“ФИОРЕНТИНА” БА 13-ЫН ТООНЫ ИД ШИД

Италийн Тоскан мужийн Флоренц хотынхны хувьд 13-ын тоо өвөрмөц сахиус ажээ. Чухам энэ л тоотой хөлбөмбөгийн “Фиорентина” багийн хамгийн чухал үеүд холбоотой байдаг. 1913 онд Флоренц хотын “Фиренце” баг анх удаагаа Италийн АШТ-д оролцсон бөгөөд 13 жилийн дараа буюу 1926 онд одоогийн “Фиорентина” нэрээ авчээ. Мөн л 13 жилийн дараа 1939 онд “Фиорентина” анхны томоохон амжилтаа гаргаж, Италийн цомын аварга болсон ба тэр жилийнхээ улсынхаа аваргад 13-р байранд орсон байна.

Дэлхийн II дайны балгаар тарсан тус баг 13 жилийн дараа буюу 1952 онд ахин бүрэлджээ. Улмаар 1956 онд (дайны улмаас 1939-43 оны хооронд Италийн лигийн тэмцээн явагдаагүй бөгөөд ахин зохиогдож эхэлснээс хойш 13 жилийн дараа) дасгалжуулагч Фульвио Бернардигийн удирдлага дор анхныхаа скудетто (Италийн АШТий түрүүг ингэж нэрлэдэг)-г хүртсэн нь сонин. Түүнээс хойш дөрвөн жил дараалан лигтээ аман хүзүүдэж, 1961 онд Италийн цомын аварга болжээ. Тэр жилээ нарлаг Флоренцын баг UEFA-гийн Цомтой багуудын цомын тэмцээнд түрүүлэн, Европын хэмжээнд яригдах хүчирхэг клуб болсон гэдгээ нотлон харуулав.

Мөн 1957 онд Аваргуудын цом (одоогийн Аваргуудын лиг)-ын финалд хүрснийг дурдах хэрэгтэй байх. Гэхдээ хоёр дахь скудеттогоо хүртэхийн тулд дахин 13 жил хүлээх хэрэгтэй байлаа. 1969 онд бүрэлдэхүүнд нь домогт Луижи Ривера гялалзаж байсан “Кальяри” болон Жанна Риверагийн “Милан” багтай ширүүн өрсөлдсөний эцэст аваргалж, 13-ын тооны шидэнд үл итгэгчдийн амыг нэгмөсөн тагласан юм. Хоёр дахиа түрүүлэхэд багийн ахлагч Де Систи, ирээдүйн дэлхийн аварга Бразилийн Амарильдо, дасгалжуулагч Аргентиний Бруно Песаолоа нар гол ачааг үүрчээ. Бичигдээгүй хууль ёсоор хайртай баг нь гурав дахь удаагаа скудетто хүртэхийг харахаар бүх Флоренц даяараа ахин 13 жилийг хүлээсэн юм. Гэвч агуу ид шидийг хорон муу хүч дагаж явдаг байжээ. 13 жилийн дараах буюу 1982 оны Италийн АШТ бүхэлдээ “Фиорентина”-“Ювентус”-ын хоорондын өрсөлдөөн болсон гэдэг. Тэмцээн дуусахад ганцхан тойрог дутуу байхад хоёр багийн оноо яг тэнцүү байлаа.

Сүүлийн тойрогт “Фиорентина” дээд дивизионд үлдэхийн төлөө тэмцэж байсан “Кальяри”-тай, харин “Юве” хүснэгтийн доогуур бичигдэж байсан “Катанзоро”-той тоглох байв. Энэ золгүй өдрийг Флоренцынхон одоо ч мартдаггүй. Тоглолт эхлээд удаагүй байхад “Фиорентина”-гийн довтлогч Грацианигийн оруулсан цэвэр гоолыг шүүгч отон тоглолт гэж үзээд тооцсонгүй. Гэтэл яг энэ мөчид Катанзоро хотод болж буй тоглолтод шүүгч пенальти хийх эрхийг “Ювентус”-т өгчээ. Үнэндээ бол “Катанзоро”-гийн хамгаалагчийн гаргасан алдаа 11 метрийн цохилт өгөхөд “ахдах” шальгүй зүйл байв. Цохилтыг Ирландын Брэйди амжилттай гүйцэтгэсэн бөгөөд үүний дараахан “Юве”-чууд торгуулийн талбайдаа италичуудын ярьдгаар “байшин шиг том” алдаа гаргахад шүгэл дуугарсангүй. Хоёр тоглолтын тооны харьцаанд ахин өөрчлөлт гарсангүй, Турин хотын “Ювентус” лигийн аварга болох нь тэр. Гэхдээ ихэнх хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Антониони, Бертони, Верховод, Куккуредду, Массаро нарын оддыг эгнээндээ нэгтгэсэн “Фиорентина”-гийн талд байсан юм. Мэдээж үүнээс болоод флоренцчуудын 13- ын тоонд итгэх сүжиг огтхон ч буурсангүй, харин далдын муу хүч нөлөөлсөн гэж үзэх болов. Ингээд дахин 13 жилийн хэмнэлийг хүлээх хэрэгтэй болж хөгжөөн дэмжигчид, багийн удирдлага 1994-95 оны улиралд эртнээс бэлдэж эхэлсэн юм. Энэ хооронд “Фиорентина” Аргентинаас Габриэль Батистутаг авчирсан байлаа.

Хүсэн хүлээсэн 1995 онд “Батигоол” 26 гоолтойгоор “Сери А”-гийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн ч флоренцчууд хүчирхэг “Милан”, “Ювентус”-тай өрсөлдөх хэмжээнд хүрсэнгүй, лигтээ гуравдугаар байр эзэллээ. Гэвч 13- ын тооны ид шид үйлчилж, 1995 оны намар “Coppa Italia”-гийн аварга болж, улмаар Италийн супер цомын төлөөх тоглолтод “Милан”-ыг 2:1-ээр буулган авчээ. Энэхүү хоёр бөмбөгийг Батистута оруулж, багийнхаа 70 жилийн ойд сайхан бэлэг барьжээ. Харамсалтай нь 1982 оны “хар домог”-оос хойш 13-ын тооны ид шид бага багаар суларсаар байна.

“Батигоол”- ын гайхалтай тоглосон тэрхүү улирлаас 13 жилийн дараа буюу 2007- 08 оны улиралд “Фиорентина” өмнөх амжилтаа бататгаж чадсангүй, лигтээ дөрөвдүгээр байр эзлэх нь тэр. Тэд хүрэл медаль хүртсэн “Ювентус”- аас зургаан оноо дутуу авсан бөгөөд Италийн цомын тэмцээний шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөө тоглолтод “Лацио”-д дийлджээ. Хэдий тийм ч флоренцчууд хайртай багаа 2021 онд нэгийг дуулгана хэмээн найдсаар сууна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)