ФАТФ-аас гэмт үйлдэлд хариуцлага тооцсон нэмэлт материал хүсэв

Монгол Улс ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажлын явцын тайлангаа өчигдөр хэлэлцүүлжээ. Тус байгууллагын санхүүгийн стратегийн дутагдалтай орон буюу “саарал жагсаалт”-д өнгөрсөн жил багтсан манай улс 40 зөвлөмжийн дөрвийг нь хэрэгжүүлэх шаардлага тулгараад буй. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд тохирсон, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах, эрсдэлд суурилсан хяналтын арга хэмжээ бий болгох, үүнтэй холбоотой үйл ажиллагааны мөрдөн байцаалт, шүүхийн мөрдлөгийг чангатгах, нэмэгдүүлэхийг манайханд даалгасан. Мөн мэдүүлээгүй, худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, үр дүнтэй тохирсон хориг арга хэмжээ авах, үүнийг зөрчихөөс урьдчилсан сэргийлэхийн тулд эрх баригчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахыг даалгасан билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамтарсан бүлгийн хурлаар манай авч хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээнүүдэд ахиц гарсныг үнэлээд, гэмт үйлдэлд хариуцлага тооцсон нэмэлт материал ирүүлэхийг хүссэн гэнэ. Манай улсыг “саарал жагсаалт”-аас гаргах, эсэхийг ирэх аравдугаар сард эцэслэн шийдэх юм.

Бэлтгэсэн: Т.Бат 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)