ФОТО: УИХ-ын дарга Г.Занданшатар тамга тэмдгээ гардан авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатар гишүүнийг УИХ-ын даргаар 95.2 хувийн саналаар сонголоо.

Г.Занданшатар гишүүнийг ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг олонх дэмжиж, батлав. Ийнхүү УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын даргын тамгыг Г.Занданшатарт гардуулснаар, тэрбээр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.

Г.Занданшатар нь 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Мөн1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг төгсжээ. Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол Банкны Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 2000-2003 онд ХААН банкны Дэд захирал, 2003-2004 онд ХХАА-н дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнгийн судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)