“Хааны балет” театрын тэргүүн гоцлоочид МОНГОЛД ТОГЛОНО

балет

Дэлхийн балетын урлагт тэргүүлэгч орнуудын нэг Данийн балетын шилдэг гоцлоочдын тоглолт ирэх сарын 29-нд “Корпорэйт”-д болно. Монгол, Данийн нийгэмлэг, BNGE продакшн, Дани, Монголын нийгэмлэг, Дани улсын “Хааны балет” сан, Олон улсын урлаг, боловсролын хөгжлийн академи, Монголын балетын урлагийн холбоо хамтарч уг тоглолтыг хүргэхээр бэлтгэж байна. Тус театр олон улсын түвшний тэргүүлэх балетчдыг урьж ажиллуулдгаараа онцлог бөгөөд үе үеийн уран сайхны удирдагчдынхаа мэргэжлийн ур чадвараар бахархдаг, тухайн цаг үед хэн ажиллаж байна, түүгээр овоглох шахталаа хүндэтгэж ирсэн уламжлалтай аж. Энэ удаа Монголд ирэх тэргүүлэх есөн гоцлооч, албаны гурван хүний бүрэлдэхүүнтэй багийг “Хааны балет” театрын одоогийн буюу 33 дахь уран сайхны удирдагч Николас Хюббе ахалж буй аж. Театр сонгодог балетыг XVIII, XIX зууны үеийнх нь “хийц”-ээр бүжиглэж, уламжлалт дэгийг хадгалж, хамгаалж ирсэн бөгөөд тоглолтдоо энэ л байдлаар бүжиглэнэ.

балет

Монгол, Данийн нийгэмлэгийн тэргүүн Н.Тунгалаг “Балетаар алдартай Дани улсаас шилдэг уран бүтээлчдийн баг авчрах, энэ урлагийг сонирхогчдод чанартай тоглолт үзүүлэх хүсэл хоёр жилийн өмнө төрсөн. Санаснаа мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажил хэрэг болгох гэж байгаадаа баяртай байна” гэлээ. Олон улсын урлаг, боловсролын хөгжлийн академийн тэргүүн, балетчин Ч.Батгэрэл “Дани улсын “Хааны балет” театрын тэргүүлэх гоцлоочид нь АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг оронд тоглодог, ур чадвартай уран бүтээлч юм. Театр 1748 онд байгуулагдсан. Ийм олон жилийн түүх, туршлагын үр дүн ямар байдгийг удахгүй болох тоглолт харуулна” хэмээж байлаа.

Тоглолтыг зохион байгуулах багт ажиллаж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион “Есөн гоцлооч тус бүрийг бие даасан уран бүтээлч гэж ойлгож болно. Манай балетчин Д.Алтанхуяг бүжиглэхийн зэрэгцээ олон улсын түвшинд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг идэвхтэй уран бүтээлч. Түүн шиг ур чадвартай, ажил хэрэгч зочин уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болно” гэж нэмж тайлбарлалаа.

Хамтран зохион байгуулагч Монголын балетын урлагийн холбооны тэргүүн Ц.Жаргалан “ДБЭТ-ын шилдэг залуу балетчдыг энэ тоглолтод оролцуулах талаар ярилцаж байгаа. Хамтарсан тоглолтоос хэн хэн нь маш их зүйлд суралцдаг” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)