Франц, Итали улсад хөл хорионы дэглэмийг сулруулна

Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн нөхцөл байдал ямар байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа танилцууллаа. 

Тэрбээр "ДЭМБ-ын Европын бүсэд коронавирус халдвар өндөртэй байсан Испани, Франц, Италид шинээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч болон шинэ тохиолдол, нас баралтын тоо бага зэрэг буурч байна.

Испанид Ням гарагт 288 нас баралт шинээр бүртгэгдсэн нь сүүлийн сар гаруйн хугацааны хамгийн бага эндэгдэлтэй өдөр байжээ.

Тус улсад өчигдрөөс эхлэн бараг хоёр сар үргэлжилсэн хатуу хөл хорионы дэглэмийг сулруулж эхэлжээ. Тухайлбал 14-өөс доош насны хүүхдүүдийг эцэг эхийн хяналт доор хүүхдүүдийг өглөөний 09:00-21:00 цагийн хооронд нэг л цаг гадаа тоглохыг зөвшөөрчээ. Ингэхдээ гэрээсээ 1 км-ийн радиус дотор салхилах бөгөөд тоглоомын талбайд тоглох, хоорондоо тоглоомоо солилцохыг хориглосон байна. Мөн хоорондоо 2 метрийн зайтай байх дүрмийг зөөвөл мөрдөх шаардлагатай гэжээ.

Франц улсад Ням гарагт коронавирусийн халдварын тоо буурсан байна. Улсын хэмжээнд 242 нас баралт шинээр бүртгэгдсэний 152 нь эмнэлэгт нас барсан бол үлдсэн хүмүүс нь асрамжийн газар, халамж үйлчилгээний газруудад бүртгэгджээ. Хөл хориог хэрхэн цуцлах талаар энэ Мягмар гарагт танилцуулна гэжээ.

Италийн Ерөнхий сайд хөл хорионы дэглэмээ сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Эхний шатанд 5 дугаар сарын 4-нөөс барилгын болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг, 5 дугаар сарын 18-наас музей, нийтийн номын сан зэрэг соёл, спортын байгууллагууд, үсчин, гоо сайхны салон, welness төвүүдийнхийг 6 дугаар сарын 1-нээс нээнэ гэж мэдээлжээ. 

Сургуулийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл нээхгүй. Учир нь сургуулийн үйл ажиллагааг нээвэл халдварын тархалт дахин нэмэгдэж болзошгүйг эрсдэл бий гэдгийг анхааруулсан байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)