ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарч, Европын холбооны “хар”-д үлдэх үү

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурал урьд шөнө болж, манай улс ажлын тайлангаа хэлэлцүүллээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг тодорхойлдог ФАТФ нь дэлхийн улс орнуудаас 40 зөвлөмж хэрэгжүүлэхийг шаарддаг. Эдгээрээс манай улс 34-ийг нь хэрэгжүүлж, зургааг нь сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан билээ. Тиймээс тус байгууллага өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд манайхыг санхүүгийн стратегийн дутагдалтай орон гэж зарласан. Уг ангилалд багтсан орнуудыг энгийнээр “саарал жагсаалт”-д орсон гэж нэрлэдэг. Ингэснээр манайх зургаан зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан юм.

Зургаан зөвлөмжийн гурвыг нь амжилттай биелүүлснийг ФАТФ-ын энэ оны хоёрдугаар сарын 20-ны ээлжит хурлаар баталгаажуулжээ. Тэгэхээр манайхан урьд шөнө үлдсэн гурван зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буй ажлын тайлангаа хэлэлцүүлсэн гэсэн үг. Хэрэв хангалттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээ авбал энэ оны аравдугаар сард “саарал жагсаалт”-аас гарах боломжтой. Дээрх ажлын тайлангийн үнэлгээг ирэх намар ФАТФ-ын ээлжит хурлаар хэлэлцүүлсний дараа эцсийн шийдвэр гарах гэнэ. Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооныхон “Бид даалгавраа маш сайн биелүүлсэн” гэж үзэж буй. Даалгавраа сайн биелүүлсэн бол ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх иж бүрэн тогтолцоотой орон гэж хүлээн зөвшөөрөгдөх юм.

ФАТФ-ын “саарал”-аас гарахаар шинэ хууль, журам батлан, санхүүгийн байгууллагуудын зохицуулалтыг сайжруулан ажиллаж байх зуурт Европын Холбооны зөвлөл манай улсыг Мөнгө угаахтай тэмцэх “хар жагсаалт”-д оруулах санал гаргаснаа мэдэгдлээ. Европын Холбоо Мөнгө угаахтай тэмцэх зөвлөмжийнхөө дагуу “хар жагсаалт”-д манайхаас гадна Бахам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Мьянмар, Никарагуа, Панам, Зимбабве улсыг оруулах санал гаргажээ. Тэгвэл “хар жагсаалт”-аас Босни-Херцеговин, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис зэрэг улсыг гаргахаар болсон байна. Эл саналыг нэг сарын дотор Европын парламентад өргөн барьж хэлэлцүүлэх аж. Дэлхийн дахинд “Ковид-19” өвчний халдвар тархсан нөхцөлийг харгалзан жагсаалтыг хоёр сарын дотор хэлэлцэх магадлалтай гэж тооцжээ. Европын парламентаас аль улсыг “хар жагсаалт”-д оруулах эцсийн шийдвэрээ гаргана. Уг жагсаалтад багтсан тохиолдолд манай улсад ямар хүндрэлтэй нөхцөл үүсэх вэ.

Европын Холбоо нь тус тивийн 27 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага. Мөнгө угаахтай тэмцэх зөвлөмжийнх нь “хар жагсаалт”-д багтсан тохиолдолд Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллага, татварын фирмүүд манай орны иргэд, аж ахуйн нэгжтэй харилцахдаа мөнгөнийх нь гарал үүслийг сайтар нягтлах шаардлагатай болно. Энэ нь манайхан Европын холбооны гишүүн улс руу мөнгө гуйвуулахад хүндрэлтэй, урт хугацаа зарцуулж, өндөр зардал гаргах нөхцөл үүснэ гэсэн үг. Мөн манай иргэд, аж ахуйн нэгжүүд тус холбооны гишүүн орнуудад картаар тооцоо хийх боломжгүй болох аж. Түүнчлэн бизнес эрхлэгчид Европын Холбооны гишүүн орнуудаас шинээр санхүүжилт татах боломжийг хаах юм байна. Тодруулбал, манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Европын сэргээн босголт, хөгжлийн банк бизнес эрхлэгчдэд зээл олгохгүй, төсөл санхүүжүүлэхээ болино гэсэн үг.

Европ даяар хил дамнасан хууль бус худалдааны сүлжээ үүсгэсэн 1000 гаруй хүнийг эрэн сурвалжилж буй. Тэдгээрийн 40 орчим нь Монгол Улсын иргэн. Европын Холбооны Мөнгө угаахтай тэмцэх “хар жагсаалт”-д Монгол Улсыг оруулах санал гаргасан нь дээрх иргэдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Европоос хар тамхи тээвэрлэсэн иргэндээ манайхан хөнгөн ял оноосон нь ч тэдний дургүйг хүргэсэн гэж шинжээчид дүгнэж байна. Мөн эх сурвалж нэр бүхий банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 60-70 сая ам.долларынхоо гарал үүслийг тайлбарлаж чадахгүй байгаа нь ихээхэн нөлөөлсөн гэж ярьж буй юм. Хар тамхи, хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх эрх зүйн зохицуулалтаа чангатгаж, банкуудаа “хүмүүжүүлэхгүй” бол амар сууж, аж төрөхгүй нь бололтой.

Европын Холбооны зөвлөлөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулж байв. Тухайн үед татварын хуулийн хэд хэдэн заалтаа Европын орнуудын жишигт хүргэснээр тус жагсаалтаас дараа жилийнх нь нэгдүгээр сарын 23-нд гарсан. Татварын орчныг сайжруулаад, муу нэрнээс салахад хялбар. Харин хил дамнасан хууль бус наймаа эрхэлдэг иргэдээ илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсооход бэрх. Банкууд маань ч итгэл төрүүлэх тайлбар хэлж чадахгүй өдий хүргэсэн. Тиймээс манай улс энэ удаад амаргүй нөхцөлтэй нүүр тулах шиг боллоо. Уг нь Европын Холбооны зөвлөл “хар жагсаалт”-д багтаасан орнуудын нэрсийг гаргасан нь ФАТФ-ынхтай төстэй байна гэж тайлбарласан. Үнэхээр ч тус зөвлөл ФАТФ-ын саарал болон хар жагсаалтад багтсан орнуудын муу нэрийг дуудаж, хамтран ажиллахаас татгалзах санал гаргасан байна лээ. Манай улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарлаа гэж бодъё. Тэгвэл энэ Европын Холбооны “хар жагсаалт”-аас гарахад нөлөөлөх болов уу. Манайхан хар тамхины наймааны хууль бус орлого, гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөө тайлбарлаж чадах болов уу.

“Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргах үед

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч агаад Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини, тус холбоог 2018 оны эхний хагаст даргалсан Бүгд Найрамдах Болгар Улсын Шадар сайд Екатерина Захариева нарт захидал илгээж, Монгол Улсыг дээрх жагсаалтаас нэн яаралтай гаргахыг хүсэж байв. Мөн захидлаа Европын Холбооны гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд нарт илгээж байсан юм. Энэ удаад дахиад захидал бичиж гуйх уу. Бид иргэдээ хил дамнасан хууль бус наймаа хийхийг хориглож чадна, хууль бус мөнгийг илрүүлж, хариуцлага тооцно гэж амлах уу. Дипломат албаны хүмүүс нь Европт хар тамхины хэрэгтэй холбогдсон нь бүр ч ичгэвтэр хэрэг.

Олон улсын зарим шинжээч Европын Холбооны зөвлөлөөс гаргасан саналыг өөр өнцгөөс харж байна. Тус холбооны гишүүн орнуудыг нэг нь буюу Исланд манайхтай хамт ФАТФ-ын “саарал жагсаалт”-д багтаад буй. Европын Холбооны зөвлөл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ-тай төстэй хүчирхэг байгууллага байгуулна гэж мэдэгдсэн нь Исландыг “саарал жагсаалт”-аас гаргах акц гэж тэд дүгнэж буй. Ингээд зогсохгүй ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурал болохоос хэдхэн хоногийн өмнө ийм мэдэгдэл гаргасан нь Исландыг “сугалах” гэсэн арга хэмээн хардаж байна. Уг нь иймхэн асуудлын төлөө том чулуу хөдөлгөхгүй баймаар.

ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарч, муу нэрнээс саллаа гэж бодоход Европын Холбоонд хар даруулаад хоцрох бололтой. Европын парламент санал хэлэлцэхэд хоёр сарын хугацаа бий. Тиймээс дахиад л димломат аргаар “хар жагсаалт”-аас мултрах арга сэдсэн нь дээр биз. Ядахад яр гэгчээр хөгжих, хүн зоноо эрүүл саруул амьдруулах гэж хичээж байхад санхүүгийн хориг арга хэмжээнд орох нь хүсэх зүйл биш байх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)