ФОТО: 19 дэх жилдээ “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүллээ

Монгол Улсын Морин хуурын чуулга 19 дэх жилдээ Манба Дацан хийдэд "Мөргөлийн эгшиг"-ийг эгшиглүүллээ

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагааг энэ жил 19 дахь жилдээ зохион байгуулж байна.

Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Монгол Улсын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж 19 жилийн тэртээ Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй.

Улмаар энэхүү дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээр “Мөргөлийн эгшиг” тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг болсон юм.

Энэ жилийн тоглолтонд Удирдаач СТА Н.Жигжиддорж тэргүүтэй МУ-ын Морин хуурын чуулга МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайн "Мөргөлийн эгшиг", Төрийн соёрхолт, МУ-ын Гавъяат зүтгэлтэн Б.Шаравын "Жаргалын найман морь", "Сэрсэн тал" Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн "Алтан өргөө", Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын "Монгол аялгуу", "Бурхадын мэлмий", "Багшийн минь ач", "Цагаан суварга", "Эх нутаг", Ардын жүжигчин Ц.Батчулууны "Гал голомт" зэрэг гайхамшигт аялгуунуудыг тоглохоос гадна дуучин МУГЖ С.Цэрэндорж, Уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, МУГЖ С.Эрдэнэцэцэг, дуучин СТА Ө.Цэрэнчунт, СТА Б.Дэлгэрбаяр, Морин хуурч, хөөмийч Ашид нарын уран бүтээлчид "Эртний сайхан", "Үлэмжийн чанар, "Гал голомт", Хамба лам Д.Нацагдоржийн зохиосон "Мөргөлийн эгшиг", "Багшийн минь ач" зэрэг дуунуудыг дуулж үзэгч олны сонорыг мялаалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)