Францад тогтоосон онц байдлыг сунгах саналыг Ерөнхийлөгч нь тавьжээ

Парист үйлдсэн алан хядах ажиллагаанд наад зах нь 20 хүн оролцсоны хоёр нь Сириэс буцаж ирсэн хүмүүс байсан бөгөөд тэд уг үйлдлийг гардаж гүйцэтгэсэн гэж “Вашингтон пост” сонинд бичсэн байна. “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд өөрийгөө дэлбэлсэн 20 настай Биляль Хадфи Ойрхи Дорнодоос саяхан Бельгид буцаж ирсэн даруйдаа тэндхийн тусгай албаныхны хараа хяналтаас гарсан этгээд байсан гэнэ. Өөр нэг Исмаил Омар Мостефаи гэгч Францын иргэн 29 настай этгээд нь цагдаагийн байгууллагын анхааралд удаа дараа өртөж байсан бөгөөд лалын эрс үзэлтнүүдтэй холбоо сүлбээтэй болох нь 2010 онд тодорхой болж байжээ. Тэрбээр 2013 оны өвөл Сири рүү яваад сураг тасарсан аж. Вольтер гудамжинд амиа золио­сол­сон бас нэг хүн нь 31 настай Иб­рагим Абдеслам гэгч байсныг тог­тоожээ. Түүний ах Салах Аб­дес­ламыг Парист алан хядах ажил­лагаа болсноос хэдэн цагийн да­раа Бельгитэй залгаа хил дээр саа­туулсан ч баримт бичгийг нь шал­гаад явуулчихсан аж. Ибрагим Аб­десламын гурван ахын нэг Мо­ха­медийг Брюссель хот орчмоос ба­рив­чилсан гэж өчигдөр Бельгийн хэвлэлд мэдээлэв.

Францын Агаарын цэргийн хүчин “Исламын улс”-ын нийслэл гэгддэг Сирийн Ракка хотод хүчтэй цохилт өглөө гэж “Ройтерс” дамжууллаа. Энэ ажиллагаанд Франц, Арабын нэгдсэн Эмират, Иорданийн 12 онгоц оролцож, 20 бөмбөг хаяжээ. Цохилтын дүнд алан хядагчдын командын байр, зэвсгийн агуулах, сургуулилалт хийдэг лагерь устсан аж. Сири, Иракт “Исламын улс”-ын байрлалд агаараас өгөх цохилтоо Францтай хүч хавсран эрчимжүүлэхээр төлөвлөж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудлаарх зөвлөхийн ор­логч Бен Родс Туркийн Анталья хотод болж буй “Их-20”-ийн дээд хэм­жээний уулзалт дээр хэлсэн байна.

“Исламын улс” бүлэглэл хэд хэ­дэн улсад, түүний дотор АНУ, Франц, Иранд алан хядах ажиллагаа үйл­дэ­хээр төлөвлөж байсан гэж Иракийн Гадаад хэргийн сайд Ибрагим аль-Жаафари өнгөрсөн ням гаригт сэ­рэмж­лүүлжээ. Иракийн тагнуулын бай­гуул­­лага ийм мэдээлэл олж авсан аж.

Онц байдал тогтоох тухай хуульд Парламент нь өөрчлөлт оруулбал одоо мөрдөж буй дэглэмийг сунгаж болох бөгөөд 12 хоногоос гурван сар хүртэл хугацаагаар уртасгахыг Ерөнхийлөгч Франсуа Олланд нь санал болгоод байгаа юм байна.

1955 онд баталсан онц байдал зар­лах тухай хуульд зааснаар 12 хоно­гоор ийм дэглэм тогтоох эрхийг Сайд нарын танхим нь эдэлдэг юм байна. Харин цааш нь сунгах шийдвэрийг Парламент гаргадаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)