Францад коронавирусийг үл хайхран 3,500 смурф нэг дор цугларч, дэлхийн рекордыг эвдэв

Өнгөрсөн бямба гарагт Францын Ландерно хотноо нүүр гараа цэнхэр өнгөөр будаж, улаан цагаан малгайгаар ижилссэн 3,500 гаруй хүн нэг дор цугларчээ.

Энэ өдрөөс хэдхэн хоногийн өмнө Францын Засгийн газар нэг мянгаас дээш хүн нэг дор цуглархыг хориглох шийдвэр гаргаад байсан юм. Мөн Францын Халдварт өвчнийг хянах төвөөс иргэдийг нэг дор цугларахаас зайлсхийж, аль болох гэртээ байхыг зөвлөжээ.

Засгийн газрынхаа шийдвэрийг үл хайхран тус арга хэмжээг зохион байгуулсан Ландерно хотын захирагч Патрик Леклерк олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөөд байгаа аж. 

Тэгвэл энэ талаар Леклерк "Франц пресс" агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид уламжлал болгон хийдэг зүйлсээ цаашид үргэлжлүүлэх л ёстой. Өөрөөр хэлбэл, бид амьдралаа зогсоож болохгүй. Энэ нь бидэнд амьд гэдгээ илэрхийлэх том боломж юм. Нийгэм харанхуй, уйтгартай байгаа энэ үед хөгжилтэй байснаар бүх зүйлийг гэрэлтүүлнэ" хэмээн ярьжээ.

Одоогоос жилийн өмнө Германы Лохринген хотод 2,762 смурф шиг хувцасласан хүн нэг дор цугларч дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. 

"Хэдийгээр коронавирус дэлхий нийтийн санааг зовоож байгаа ч бид зорилгоосоо ухрах ёсгүй. Францчууд дэлхийн рекордыг эвдэх оролдлогодоо бууж өгөөгүй. Одоо бид дэлхийн рекордыг эвдэж ялалт байгууллаа. Үүний нэгэн адил бид коронавирусийг ялах болно" хэмээн нэг оролцогч сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Өнөөдрийн байдлаар Франц улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 5,400 хүрч, 127 хүн нас бараад байна.

Смурф гэдэг нь Бельгийн зураач Пеогийн бий болгосон комик номонд өгүүлдэг бяцхан цэнхэр биетнүүд аж. Энэхүү номноос сэдэвлэж 1981 онд "Ханна барбера" продакшныхан "The Smurfs" хэмээх телевизийн цуврал хүүхэлдэйн киног бүтээж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)