ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо

ХААН Банкнаас 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг амжилттай зарлан зохион байгуулж, шилдэг 60 сурагчийн нэрсийг тодруулаад байна.

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох “Чанартай боловсрол”-ыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш 12 дахь жилдээ ийнхүү оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж, тэтгэлэгт хөтөлбөр зарлан амжилттай хэрэгжүүлж буй юм.

Энэ онд Монгол Улсын 21 аймаг болон хүн амын суурьшил ихтэй Зүүнхараа, Замын-Үүд сум, мөн Улаанбаатар хотын Багануур дүүргийн сурагчдыг хамруулах зорилго тавьж, өрхийн орлого багатай боловч сурах чин хүсэл эрмэлзэлтэй 60 сурагчийг сонгон тэтгэлэг олгохоор болсон юм. 

Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс шалгаруулалтыг орон даяар 3 үе шаттайгаар явуулсны үр дүнд 2019-2020 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг хүртэх 60 шилдэг сурагчийг тодрууллаа. Шалгаруулалтыг явуулахдаа тухайн сурагчийн суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтүүдийг авч үзсэн юм.

2019-2020 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлгийн эрх авсан шилдэг 60 сурагчийг танилцуулж байна.   

Шалгарсан 60 сурагчийн мэдээлэл

Боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. ХААН Банк өнгөрсөн 11 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1500 гаруй оюутанд 800 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Тэтгэлэг хүртсэн шилдэг сурагчдадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)