ФОТО: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эцэслэн баталлаа. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ. Нэмэлт өөрчлөлтийн төслийг бүхэлд нь баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцлээ. Энэ хугацаанд иргэдээс нийт 306 мянган санал, эрдэмтэн судлаачдаас 60 гаруй санал ирсэн. Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй. Маргаашаа бодсон хичээнгүй зүтгэл, нөр их хөдөлмөр шаардлаа.

Зөвшилцөн ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдад баярлалаа. Нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан УИХ-ын Тамгын газрынханд талархлаа илэрхийлье. Бид зөвхөн ард түмний эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг эрхэмлэв. Одоо өөрчлөхгүй бол хэзээ өөрчлөх вэ гэсэн сэтгэлээр хандлаа. Энэхүү нэмэлт өөрчлөлт төр цэгцлэх их өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Холын зорилго үгүй бол, ойрын зовлон оршино гэдэг.

Хариуцлага сахилга бат бүх шатанд хэвшсэн, хөгжингүй улс орон болно гэдэгт итгэлтэй байна. Иймээс энэхүү нэмэлт өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хэмээн хүлээн авахыг уриалж байна. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, сэргэн мандаж, хөгжин бадрах болтугай” гэв. Ийнхүү Монгол Улс 1992 онд баталсан "эцэг" хуульдаа 2000 оноос хойш 19 жилийн дараа хоёр дахь удаагаа томоохон өөрчлөлт оруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)