ФОТО: Үндэсний үйлдвэрлэгчид европчуудад бүтээгдэхүүнээ танилцууллаа

Монгол Улс, Европын холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий  "Европын худалдааны өдөрлөг-2019" өнөөдөр боллоо. Тус өдөрлөгт үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

"Монголын худалдааг дэмжих төсөл"-ийг Европын холбооны санхүүжилтээр 2017 оны гуравдугаар сараас эхлүүлжээ. Төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршиж байна. Уг төслийг ГХЯ болон МҮХАҮТ-тай хамтран 2021 он хүртэл хэрэгжүүлэх юм. Төсөл нь уул уурхайн бус салбарын бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах, Монголын экспортлогчдын зорилтот зах зээлээс олох орлогыг нэмэгдүүлэх болон экспортын зардлыг бууруулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр төслийн үр шимийг хүртэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллах аж.

Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс жилд 6200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй эскпортлох боломжтой. Гэсэн хэдий ч органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс ширийг тус зах зээлд гаргаж буй юм. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд 13 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс 7 тэрбум нь экспорт байжээ. Гэхдээ Европын холбооны зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээс 100 сая ам.доллар олсон нь хэт бага үзүүлэлт гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)