Физиологийн шарлалтын үед хүүхдэд эм өгч болдоггүй

Гурван жилийн өмнө хүү минь энэ хорвоод мэндлэхэд нярайн шарлалт гээчтэй би анх танилцаж билээ. Мэдэхгүй, чадахгүй зүйл залуу ээж надад олон байсны дотор нярайн шарлалт хамгийн их сэтгэл түгшээсэн нь. Төрөөд нэг сар болж буй хүүгийн минь шарлалт арилахгүй байлаа. Энэ нь ямар хор уршигтайг мэдэхгүй би биеийн арьс нь бүхэлдээ шар ногоон, нүд нь хүртэл ийм өнгөтэй болсон хүүгээ “Ногооноо, норико” гэж өхөөрдөн дуудаж байсныг яана.

Харин нэг өдөр өрхийн эмчид үзүүлснээр нярайн шарлалт хүүхэд эхээс төрсний дараа 2-3 дахь хоногтойгоос эхэлж, хоёр долоо хоног орчим үргэлжлээд арилах ёстойг мэдсэнээс хойш хүүдээ эмчийн бичиж өгсөн Лив 52, Урсофальк эмийг уулгаж, ширгээсэн ус бага багаар өгч эхэлсэн. Гэнэт ухаан орсон юм шиг нярайн шарлалтын талаар интернэтээс мэдээлэл уншиж, туршлагатай ээжүүдээс энэ тухай асууж сураглав.

Шарлалт нь удаан хугацаанд үргэлжилбэл биллирубин гэдэг бодис мэдрэлийн эсэд сөргөөр нөлөөлж, хүүхдийг оюун ухааны өөрчлөлттэй болгодог тухай олж мэдлээ. Ингээд нэгэн хувийн эмнэлэгт очин шарлалтын хэмжээ нь ямар байгааг шинжлүүлэхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандахыг зөвлөв. Тэнд хүү бид хоёр долоо хоног хэвтэн, натрийн хлоридын холимог шингэнээр “бөмбөгдүүлсний” хүчинд шарлалтаас ангижирч билээ.

Тухайн үед яг ийм асуудалтай олон хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд заримынх нь шарлалт эмгэг гэж оношлогдон иржээ. Нэг бус хүүхдийг арай дөнгүүр болохоор нь элэгний мэс засалд оруулах тухай эмч нар ярьж байв. Тэр үеэс л нярайн шарлалт удаан үргэлжилбэл хор уршигтайг ухаарсан.

Саяхан нярайлсан найзад минь бас ийм асуудал тулгарчээ. Хүү нь хэдий сар гарантай ч шарлалт нь арилахгүй, өрхийн эмчийн бичиж өгсөн эмийг уугаад ч нэмэргүй байгаа аж. Физиологийн жамаараа явагдах ёстой нярайн шарлалт яагаад ингэж арилахгүй удааширч буйн шалтгааныг эмч нараас асууж сураглалаа. Ингэж явахдаа ийм асуудалтай нярай эргэн тойронд минь олон байгааг мэдлээ.

Элдэв эмгэг байх вий гэж санаа нь зовсон эцэг, эхчүүд цахим ертөнцөд нэг нэгнээсээ зөвлөгөө хүссэн пост бичсэн нь цөөнгүй. Бидний өвөө, эмээгийн үед нярайн шарлалт арилахгүй байх тухай мэддэг ч үгүй байж. Цэвэр агаарт эрүүл хүнс хэрэглэж байсан тэдэнтэй одоогийн бид эрүүл мэндээ харьцуулаад ч нэмэргүй.

“Хордлого, тонус өгдөггүй жирэмсэн эмэгтэй бараг байхгүй болсон учраас эрүүл хүүхэд төрөхгүй байна шүү дээ. Эхээс урагт халдварладаг олон өвчин бий гэж эмч нар хэлэв. Нярайн шарлалтын талаар хийсэн тодорхой судалгаа байдаггүй ч мэдрэлийн ямар нэг эмгэгтэй хүүхдийн цөөнгүй хувь нь удаан хугацаанд шарлалттай байдаг аж.

Нийгэм хөгжихийн хэрээр хүний өвчлөл нэмэгдэж, нялхсыг маань физиологийн шарлалт хүртэл “элэг барьж”, эмгэг ужиг үүсгэсээр байна. Гэтэл бид шарлалтыг нь арилгах бус улам дордуулах элдэв эм, тариагаар “бөмбөгдсөөр” байгааг юу гэх вэ. Физиологийн шарлалтын үед хүүхдэд эм өгч болдоггүй, энэ нь шарлалтын хугацааг удаашруулдаг, харин ямар нэгэн өвчнөөс үүссэн эмгэг шарлалтын үед эмчийн заавраар эмийн эмчилгээ хийдгийг мэргэжлийн эмч нар ярилаа.

Гэтэл яг одоо ч гэсэн өрхийн эмнэлгийн туршлага, ур чадвар тааруу эмч нар физиологийн шарлалтын үед эм бичиж өгсөөр, түүнийг нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ аманд цутгасаар суугаа. Дэлхий нийтэд физиологийн шарлалтын үед хүүхдэд эм өгөхгүй байх талаар зөвлөж байхад манай эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэгчид нүдэн балай, чихэн дүлий сууна.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ч.ҮҮРИЙНТУЯА: ФИЗИОЛОГИЙН ШАРЛАЛТЫН ҮЕД ЭМ УУЛГАХ ХЭРЭГГҮЙ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг, судлалын тасгийн их эмч Ч.Үүрийнтуяатай ярилцлааа.

-Нярайн эмгэг, судлалын тасагт шарлалтын улмаас эмчлүүлж буй хүүхэд хэр олон байна вэ?

-Манай тасагт 85 хүүхэд эмчлүүлж байна. 40 хүүхэд хэвтэн эмчлэх ортой ч байнга ийм ачаалалтай байдаг. Нийслэлийн “Өргөө” амаржихаас бусад төрөх эмнэлгээс болон орон нутгаас ирж буй бүх нярайг хүлээн авдаг. Амьсгалын замын вирусийн халдвар их байгаатай холбоотойгоор ханиад нь хүндэрсэн, нярайн шарлалттай, дутуу нярай голдуу эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүүхдийн гуравны нэг нь шарлалттай байна.

-Сүүлийн үед нярай хүүхдийн физиологийн шарлалт нь арилахгүй удах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Хүүхэд бүр л ийм асуудалтай байна. Шарлалт арилахгүй удаж буй шалтгаан нь юу вэ?

-Нярайн шарлалтыг физиологийн буюу бусад өвчний улмаас үүссэн эмгэг шарлалт гэж хоёр ангилдаг. Эхээс төрснөөс хойш 2-3 хоногтойд хүүхдийн арьс шарлаж (шар өнгөтэй болох) эхэлдэг. Толгой, нүүрнээс эхлээд цээж, хэвлий, хөл гээд биеийн дээд хэсгээс эхлэн шарладаг. Ингэж шарласнаас хойш 10-14 хоноод хөлнөөс эхлэн аажмаар буурах ёстой. Хамгийн сүүлд нүүр, нүдний шарлалт үлдээд бүр мөсөн арилдаг. Физиологийн шарлалт удаан хугацаагаар (эхэлснээс хойш 10-14 хоногоос хэтэрсэн тохиолдолд) үргэлжилбэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ийм шарлалтыг хэвийн явуулах гол хүчин зүйл бол эрт амлуулах, сайн хооллох. Хүүхдийн физиологийн шарлалт нь удаашрах явдал ихэвчлэн анхан төрж буй эхчүүдэд тохиолддог. Жирэмсэн байхдаа тонустай, хордлоготой, ямар нэг өвчинтэй байсан бол нярайн шарлалт удаан үргэлжлэх нь бий. Арьсыг шар өнгөтэй харагдуулж буй биллирубин гэдэг бодис нярайн, өтгөн, шингэнээр дамжин биеэс гадагшлах ёстой. Хүүхэд төрснөөс хойш эхний 24 цагт зунгаг гэж хар өнгөтэй баас гардаг.

Харин хоёр, гурав дахь хоногоос өтгөн нь шар өнгөтэй болох ёстой. Тэгтэл манай тасагт төрөөд 5-7 хоносон хэдий ч өтгөний өнгө нь шар болоогүй нярай олон ирж байна. Ийм өнгөтэй байхад арьсны шарлалт буурахгүй. Мөн хийсвэр хагалгаагаар төрсний дараа эхийн бие нь тэнхрэхгүй, сайн амлуулж, хангалттай хөхүүлээгүй, хөхөнд нь сүү орохгүй хэд хоносноос шалтгаалан хүүхдийн шарлалтын хэмжээ өндөр болдог.

Хэвийн жирэмсэлж, асуудалгүй төрсөн эхийн хөхөнд сүү амархан орж, хүүхэд нь 3-4 дэх хоногтойгоосоо шарлаж эхэлдэг. Физиологийн шар удааширч буй шалтгаан нь хүүхдээ дутуу болон буруу хооллосноос болж байна. Хөхний сүүгээрээ сайн хооллож байж шарлалтыг буулгах ёстой. Харин эмгэг шарлалт олон өвчнөөс үүссэн байж болох учраас шинжилгээ хийж тодруулдаг.

-Эмгэг шарлалт физиологийн шарлалтаас юугаараа ялгаатай вэ?

-Хүүхэд төрөөд л 24 цагийн дотор шарлавал эмгэг шарлалт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт байхдаа л хүүхдийн арьс эхэд мэдэгдэхүйцээр шар болбол энэ нь физиологийн шарлалт биш. Ямар нэгэн өвчний улмаас шарласан байж болох юм. Баас нь цагаан өнгөтэй гарах, гарын алга, хөлийн ул шар өнгөтэй байх юм бол эмгэг шарлалтын шинж.

Физиологийн шарлалт эхээс төрөөд 2-3 хоноход эхэлдэг гэдгийг дахин хэлье. Физиологийн шарлалтын хэмжээ 4-5 хоногтойдоо өндөр байж болдог. Мөн хүүхдийн гарын алга, хөлийн ул шарлаагүй, энэ хэсгийн арьсан дээр хуруугаараа дарахад цайвар ягаан юм уу, цагаан өнгөтэй байдаг. Хэрэв шар өнгөтэй байвал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

-Шарлалтыг хэмждэг багаж орон нутаг болон өрхийн эмнэлэгт төдийлөн байдаггүй. Тиймээс физиологийн шарлалтыг хүндрүүлэх, удаах тохиолдол цөөнгүй. Эцэг, эхчүүдэд хандан юу зөвлөх вэ?

-Зарим өрхийн эмнэлэгт нярайн шарлалтыг хэмждэг багаж байгаа. Эцэг, эхчүүд өөрсдөө энэ талаар сайн, зөв мэдээлэлтэй байвал хүүхдэд нь физиологийн шарлалт явагдаж байна уу, эмгэг шарлалт уу гэдгийг ялгаж чадна. Нярай шарласнаас хойш эхний 3-4 хоногт шарлалтын хэмжээ нь 250-260 гэсэн тоон үзүүлэлттэй байж болно. Физиологийн шарлалт явагдаж буй тохиолдолд дээрх хэмжээ аажмаар буурах ёстой.

Шарлалтын хэмжээ 300-гаас дээш гарсан үед аюултай. Гэхдээ энэ тоо нярай хэд хоногтой байхаас шалтгаалан харилцан адилгүйг анхаарах хэрэгтэй. Дутуу нярайн шарлалт 21 хоног үргэлжилж болно гэж үздэг. Нярайн хоног нэмэгдэх тусам биллирубины хэмжээ багасах ёстой.

-Эхээс төрөөд сар болсон ч шарлалт нь арилахгүй байгаа нь ямар нэг эмгэг шарлалтын шинж мөн үү?

-Эмгэг шарлалт байж магадгүй учир эмчид хандаарай. Эх нь жирэмсэн байхдаа ханиад хүрсэн болон тэмбүүгээр өвдөж эмчилгээ хийлгэсэн, мөөгөнцөр, үтрээний үрэвсэлтэй гээд лаа хэрэглэсэн нь хүртэл хүүхдэд нөлөөлдөг. Хүүхэд гэдсэндээ байхдаа эхээсээ нян, вирусийн халдвар авч болно. Тиймээс жирэмсэн эмэгтэй бүрээс элэгний В, С вирусийн шинжилгээ авдаг шүү дээ. Элэгний төрөлхийн үрэвсэлтэй хүүхдийн шарлалт удаашрах тохиолдол бий. Мөн цөсний замын гаж хөгжил ч байж болно. Цөсний гаж хөгжлийн улмаас элэг хатуурдаг.

-Хүүхдийнх нь шарлалт арилахгүй болохоор эцэг, эхчүүд айж, сандарч эхэлдэг. Өрхийн эмчдээ үзүүлэхэд голдуу Урсофальк, Лив 52 гэдэг эм бичиж өгдөг. Үүнийг нь хэрэглээд ч нэмэр байдаггүй шүү дээ. Яагаад?

-Манайхан эмийг маш замбараагүй хэрэглэдэг. Ер нь бол физиологийн шарлалтыг бууруулдаг эм байхгүй. Өрхийн эмч нар Лив 52, Урсофальк бичиж өгөөд байдаг. Тэр нь шарлалт буулгах нөлөө үзүүлдэггүй. Физиологийн шарлалтын үед ямар ч эм уулгахгүй. Шарлалт эхэлснээс хойш аажмаар буурахгүй бол, буурч байснаа огцом нэмэгдвэл физиологийн шарлалт биш. Гэхдээ эмгэг шарлалт болчихоод байхад нь мэдэхгүй эм уулгахгүй гээд байж болохгүй.

Үүнийг сайн ялгаж ойлгох нь чухал. Манайхан найз нөхдөөсөө сонсох төдийгөөр хүүхдэдээ Урсофальк эм уулгачихдаг. Физиологийн шарлалтын үед энэ эмийг ууснаар цөс өтгөрч, хэвийн үйл ажиллагаанд нь нөлөөлж шарлалтыг удаашруулах тохиолдол гардаг. Шарлаад дөнгөж хоёр хонож байхад нь л эм уулгах нь бий.

Үүнээс шалтгаалан шарлалт нь физиологоороо явагдахгүй байх, удаашрах хандлагатай болгодог гэсэн судалгаа олон улсад байдаг. Тиймээс физиологийн шарлалтын үед эм уулгахгүй байхыг хичээх хэрэгтэй. Харин эмгэг шарлалтын үед эмийн эмчилгээ хийдэг.

-Шарлалт нь удвал элгэнд муугаар нөлөөлдөг гэж олон хүн боддог. Шарлалт арилахгүй удсанаар сэтгэл мэдрэлийн өвчтэй болдог гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Биллирубин гэдэг бодис хүний биеийн бүх цусаар эргэлдэж, тархинд очоод тархины эдэд ууссанаар гэмтээх үйлчилгээ үзүүлдэг. Тархи гэмтсэний улмаас хүүхэд татах, оюун санаа, сэтгэцийн хоцрогдолтой болдог. Энэ мэт эрсдэл гарч болох учраас физиологийн шарлалтын үед хүүхдээ сайн хөхүүлж, ажиглаж байх нь чухал. Сүүлийн үед эрүүл эмэгтэй гэж бараг байхаа больсон. Эмэгтэйчүүд ямар нэгэн эмгэгтэй байхдаа жирэмсэлж байна. Жирэмсний тонусгүй, хордлогогүй төрж буй ээж маш цөөхөн болжээ.

Эх, эцэг эрүүл байж хүүхэд эрүүл төрнө. Аливаа өвчнөө эмчлүүлсний дараа төлөвлөж байж жирэмслэх нь зөв. Мөн анх удаагаа төрж буй эмэгтэйчүүд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал. Сайн дүлж чадахгүй байснаас хүүхдийн хуйхан дор цус хуралддаг. Энэ хуралдсан цус задарснаас шарлалт илүү удаан үргэлжилдэг. Мөн хөхний товчоо бэлдээгүйгээс хүүхдээ сайн хооллож чаддаггүй. Ингэж хүүхдээ хөхүүлэхгүй удсанаас шарлалтын хэмжээ өндөр болж, эмгэг үүсэх магадлал нэмэгддэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)