ХААН галерейд “Миний Монгол” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын урлагийн түүхэнд орчин үеийн хэв шинжийг агуулсан бүтээлүүд үзэгдэх болж, шинэчлэлийн салхи сэвэлзэн орж ирсэн үе нь 70-аад оны сүүлч, 80-аад оны эхэн юм. Энэ үеэс эхлэн уран бүтээлчид намын захиалгат ажлаас чөлөөлөгдөж, 1990 он гэхэд чөлөөт уран бүтээлчдийн тоо эрс нэмэгдсэн юм. Тэд урлагийн шинэ арга барилыг туршин, хязгааргүй сэтгэлгээгээр дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлүүд туурвиж, тэр хэрээр Монголын орчин үеийн урлаг цэцэглэн хөгжиж ирсэн тухай урлагийн түүхнээ тэмдэглэгдэн үлджээ.

Нийгэм, урлагийн эргэлтийн энэ үеийн дараахан ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан Ж.Питер Морроу олон нийтэд төдийлөн танигдаж амжаагүй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж эхэлсэн юм. Тэрээр ХААН Банкинд Монголын орчин үеийн бүтээлүүдийг цуглуулан, ХААН галерейн эхлэлийг тавьсан билээ. Өнөөдөр ХААН галерейд Ж.Питер Морроу агсны хувийн цуглуулгаас сорчилсон “Миний Монгол” үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Тус үзэсгэлэнд Монголын модерн урлагийн нэрт төлөөлөгчдийн бүтээлүүдээс бүрдсэн нийт 20 гаруй уран зургийг дэлгэжээ. Тэдгээрээс онцгойлон дурдвал, уран бүтээлч Л.Бумандоржийн хөндлөн зохиомжтой алдарт “Гэр хороолол” бүтээл, мөн тухайн цаг үедээ шуугиан дэгдээж байсан  “Ooгийгийн хөрөг”, Монголын тэргүүний сэхээтнүүд болох ихэр ах дүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарын бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ.

Ж.Питер Морроу агсны “Миний Монгол” ном 2017 онд англи хэлээр хэвлэгдсэн бол энэ жил монгол хэлээр олны хүртээл болсон билээ. Уг номыг уншигчдад хүргэхэд ХААН Банк Сан дэмжин ажилласан нь мөн л түүний санаачилсан, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ХААН Банкны тусгай нэгж юм.

 “Миний Монгол” үзэсгэлэн 2020 оны 10-р сарын 23-ны өдрийг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх юм. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)