“Хааны эрэлд-2017” өндөрлөлөө

“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт өндөрлөлөө. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 10 хоног үргэлжилсэн энэ сургалт дадлагын хаалтад Батлан хамгаалахын дэд сайд болон ЗХЖШ-ын удирдлагууд оролцов.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлдэг таван гол сургалтын нэг нь энэ. Өнөө жилийн сургуулилалтад ротын хээрийн дадлага бэлтгэлийг шинээр зохион байгуулснаараа онцлог болжээ. Орон орны цэргүүд ямар даалгавар гүйцэтгэхээ мэдэхгүй өглөөний бэлтгэлд гарч, олсон туршлага мэдлэгээ оройдоо солилцож байсан гэнэ.

Тухайлбал, тэсвэр хатуужил, ур чадвар, багийн ажиллагаа шаардсан эл сургуулилалтад салаа бүр 10 цэгт үүрэг гүйцэтгэж, энхийг сахиулах явцад түгээмэл тохиолддог байгалийн давагдашгүй аюулыг гарз хохирол багатай туулах, амьд гарах арга ухаан зэрэгт суралцжээ. “Хааны эрэлд-2017”-д амжилттай оролцсон орон орны алба хаагчдыг хаалтын ажиллагааны үеэр шагнаж урамшууллаа.

Сургуулилалтын удирдагч хурандаа Кэйт Фуллер “АНУ-ыг төлөөлж энд удирдагчаар ажилласандаа сэтгэл хангалуун байна. Манай хоёр улсын Зэвсэгт хүчний хувьд энхийг сахиулах ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж, олон улсын сургуулилалт зохион байгуулж буй нь сайшаалтай. Миний хувьд их туршлага хуримтлууллаа” хэмээсэн бол Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний салааны захирагч, ахлах дэслэгч Сэйчи Минами “Олон улсын хээрийн сургуулилалтад анх удаа оролцсондоо баяртай байна. Манай улс энэ сургуулилалтад салаанаас гадна сургагч багш нарын түвшинд оролцлоо. Бусад орны цэргүүдээс ихийг сурсан гэдэгт итгэлтэй байна” гэж ярив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)