Францын бараа, бүтээгдэхүүнийг авахгүй байхыг уриалжээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Францын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэддээ уриалсан байна. Үүний хариуд Анкарагаас Элчин сайдаа хэдийн татсан Франц улс Туркийн барааны импортыг хязгаарлаж, Газар дундын тэнгисийн зүүн хэсэг дэх цэргийн оролцоогоо өргөжүүлэн, тагнуулынхны хараанд өртсөн Туркийн нөлөөний сувгуудыг хяналтдаа авахаар төлөвлөснийг “Europe1” радиостанц мэдээллээ.

Энэ сарын 24-нд тэрбээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж Эрдоан мэдэгдсэн. Парисын захад гарсан хэрэгтэй холбогдуулан Францын удирдагчийн исламын шашны талаар хэлсэн үгийн хариуд ийм мэдэгдэл хийсэн байна. Тодруулбал, 18 настай мусульман эр шашны үзэн ядалтаар сургуулийн түүх, газарзүйн багшийг хөнөөсөн. Үүний дараа Э.Макрон исламын хэт үзэлтнүүд, тэдний байгуулсан холбоодтой идэвхтэй тэмцэхээ мэдэгдсэнийг Туркийн Ерөнхийлөгч ялгаварлан гадуурхах үзлийн илрэл гэсэн юм. Макроны мэдэгдэл исламын шашинт улсуудын дургүйцлийг төрүүлж, Францын бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалахад хүргэжээ.

Тус хоёр улсын харилцаа муудсан нь Газар дундын тэнгисийн зүүн хэсгийн байдал хурцадсанаас улбаатай. НҮБ-ын хоригийг зөрчин Ливид зэвсэг нийлүүлсэн, тус улс руу Сирийн босогчдыг илгээсэн хэмээн Туркийг Парис буруутгажээ. Үүний сацуу Грек, Киприйн эсрэг чиглэсэн Туркийн үйлдлийг Э.Макрон шүүмжилсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)