэлхийн аваргын бүснээс ч илүү энэ тулааныг тодотгож, “томруулж” байсан гол шалтгаан бол халз тулааны ялагч WBC буюу мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны аваргын төлөө тулалдах эрхтэй болох байв. Тухайлбал, энэ холбооны дэлхийн аварга, АНУ-ын боксчин “бага” Гэри Расселлтай тулалдана гэсэн үг. 2015 онд дэлхийн аварга болсон Расселл аварга цолоо гурван удаа хамгаалаад байгаа боловч 2018 оны тавдугаар сараас хойш тулаан хийгээгүй байгаа билээ. Тиймээс ч холбооноос нь өрсөлдөгчийг нь “хүчээр” сонгон өгч байгаа болов уу. 

Энэ бол Төгсөөд ч, Маррерод ч “алтан” боломж гэсэн үг. Цаашилбал, Гэри Расселл ирэх дөрөвдүгээр сард цолоо хамгаалах тулаанаа хийхээр төлөвлөсөн гэдгээ хэлсэн. Дараа нь бас нэг том холбоо болох WBA (Дэлхийн боксын холбоо)-ийн өөрийн жингийн аварга Лео Санта Крузтай долдугаар сард WBC болон WBA хоёр холбооны аваргын бүсийн төлөө тулалдах санал тавиад байгаа. Лео Санта Круз энэ хоёрдугаар сард цолоо хамгаалах тулаанаа төдийлөн нэрд гараагүй Рафаэль Ривератай хийхээр болсон. Бодвол нэг их төвөггүй ялах байх. 

Улмаар WBC болон WBA гээд хамгийн том хоёр холбооны аваргын төлөөх тулааны саналаас ч татгалзахгүй байх л даа. Энэ нь Төгсцогт болон Маррерод алтан боломж ч болж магадгүй, ийм л учир жанцантай, тийм л том боломж үүсгэх “ньюнс”-тай тулаан байлаа даа, өчигдрийнх. Тиймээс ч хоёр боксчин эхний хоёр раундад хэн хэнийгээ тандсан, арга эвээ олох гэсэн, туршсан байдалтай өнгөрөөсөн. Харин гуравдугаар раундаас эхлээд Төгсөө санаачилгыг авч, Маррерог оновчтой цохилтоор илүүрхсэн. Дараагийн раундад Марреро оноогоор хол хоцрохгүйн тулд илүү идэвхтэй байлаа. 

Ерөнхийдөө тулаан эн тэнцүүхэн есдүгээр раунд хүртэл үргэлжилсэн. Харин сүүлийн 9-12 дахь раундад бол Төгсөө илт илүүрхэж, оновчтой цохилт олныг хийсэн. Ийнхүү бүтэн 12 раунд хүндхэн тулааны эцэст манай Төгсцогтод хажуугийн гурван шүүгч 114-113, 115-112, 116-111 оноогоор санал нэгтэйгээр ялалт өглөө. Тулаанд Төгсөө тун зөв тактиктай байсан. Тун хянуур, хүлээцтэй, хийгүй тулалдлаа. Заавал нокаутаар ялах гэж улайрсангүй. Оновчтой, жинтэй цохилт хийж, тулаанаа бүрэн хяналтдаа байлгалаа. 

Одоо тулаан нэгэнт болоод өнгөрсөн хойно бяцхан нууц бас дэлгэе. Хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган аваагүйн “хариу” ч бас байж болох. Тулаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Төгсөөгийн маань хоолой өвдөж, халуураад ид эрчимтэй бэлтгэлийн үед нэлээд хэдэн өдөр бэлтгэлээ ч хийж чадаагүй юм. Тулааны өмнө өрсөлдөгчөөсөө ч, өөр бусад олноос ч тас нуусан. 

Аргагүй л алт шиг авьяас, асар их тэвчээр, нөр хөдөлмөрийн дүнд бэлтгэлээ гүйцээж, хүчтэй өрсөлдөгчөө ялсныг энд дурдах хэрэгтэй байх аа. 

Ийнхүү манай “Хаан Төгсөө” мэргэжлийн боксын 57.2 кг буюу хагас хөнгөн жинд IBO-ийн Дэлхийн аваргын бүсийг эзэмших боллоо. Энэ бол жинхэнэ эхлэл. Одоо Төгсцогт маань WBC дэлхийн аварга, “Бага” Гэри Расселлтай тулалдана. Расселл дөрөвдүгээр сард тулалдахаар төлөвлөсөн байгаа. 

“Хаан” Төгсөө “Мистер” Расселлыг ялбал WBC-ийн Дэлхийн аварга болоод зогсохгүй WBA-ийн дэлхийн аварга “El Terremoto” буюу “Газар хөдлөлт” хэмээх сүртэй хочит Лео Санта Крузийг “ирүүл”-д дуудаж болно. Тэгвэл WBC, WBA гээд мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй, арвин түүхтэй хоёр холбооны дэлхийн аварга болох ч гаргалгаа байна даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)