ФОТО: Хотын даргыг огцруулах асуудал хойшиллоо

НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг өнөөдөр зарлаж ганцхан асуудал буюу Нийслэлийн Засаг даргыг огцруулах эсэх талаар хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

09.30 цагт товлосон хуралдаанд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцохоос 10.00 цагийн байдлаар 20-иод гишүүн ирснээр ирц бүрдээгүй байв. Мөн хотын даргын асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай гэдгээр хуралдаан 17.00 цаг хүртэл хойшилсон.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг огцруулах санал гаргасныг Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Иймээс энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагатай болсон юм. 17 цагийн үед НИТХ-ын ээлжит бус V хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэй эхэлсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн санал гаргалаа. Төлөөлөгч Э.Бат-Үүл “Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг огцруулах санал гаргасан нь түүхэн дэх анхны тохиолдол. Уг асуудлыг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж танилцуулах ёстой. Тиймээс нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг хуралд өөрийн биеэр ирж танилцуулга хийх хүртэл завсарлага авч байна” хэмээн бүлгийн саналыг танилцууллаа.

Харин НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн “Ирэх 25-ны өдөр нийслэлийн Засаг дарга ирэх оны төсвийн төслийг өргөн барих учиртай. Хоёр хоногийн өмнө нийслэлийн Засаг даргыг огцруулбал ирэх оны төсвөө баталж чадахгүйд хүрнэ. Тиймээс 14 хоногийн завсарлага авах саналтай байна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)