Хаадын хаан

Пакистаны нэрт каввали дуучин, “Шехншах-и-каввали” буюу каввали хөгжмийн хаадын хаан гэгддэг Нусрат Фати Али Кантай (1948-1997) түүнээс дутуугүй өөр нэгэн гайхамшигт дуучин Жефф Баклигийн “Interview” сэтгүүлийн хүсэлтээр 1996 оны нэгдүгээр сард хийсэн ярилцлагыг өөрийнх нь бичсэн өмнөх үгийн хамт хүргэж байна.

Бакли Али Каныг бишрэн шүтэж, өөрийнхөө “Элвис” хэмээдэг байсан агаад хоёр дуучин энэ ярилцлагаас хойш ихэд ойр дотно болсон гэдэг. Гэвч тэдний нөхөрлөл жил гаруйхны настай байв. Учир нь Бакли ердөө дараа жил нь буюу 1997 оны тавдугаар сард 30 насандаа, Али Кан түүнээс гуравхан сарын дараа буюу мөн оны наймдугаар сард 48 настайдаа өөд болсон билээ.

Дуу хөгжим нь амьсгалах агаар шиг үнэ цэнтэй нутаг оронд мэндэлсэн Нусрат Фати Али Кан бол исламын магтуу хөгжим каввалийн хамгийн тод од юм. Тод гэдэг үгийг энд бүр нүд сохлом хурц гэсэн утгаар ашиглаж буйг минь анхаарна уу. Каввали нь бараг долоон зууны үүх түүхтэй, сүфи мастеруудын эцгээс хүүд (маш ховор тохиолдолд эцгээс охинд) амаар дамжуулж ирсэн дуу хөгжмийн онцгой төрөл бол сүфизм нь тэртээ X зуунаас эхтэй исламын шашны гүн ухаан, уран зохиолын урсгал, хөдөлгөөн билээ. Сүфи номтнууд дэлхийн олон шашин шүтлэгээс, тэр дундаа буддизм болон христийн номлолоос аль сайныг нь шилж, хувь хүний бурханд хүрэх зам мөрийг бэлгэ тэмдэг, яруу найргийн хүчээр тодруулан гэрэлтүүлэхийг зорьдог юм. Сүфи хөгжим маш хүчирхэг, эмчилж анагаах мэт, оюун санаа, зүрх сэтгэлд шууд нэвтрэх мэт увдистай. Тэр бүх ид шид нь бүр тэнгэрийг зад ярж, дээр оршигч нэгний гэрэл гийсэн төрхийг сэм илчлэх мэт санагдана. Би огт дэгсдүүлээгүй шүү. Бас худал уянгалж, мундаг шүүмжлэгч болох гэж давсалж байгаа ч юм биш. Мөнгө төлж, тасалбар авсан хэнбугай ч яг л ийм зүйл үзэж, сонсох хэрэгтэй. 

Дуучин хүн агаар мандлаар хөнгөхөн гэгч нь хөвөхдөө бүтэн зургаан зууны түүхтэй эртний урлагийн хүнд ачааг яаж мөрлөөд явж чаддаг байна аа, орчин цагт яаж тээж авч ирэв ээ? Тэр дүр зураг нь хэчнээн төгс сайхан, хэчнээн эрх чөлөөтэй, бүгдээс ангижирсан харагддаг гээч! Нусрат Фати Али Кан болон түүний чуулгын арван эр зүгээр ч нэг хөгжим тоглодоггүй. Харин өөрсдөө хөгжим болдог юм. Үзэгч, сонсогчид нь тэдний өмнө зөвхөн дотоод оршихуй, амин сүнсээрээ хөдлөх, хараагаараа унтах хүмүүс шиг болохыг яана. Удалгүй танхимыг бүхэлд нь эзэгнэсэн далдын тэр хүчнээс хэн ч бултаж зайлахааргүй болно. Тэнд байх бүх нүд, бүх чих зөвхөн тайз тийш хандаж, өөрсдөд нь өгүүлэх үүх түүхийг ясандаа тултал мэдэрнэ. Дууч эрийн хоолой харин таны үхэхээсээ өмнө сонсох хамгийн сүүлчийн авиа шиг таныг алуурхан хөөргөсөөр там, диваажингийн аль нэгэн рүү хөтөлж одох шиг санагдах вий. Тэрхүү хэлний угаас гарах мэт, мөнгөлөг дөл адил аялгуу дуу хөгжимдөө хэт уусан нэгдсэнээс өөрөө нэгэнт оршихоо больсон эрийн хоолойноос гарч байна. Тэр хүн бол Нусрат Фати Али Кан юм. Энэ хүн ганцаархнаа каввалийн урлагийг эртний нэгэн долгионоос гэрэл туяаны тэсрэлт болгосон билээ. Дуунуудыг нь бүтэн зургаан жил сонсож, дөрвийн дөрвөн тоглолтыг нь үзэж сэтгэл зүрхээ эдгээн илаарьшуулсны эцэст би хамгийн ихээр эрхэмлэн дээдэлдэг уран бүтээлчтэйгээ нүүр тулж байна.

-Миний сонссон хамгийн анхны жинхэнэ каввали дуу “Өдөр, шөнө, үүрийн гэгээ, үдшийн бүрий” нэртэй цомогт багтсан таны “Yeh Jo Halka Halka” гэдэг дуу байсан...

-Таалагдсан уу?

-Намайг аварсан дуу шүү дээ. Тэр үед би бүр хямарч гүйцээд байсан юм...

Америкт олон хүн зөвхөн танаар дамжуулж каввалитай танилцсан. Би л гэхэд ганц ч үгийг нь ойлгохгүй мөртлөө таны дуу хоолойд хөтлөгдөөд дуугаараа хэлэх гэсэн бүхнийг тань зүрхнийхээ угтаа хүртэл мэдэрч байлаа. Харамсалтай нь, англи хэлтнүүдэд сүфи дууны гайхамшгийг мэдрэх боломж тун хомс. Урду хэлний өчүүхэн бага мэдлэгтэй хэн ч каввали дууны англи орчуулгууд маш хангалтгүй, хачин амтгүй гэдгийг шууд мэднэ. Гэтэл каввали дуу цаасан дээр буусан хэдэн үгэнд аялгуу оруулах төдий биш, сэтгэлийн гүнээс гардаг урлаг шүү дээ...

Таны нэг зүүдний тухай яриа маш алдартай юм билээ. Тэр зүүднийхээ тухай ярихгүй юу?

-Аав маань (алдартай каввали дуучин Устаад Фати Али Кан. орч.) 1964 онд өөд болсон юм. Нас барснаас нь 10 хоногийн дараа би аавыгаа над дээр ирээд “Дуулаарай” гэж захиж байна гэж зүүдэлсэн. Намайг “Чадахгүй шүү дээ” гэхэд аав бүр “Оролдоод үз” гэсэн. Тэгээд миний хоолойд хүрсэн юм. Би тэр дороо, зүүдэндээ дуулж эхэлсэн. Тэгтэл гэнэт сэрчихсэн. Сэрээд жаахан сэхээ автал би яах аргагүй дуу аялж байсан. Тэр зүүдэндээ би аавынхаа чилла (оршуулгын ёслол. орч.) дээр дуулж байсан юм. Чиллагийн үеэр талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд зэрэгцэж суугаад Коран уншиж, мөргөлийн дуу дуулдаг ёстой. Тэгээд аавынхаа нас барсны 40 дэх хоног дээр бид чилла үйлдэж, би анх удаа олны өмнө дуулсан даа.

-Та хэдэн настай байсан бэ?

-16 л хүрч байлаа.

-Тэр зүүднээс өмнө та ямар байсан бэ?

-Би зүгээр л аавыгаа харж, сонсож суудаг, хэрэндээ түүнээс суралцдаг байлаа. Аав маань үнэхээрийн гайхамшигтай каввали дуучин байсан болохоор түүнээс дуулах эрдмийг нь сурч өвлөнө гэдэг өөрөө маш хүнд сорилт байсан. Аав намайг хөгжмийн хүн болгохыг хүсээгүй. Оронд нь эмч болсон нь дээр гэж ятгадаг байсан юм. Учир нь дуучин байх маш хэцүү гэж ярьдаг байлаа. Олон хүн дуулах эрдэмд суралцалгүйгээр дуулж чадна л даа. Харин манай гэрийнхний дуулдаг каввали дууны чөлөөт хэлбэрийг дээд түвшинд амилуулахад маш олон зүйлийн ард гарах хэрэгтэй болдог юм.

-Таны аав дуугаа бичүүлсэн үү. Америкт байдаггүй санагдаж байна.

-Пакистаны радиод л хэдхэн дуу нь бий. Нэг ч бүтээлээ арилжааны хувиар цацаж байгаагүй. Аав “Хүмүүс хоолойг минь сонсох гэж мөнгө төлбөл надад муухай санагдана” гэж ярьдаг байсан юм. Нутагтаа бол их олон шагналын эзэн шүү дээ. Ираны шах Пакистанд ирэхэд аав маань персээр маш цэвэрхэн дуулж, эрхэм дээдсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Шах бүр баярласандаа “Chevrolet” машинаа хүртэл бэлэглэж байлаа. Аав маань каввали хөгжмийг өргөл мөргөлийн газар, сүм хийдээс өдөр тутмын амьдралд, тэр дундаа хурим найр, баяр цэнгүүн, бүр төр, засгийн хэмжээнд хүртэл аваачсан гавьяатай.

-Би ч бас тан шиг дуу хөгжимд хожуу орсон шүү. Анх 14-тэйдөө дуулж байлаа. Ааваасаа (дуучин Тим Бакли. орч.) бас дуулдагаа нуудаг байсан. Харин яг дуучин болох үед маань аав өөд болчихсон л доо. Гэхдээ би 3-4 жил хагас унтаа юм шиг явсан. Тэгээд гэнэтхэн 18-тайдаа дуулж эхэлсэн юм. Тэр үеийн нэг зүүдэнд маань аавын сүнс бүр цонхны шил хагалж орж ирсэн шүү. Дуучин эцгээ зүүдлээд л хүн дуучин болчихгүй л дээ. Харин таны зүүд яах аргагүй ер бусын байж...

Та ингэхэд өөрийн дуулах арга барилыг яаж олсон бэ?

-Би сонгодог каввали хэмнэлийг арай зөөлрүүлсэн гэх үү дээ. Аавыг маань ид дуулж байх үед үзэгчид уламжлалт хэмнэл, цохилгыг нэвт шувт мэддэг, жинхэнэ хөгжмийн тухай ойлголт нь ч одоогийнхоос өөр байж. Харин цагийн эрхээр хүмүүс өөрчлөгдөж, хөгжмийн таашаал нь ч онхи ондоо болсон байна. Тэгэхээр би олон нийтийн юу хүсэж хүлээж байгааг таньж мэдэх хэрэгтэй болсон. Өөрөөр бол сонгодог хөгжмийг арай ойлгомжтой, хүртээмжтэй болгохыг зорьсон хэрэг.

-Арай хялбаршуулсан гэж үү?

-Тийм ээ. Хүмүүс сонгодог хөгжмийг нарийн сайн ойлгохгүй ч ядаж таашаагаасай гэж хүссэн юм.

-Нүдэнд үл үзэгдэх зүйл үйлдэх нь, тэр тусмаа илүү гүн гүнзгий утгыг тодотгох нь сүфийн нэг зарчим шүү дээ.

-Үнэн шүү. Гэхдээ каввали дуучид бид аливаа зүйлийн анхдагч хэлбэрийг өөрчилж чадахгүй. Жаахан өөрчилж болох ч тогтсон дэгийг эвдэж болохгүй. Аллахыг магтан дуулах Хамд, Мухамедийг магтан дуулах Наат-и-шариф, гэгээнтнүүдэд өргөх Манкабат гэсэн каввалийн гурван төрөл бий. Энэ гуравт жишээ нь багахан өөрчлөлт хийж, дуучид өөр өөрсдийнхөөрөө чөлөөт хэлбэрт оруулж болно. Гэсэн ч үндсэн дэгийг нь эвдэж болохгүй.

-Та сүфи номтон уу?

-Үгүй ээ. Гэхдээ би сүфийн ёсыг дагадаг. Сүфийн үзлийн талаар би нэг юм ярья. Нэг настай хүн аав дээр маань ирээд “Та надад дуу дуулж өгөхгүй юү. Даанч надад ганцхан рүпи байна. Өгье ч гэсэн өөр юм алга ” гэж. Аав харин бодож санах юмгүй шууд л зөвшөөрч. Тэгээд тэр хоёр задгай талд очоод аав өнөөх хүнд нэг мөргөлийн дуу дуулж өгсөн байгаа юм. Тэгтэл аавын дууг сонссон олон хүн энд тэндээс цугларчээ. Харин дуундаа орчихсон байсан аав маань тэр олон хүнийг хаанаас хүрч ирснийг ч анзаараагүй гэдэг. Сүфи гэдэг чинь энэ шүү дээ. Аав тэр хүний мөнгөнд шунаагүй, өнөөх хүн ч ганц рүпитэй байж зөвхөн каввали сонсохыг л хүссэн. Тэр хоёр хоёулаа зөвхөн хөгжимд л дурласан хэрэг.

-Та гэр бүлтэй юү?

-Би нэг том охинтой. Охин маань одоо 20 хүрч байна.

-Гэр бүлийн амьдрал чухал, үгүйг би мэдэхгүй л дээ. Таныг жаргалтай байгаа, эсэхийг л мэдэх гэсэн юм.

-Би үнэхээр аз жаргалтай байгаа.

-Та ямар хөгжим сонсдог вэ. Ямар төрлийн хөгжимд илүү дуртай вэ?

-Сонгодог энэтхэг хөгжимд хамгийн дуртай. Бас Барууны сонгодог хөгжим, жазз сонсдог.

-Каввали хөгжим, Америкийн хар арьстнуудын хөгжим хоёр зарим талаараа төстэй шүү. Жазз хөгжим ч бас таны хөгжимтэй ойролцоо санагддаг. Та рок сонсдог уу?

-Манай оронд рок хөгжөөгүй. Гэхдээ би өөр төрлийн хөгжим сонсох дуртай. Хаанахын ямар ч урсгал байсан сайн хөгжим л бол сайн хөгжим.

Бэлтгэсэн: Г.Дулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)