ФОТО: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг хүртээлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрдэмтэд, түүхчдийн тогтоосны дагуу Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хожмын агуу удирдагч тэнгэрийн бошгийг илтгэн, баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн.

Ердөө таван жилийн өмнөөс л бүх нийтээрээ энэ баярыг тэмдэглэх болсон. Энэ өдөр Монгол Улсын иргэд төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан Монгол угсаатнууд бүгд баярлан бахдаж байгаа. Биднийг Их хааны алдар нэр, суу билэг, алд биеэ бус ахуй Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм. Монголчууд бид үеийн үед Их хааныхаа сүр сүлд дор Монгол гэх нэрийг өргөж явах болно. 

Монгол бахархалын энэ өдөр бид Эзэн Чингисийнхээ зарлигийг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлдэг сэдлийг нь олдог байх учиртай ийм өдөр юм. Энэ өдөр Монгол Улсын олимпийн анхны аварга, хошой медальтан, найдвар алдаж үзээгүй гэж олондоо хүндлэгдсэн Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одон гардуулахаар шийдвэрлэлээ. 

Эв эвдэрч, сэтгэл санаа булингартан, түгшшр бухимдал буглан байсан хар өдрүүдийг олимпын анхны аварга төрсөн баярт мэдээ дахин гэрэлтүүлж, эвсэн нэгтгэж байсан баярт өдрийг Монголчууд магтах учиргүй юм. 

Найдангийн Түвшинбаяр нь нийт Монголчуудын эх оронч үзлийг бадрааж үндэстэнээ дээдлэх үзлийг ориглуулан бадраасан ийм эрхэм билээ. Тэрбээр шаргуу хөдөлмөрийн эзэн төдийгүй, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэлдүүлэх жишгийг бодитоор харуулж, амжилтын ориглыг байнга дээшлүүлж байхын үнэ цэнийг харуулсан Монгол сод тамирчин билээ" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)