ФОТО: Сэтгүүлчид чуулж байна

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөрт зориулж, “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” үндсэн сэдэвтэй форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөгчид оролцож байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр форумын эхэнд “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн үзэл санаа” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ "Зөрчлийн хууль гэж гаргаж ирээд сэтгүүлчдийг шүүхгүйгээр яллаж байгаа. Энэ хууль засагдах байх гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн 15 байгууллага нэгдэж, ХЗДЯ-нд Зөрчлийн хуулийн 6-гийн 21-д байгаа заалтыг хасч өгөөч гэсэн маш тодорхой санал хүргүүлсэн. Энэ чуулганаар Зөрчлийн тухай хуулийн энэ заалтыг эргэж хэлэлцэх байх гэж итгэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө энэ асуудлыг эрх баригчдад сануулан хэлэх нь зөв байх. Дараагийн бас нэг хуулийн асуудал бол Өргөн нэвтрүүлгийн хууль. Монголын хэвлэлийн салбарын орлого 50 тэрбум төгрөг юм байна. Үүнээс 60 хувь нь телевизийн салбарт оногддог. Монголд 100 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. 30 тэрбумаа 100-д хуваагаад үзье. Гэтэл өргөн нэвтрүүлгийн нэг телевизийн жилийн зардал тэрбум давж байгаа. Хаанаас ийм мөнгө олох вэ, эсвэл хаанаас энэ мөнгө гарч байна вэ? Үүний цаана хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигчид, эздийн асуудал гарч ирнэ. Хувьцаа эзэмшигчид ил байх ёстой. Санхүүжилт ил байх ёстой. Үүний дараа бид хараат бус сэтгүүл зүй гэж ярих ёстой юм. Хараат хэвлэлийн хэрэгслийн сэтгүүлчээс хараат бус зүйл хий гэж яаж шаардах вэ? Өргөн нэвтрүүлгийн хуулийг баталж, ний нуугүй хэлэхэд хэтэрхий даварсан энэ АйПи телевизүүдийн хазаарыг чангалахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө тэнд хязгаарлагдаад байна. Кабелийн телевизээр нэвтрүүлгээ цацах гэж телевизүүд мөнгө төлж байгаа. Татвар төлж байгаа. Харин энэ контентийг тэд хэрэглэгчдэд зарж, мөнгө олж байгаа. Нийлүүлэгч, хэрэглэгч аль алинаас нь мөнгө авдаг ийм бизнес байдаг юм уу. Энэ бүхнийг эргэн харах болсон. Тэдэнд энэ талаар шаардлага хүргүүлнэ. Татварын мөнгийг контент үйлдвэрлэгч нарт шилжүүлж байж Үндэсний контент хөгжинө. Ингэж байж телевизүүд хөгжинө, улс төрийн нөлөө, мөнгө багасна. Эх үүсвэр нь тодорхойгүй санхүүжилт багасна. Ингэж байж сэтгүүлчдийн цалин өсөх юм.

Одоо бидэнд Олон нийтийн сүлжээний тухай хууль зайлшгүй шаардлагатай боллоо. Сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлана гэж ярьж байна. Хэдэн жилийн өмнө сайтуудын сэтгэгдлийг хаана гэж байсантай л ижил байна. Үндэслэлгүй, судалгаагүй, Монголын ардчилалын талаар огт бодоогүй шийдвэрүүд яригдаж байгаа. Хэрэв үнэхээр ийм хууль батлах гэж байгаа бол эрх баригчид бидэнтэй хамт суугаад ярих, судлах хэрэгтэй. Сошиал бол мэргэжлийн сэтгүүл зүй биш.

Бид редакторын зөвлөлийг тус тусад нь байгуулах хэрэгтэй. Спорт, улс төр, эдийн засаг гээд салбар салбараар нь байгуулж, алдаа оноогоо засах шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх ямар шийдэл хэрэгтэй вэ? Энэ бол мэргэшсэн сэтгүүлчдийн клуб байгуулах. Манайд уул уурхай, эмнэлгийн сэтгүүлч хэрэгтэй байна. Яг тухайн салбараа сайн мэддэг сэтгүүлч хэрэгтэй. Нэг хүн бүх төрлөөр бичээд байх биш мэргэшсэн сэтгүүлч нь бичдэг байх ёстой. Ингэвэл сэтгүүлчид, хэвлэл мэдээлллийн байгууллагын нэр хүнд өснө. Үүний тулд төр засгийн байгуулалагатай хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Хамтарлаа гээд, хараанд нь орлоо гээд хардах хэрэггүй. Үүнд бүх хэвлэл мэдээллийн байгууллагаа хамтран ажиллахыг уриалж байна. Сайтууд хамтран ажиллацгаая. Мэргэжлийн сайттай болъё. Жижиг 10 сайт нийлээд нэг сайт гаргавал илүү сайн чанартай болно. Монголд 300 сайт хэрэггүй, мэргэжлийн чанартай хэдэн сайт хэрэгтэй. Ингэвэл мэргэжлийн чанартай өрсөлдөөн гарах юм. Редакцийн стандартыг бий болгож, сэтгүүлчдэд мэргэжлийн зэрэг олгох саналтай байна. Ингэвэл сэтгүүл зүйн нэр хүнд өснө, сэтгүүлч биш хүмүүс илчлэгдэх юм. Худлаа сэтгүүлч нэр зүүсэн сошиал медиагийн хүмүүс баригдана. Бас нэгэн хэлэх зүйл бол МСНЭ 2019 оныг Гадаад харилцааны жил болгож зарласан. Манай сайд, дарга нар гадаад улсад айлчиллаа гэхэд албан ёсоор улс орноо сурталчлахад маш их мөнгө шаардагддаг. Харин бид, манай сэтгүүлчид энэ ажлыг хийж чадна. Энэ жил сэтгүүлчид гадаадын 20 улсаар аялж, туршлага судална. Мөн гадаад сэтгүүлчдийг авчирч, Монгол Улсаа ч сурталчлах юм.

Бид "Сэтгүүлчийн ордон" барих гэж байгаа. Өнгөрсөн жил би ингэж хэлээд зогсож байсан. Гэхдээ ажил урагшилж байгаа. Газрын асуудлаа шийдлээ, энэ жил зургийн ажлаа дуусгасан. Одоо санхүүжилт босгож байгаа. Ерөнхий сайдад хүсэлт гаргасан, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид сэтгүүлч та бүхнээс, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хандив хүсч байна. Хандивын сан нээнэ. Бид өндөр сайхан байшинд ороод суух биш Монгол Улсын ардчилалыг хамгаалдаг харуулын баганатай болох гэсэн юм. Одоо бид үндсэн суурь ажлаа шийдэх нь чухал. Төр засагт ойлгуулъя. Хоосон яриад байвал хөгжихгүй. Ирэх жилийн энэ өдөр Хэвлэлийн эрх чөлөөний хууль үйлчлээд эхэлчихсэн байгаасай гэж хүсч байна. Тиймээс хамтдаа хүчээ нийлүүлэн явцгаая. Монголын онцлогтой сэтгүүл зүйн төлөө хамт зүтгэе" гэдгийг онцлов.

"Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форум үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)