Францад терроризмын дээд түвшнийг зарлав


Өчигдөр буюу Пүрэв гарагт  Францын  Ницца хотын төвд хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алджээ. Гэмт этгээд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүний аминд хүрсэн бөгөөд нэг эмэгтэйн толгойг тасалсан  байна.  Цагдаа нар гэмт этгээдийг буудан баривчилсан бөгөөд терроризмтой тэмцэх албаны мэргэжилтнүүд халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Халдлага үйлдсэн этгээд нь Тунисын 21 настай иргэн бөгөөд Францад энэ сарын эхээр ирсэн байжээ. Ниццад болсон үйл явдлын дараахан Авиньонд мөн л хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаагийнхан руу дайрах үеэрээ буудуулж, устгагдсан байна. Хэргийн газарт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон биечлэн ирсэн бөгөөд тэрбээр  алан хядагчидтай хатуу тэмцэнэ гэдгээ амлаад "Сүм, сургуулиуд зэрэг олон нийтийн газруудыг хамгаалахын тулд байршуулах цэргийн тоог 3000-аас 7000-д хүргэж нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгджээ. Энэ сард Францын нэгэн  дунд сургуулийн багш “Charlie Hebdo” сэтгүүлд нийтлэгдсэн зөнч Мухаммедын шог зургийг "үг хэлэх эрх чөлөө" сэдэвт хичээлийнхээ үеэр сурагчдад үзүүлснийх нь төлөө  исламын шашинт нэгэн этгээд түүний  толгойг тастаж алсан юм.  Энэхүү аймшигт хэргүүдийн дараа Францын Ерөнхий сайд Жан Кастекс улс орон даяар терроризмтой тэмцэх төлөвлөгөө эхлүүлснийг онцолж, дээд түвшнийг зарлалаа. Мөн Дотоод хэргийн яамны дэргэд хямралын штаб байгуулагдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)