“Формула-1”-ийн шинэ улирлаас юу хүлээх вэ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, олон үзэгчтэй авто уралдаан “Формула-1”-ийн шинэ улирал өнгөрсөн сард эхэлсэн. Ирэх зургаан сарын турш “Формула-1”- ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн спорт сонирхогчдод ямар амжилтаар бэлэг барих боломжтойг товч танилцуулъя.

Хамгийн хурдан тойрог

2018 оны есдүгээр сард “Феррари” багийн нисгэгч К.Райкконен нэг тойргийг 1.19.119 минутад туулж, дээд амжилт тогтоосон. Гэвч шинэ улирлын өмнөх тестийн үр дүнгээс харахад уг амжилт энэ жил эвдэгдэх өндөр магадлалтай байна. С.Феттель Барселонад болсон сорилгод нэг тойргийг 1.16 минутад туулсан бол зарим тестийн үр дүн нь 1.15.8 минут байлаа.

Нэг тойрог тэргүүлсэн гран пригийн тоо 

Дэлхийн долоон удаагийн аварга М.Шумахер нийт 142 уралдаанд өрсөлдөн тамирчдаа ядаж нэг бүтэн тойргоор гүйцэн тэргүүлж байсан нь түүхэнд дээд амжилт болон үлджээ. Харин энэ үзүүлэлтээр түүний ард бичигдэж буй Л.Хэмилтон энэ улирлын 21 уралдааны 14-т нь бусад нисгэгчийг нэг тойрог тэргүүлэхэд л алдарт М.Шумахерийн амжилтыг эвдэнэ.

Залуу тэргүүлэгчид

2008 оны Италийн гран при тэмцээний эхний гурван байрт орсон С.Феттель, Х.Ковалайнен, Р.Кубица нарын дундаж нас нь 23 нас, 11 сар, зургаан өдөр байв. Харин энэ улиралд Ш.Леклер, П.Гасли, М.Ферстаппен нар хүчирхэг унаатай болсон учир 11 жилийн өмнөх уг дээд амжилтыг шинэчлэх боломжтой.

Оноо авсан уралдааны тоо

М.Шумахер нийт 221 уралдааныг өндөр оноотой өндөрлүүлж байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр өдий тооны уралдааны эхний 10 байрт орсон юм. Харин “Альфа Ромео” багийн К.Райкконен энэ жил 18 уралдааны “топ-10”-т багтвал М.Шумахерийн дээд амжилт хоёрдугаарт бичигдэх болно.

Аварга болоогүй олон оноотон

“Заубер”, “Феррари”, “Уильямс” багт хүчин зүтгэх хугацаандаа 1167 оноо авсан боловч дэлхийн аварга болж чадаагүй нэгэн базаахгүй үзүүлэлтийн эзэн бол бразил нисгэгч Ф.Масса. Харин 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 247 оноо авч байсан В.Боттас энэ улиралд 205-аас илүү оноо авбал Ф.Массаг гүйцэж түрүүлэн, эл “хар” амжилтын эзэн болно.

Хамгийн залуу ялагч

Хэдий 21 настай, “Формула-1”-т ганцхан улирал уралдсан боловч Ш.Леклер тун ирээдүйтэй нисгэгч. Тэрбээр ирэх аравдугаар сард 22 нас хүрэхээсээ өмнө аль нэг гран прид түрүүлбэл 1968 онд 23 настайдаа Францын гран пригийн дээд тавцанд гишгэсэн Ж.Иксийн амжилтыг шинэчлэх юм.

Хамгийн олон дараалж аваргалсан баг

2014 онд хөдөлгүүрээ сольж, хабрид V6 болгосноос хойш “Мерседес” баг тав дараалж, зохион бүтээгчдийн цомд түрүүлсэн төдийгүй, нисгэгчид нь дэлхийн аварга болжээ. М.Шумахер тэргүүтэй “Феррари” баг 1999-2004 онд зургаа дараалж аваргалан дээд амжилт тогтоосон агаад хэрэв “Мерседес” энэ жил түрүүлбэл уг түүхэн дээд амжилтыг давтах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)