ФОТО: “Олон Улсын уран бүтээлчдийн өдөр”-ийг хоёр дахь жилдээ тэмдэглэлээ

Жил бүрийн 4 дүгээр сарын 3-ны өдөр тохиодог Олон улсын уран бүтээлчдийн өдрийг манай улс хоёр дахь жилдээ ёслол төгөлдөр “Корпрэйт конвэйшн центр”-т тэмдэглэлээ.

Онгод хиймориор хөглөгдөж, цаг ямагт бусдыг баярлуулж байдаг уран бүтээлчид энэ өдөр өөрсдөө хүндэтгэл хүлээх боломж тохиосон юм.

Энэ үдэш улаан биш ногоон хивсэн дээгүүр ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг орны 500 уран бүтээлч алхлаа.

Үдшийн оргил хэсэг “Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолт байсан бөгөөд ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажилласан юм. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн дээжээс толилууллаа. 

Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцсон. 

Хөгжмийн зохиолч, УГЗ Б.Долгион хэлэхдээ “Бид нар өөрсдөө ч уран бүтээлчдэд зориулж ийм арга хэмжээ хийж байгаагүй. Ногоон хивс, ногоон хоол гээд бидэнд дэлхийн чиг хандлагыг мэдрүүлэхээс гадна асар том хүндэтгэл үзүүлсэн үдэш болж байна. Ороо бусгаа энэ цаг үед сэтгэл дулаацуулж, мэлмий баясгасан энэхүү арга хэмжээний зохион байгуулагчдад талархал илэрхийлмээр байна” гэв.

Яагаад улаан биш НОГООН-ыг сонгох болов? гэсэн асуултад зохион байгуулагч талаас хариулахдаа “Дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой болсныг илэрхийлэх зорилгоор Ногоон дэлхийн төлөө энх тайвны элч уран бүтээлчдэд зориулсан улаан биш Ногоон хивсний ёслолыг зохион байгуулж байна” гэсэн юм.

Тэд 500 уран бүтээлчдийн веган хүлээн авалтыг зохион байгуулсан байна. Үүний учир шалтгаан нь даян дэлхийд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох ганц гарц нь ферм, мал аж ахуйн үйлдвэржилтээс гаралтай хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах явдал гэдгийг онцолж байлаа.

Иймд уран бүтээлчдэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын зоог нь зөвхөн Веган буюу ногоон хоолноос бүрджээ. Үдшийн зоогийг Тайвань болон бусад орны шилдэг тогооч нар олон үндэстний гайхамшигтай ногоон хоолуудаар зочдыг дайллаа.

Уг олон улсын баярын өдрийг санаачилсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь дэлхийд нэртэй онцгой уран бүтээлч юм. Энэ өдөр уран бүтээлийн үзэсгэлэнг уран бүтээлчиддээ зориулан дэлгэсэн юм. Уран зураг, яруу найргийн цоморлигууд, дэнлүү, үнэт эдлэл зэргээс бүрдсэн давтагдашгүй уран бүтээлүүд нь оролцогчдын мэлмий оюун санааг баясгасан юм.

Түүнчлэн жил бүрийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэг ажиллаж байгаа бол энэ жилээс хамтран зохион байгуулагчаар Монголын Урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын Филармони, Монголын Театрын Музей, Соён Гэгээрүүлэгч ТВ, Монгол костюмс, Монгол Улсын Морин хуурын чуулга, дэмжигч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Архангай хөгжимт драмын театр, Монголын органик хүнсний холбоо ажилласан.

Цаашид ерөнхий зохион байгуулагчдын зүгээс уг Олон улсын өдрийг мэргэжлийн Урлагийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран бие даан зохион байгуулдаг болгоход чиглэж байгаа аж. Ингэхдээ жил бүрийн баярын өдрийн цар хүрээг улам өргөжүүлэн уран бүтээлчид бүрт хүргэх буюу орон даяаар зэрэг тэмдэглэдэг болох. Мөн энэ өдрийг угтсан, өдөрт зориулсан уран бүтээлчдээ дэмжсэн томоохон ажлууд зохион байгуулах, түүнчлэн энэ өдрийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөхөд зорьж байгаа аж.

Хүндэтгэлийн арга хэмжээг Төгс Гэгээрсэн Их Багш Чинхай онлайнаар шууд үзсэн бөгөөд хүрэлцэн ирсэн бүх уран бүтээлчдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)