ФОТО: Ард Кредит ББСБ-ын хувьцааны захиалга эхэллээ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ард Кредит ББСБ-д Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олгосон.

Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 онд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болсон юм. Сайн засаглал, ил тод байдлыг дээдэлсэн, Монгол хүн бүр өөрийн үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагынхаа хувьцааг эзэмшиж, ашиг шимээс нь хүртэх боломжийг бий болгох зорилгыг дэвшүүлэн ажилласны үр дүнд олон нийтийн эзэмшлийн Финтек компани болох ажил ийнхүү эхэлж байна.

Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 2 сарын 18-аас 3 сарыг 1-ний хооронд үргэлжлэх бөгөөд нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 70,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгон 4.90-5.425 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувь буюу 35,000,000 ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд зах зээлд дөнгөж гараад буй Ард Аппаар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчдадаа хүргэх болно.

Ард Кредит ББСБ-ын IPO-д оролцохдоо аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны захиалга өгч болохоос гадна Ард Апп болон АрдX апп-уудыг ашиглан онлайнаар захиалга өгөх боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)