“Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуулилалт 17 дахь удаагаа болно

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг  Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа хийхэд бэлэн болжээ.

Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөрийн хүрээнд 2006, 2007, 2016 онуудад уг сургуулийг хамтран зохион байгуулж байв. Харин 2019 онд дөрөв дэх удаагаа энэ хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сарын 14-28-нд манай оронд зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ.

Тус сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршино. Мөн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулна.

Энэ олон улсын сургуульд 35 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцох бөгөөд Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс, зэрэг 7 улс анх удаагаа тус олон улсын сургуульд ирэхээр болжээ.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг дэмжих үйлсэд бодитойгоор оролцож, дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байж ирсэн билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)