ФОТО: Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монголд айлчилж байна

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-нөөс 5 дугаар сарын 1 хүртэл Монгол Улсад албан айлчлал хийж байна.

Тэрбээр өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн бөгөд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Харин өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Дараа нь Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарын уулзалт эхлээд байна.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах юм.

Мөн ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах бөгөөд албан ёсны айлчлал 5 дугаар сарын 1-ний өдөр өндөрлөнө.

Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири, Парламентын даргын хувийн нарийн бичиг Браян Прунти, БНХАУ дахь Ирландын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Шэйн Раян болон албаны бусад хүмүүс дагалдаж буй юм.

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)