ФОТО: Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг сүндэрлүүллээ

Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн, гүүш Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг нээх ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Орон даяар тэмдэглэж буй, бичиг үсгийн өдрүүдийн хүрээнд, мэндэлсний нь 111 жилийн ойг тохиолдуулан Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг нийслэлд анх удаа босгож буй нь энэ юм. Хөшөөг нээх ёслолд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, Нийслэлийн Засан дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ШУА-ын дэд ерөнхийлөгч, ШУГА, академич Чулуунбаатар, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэнджав, Ц.Дамдинсүрэнгийн гарын шавь, гэр музейн эрхлэгч, доктор Р.Отгонбаатар нарын нийгэм, соёл, утга зохиолын зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн, иргэдийн төлөөлөл оролцов.

Ц.Дамдинсүрэн Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчийн нэг, ШУА-ийг санаачлан байгуулагчдын нэг, Монголын өв соёлын дээж "Монголын нууц товчоо"-г шинэ бичиг үсэгт буулган хөрвүүлсэн гүүш, шинэ бичиг үсэг буюу кирилл үсгийн цагаан толгойн, зөв бичих дүрмийг зохиогч, Монголын төрийн дууллын үгийг зохиосон гээд үнэлж баршгүй олон гавьяатай, соён гэгээрүүлэгч, бичгийн их эрдэмтэн билээ. Түүний шавь Р.Отгонбаатарын хэлснээр, "Монгол орны хаана ч хөшөө нь олноор сүндэрлэн босох, өнө хожид дуурсах алдартай хүн юм". Мөн Улаанбаатар хот дахь Матад сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Хаянхярваа "Ноднин Ц.Дамдинсүрэнгийн 110 жилийн ойгоор Матад суманд зогсоо байдлаар дүрсэлсэн хөшөөг босгосон бол энэ жил нийслэлд судар бариад суусан төрхтэй хөшөөг нээж байна. Хөшөөг босгох саналыг нутгийн зөвлөл санаачлан, харин нийслэлийн удирдлагууд шуурхай хандаж хөшөөг байрлуулах газрыг шийдэж өгсөнд Дорнод аймаг болон Матад сумын иргэдийн өмнөөс баярлаж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)