"Фантастик" продакшны залуус 10 жилийнхээ ойгоор "37-р точка" киногоор үзэгчдэд бэлэг барина

Фантастик продакшны шинэхэн уран бүтээл болох “37-р Точка” телевизийн олон ангит уран сайхны кино ирэх сарын 7-нд нээлтээ хийхээр болжээ. Энэ жил тус продакшны 10 жилийн ой болж байгаа бөгөөд үзэгчдэд ийн бэлэг барьж буйгаа өнөөдөр мэдээллээ. Уг хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлийнхээ албан ёсны триллерийг анх удаа үзүүлсэн юм.

Энэ үеэр тус бүтээлийн ерөнхий найруулагч Б.Тамир "“37-р Точка” олон ангит уран сайхны кино маань фантастик продакшны 10 жилийн ойд зориулагдан хийгдэж байгаа. Манай хамт олны анхны олон ангит кино. Маш их сандарч байгаа ч өөрсдийнхөө сэтгэл зүрхээ зориулан хийсэн бүтээлээ үзэгч олондоо тайлагнах гэж байгаа даа туйлын баяртай байна" хэмээн онцолсон юм. Үүний дараа киноны уран бүтээлчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Урьд өмнө нь Монголд хийгдэж байсан олон ангит кинонуудаас юугаараа онцлог болсон бэ?

-Кино бүр өөрийн гэсэн давуу тал онцлогтой байдаг. “37-р Точка” телевизийн олон ангит кино маань өөрөө тэр чигээрээ онцлог. Учир нь Монголын олон ангит киноны салбарт "Фантастик" продакшны хамт олон цензур тогтооно гэсэн зорилт тавьсан. Кино маань өдөр бүр нэг нэг ангиар гарахгүй, долоо хоногт нэг анги гарна. Ерөнхийдөө бол олон улсын жишгийг дагаж байгаа. Өөрөөр хэлбэл, 37-р точка киног агуулгаар нь хоёр бүлэгт хуваасан, тус бүр 10 ангитай.

1970-1980-оны түүхэн үйл явдлуудыг хамрах боловч нөгөө талаарөө зохиолч, найруулагчийн сэтгэлгээнээс бүтсэн үйлдлүүд бий. Киноны нэг анги нь гэхэд бүрэн хэмжээний кино зураг авалт, дуу, дүрслэлтэйгээр маш өндөр төвшинд хийгдсэн. Тиймээс кино дэлгэцэд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулна гэдэгт бид итгэлтэй байна.

-Ерөнхий продессор н.Батсайханаас асуух асуулт байна. Нууц биш бол кино хэдэн сая төгрөгийн зардлаар бүтсэн бэ?

-Төсөв яг одоо бол тодорхойгүй байгаа. 2016 онд зорилтот санаагаа төлөвлөж байхад Монгол Улсад соёлын хороо гэж байдаггүй, оюуны өмчийн тал дээр бодлого маш сул байлаа. Тиймээс телевизүүд гадны сериалууд орж ирдэг байсан. Иймд бид өөрсдийн гэсэн бүтээлтэй болцгооё гэж ярьсан. Тэр төлөвлөгөөндөө өнөөдөр хүрчихээд байгаа даа баяртай байна. 

-Киноны үйл явдал 70-80-оны хооронд өрнөдөг гэж байна. Тэгэхээр хуучны байшин барилга, зураг авалтын талбайг хэрхэн сонгосон бэ?

-Мэдээж 70-80 оны байшин барилгууд хомс. Тиймээс ихэнхийг нь манай зураачид хийсэн. Нэг объектыг долоогоос найман удаа хувиргасан. Энэ ташрамд хэлэхэд хуучны барилга байшинг хотын өв соёл болгож авч үлдэхгүй бол түүхэн кино хийхэд асуудалтай болох юм шиг байна. Түүхэн киног бид нар зөвхөн хийгээд зогсохгүй, дараа дараагийн үеийнхэн маань кино хийхэд объект байхгүй болж хоцрох магадлалтай. Үүнд төр засаг анхаараасай гэж хувь хүний үүднээс бодож байсан.

-Жүжигчин Г.Золбоот таны хувьд “Фантастик продакшин”-тай хэд дэх уран бүтээл дээр хамтран ажиллаж байна вэ?

-Атгасан гар шиг нэг баг болж чаддаг "Фантастик" продакшны эрхэм уран бүтээлч дүү нартаа баяр хүргэе. Миний хувьд энэ залуустай хамтарч ажилласан зургаа дахь уран бүтээл болж байна. Урьд өмнө нь мэдээж “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” гэх мэт бүрэн хэмжээний кинонд хамтарсан. Харин энэ удаа олон ангит кинонд хамтарлаа. Монгол бөхийн ёс жудаг "Фантастик" продакшны дүү нарт байдаг гэж боддог. “Америкт нэг удаа” гэж кино байдаг. Харин би 37-р точка буюу "Монгол нэг удаа" гэж нэрлэмээр байна. Тийм л чансаатай уран бүтээл болж чадсан юм. Би Содном гэж хүний дүрд тоглосон. Харин хэрхэн болсныг үзэгч түмэн үзэж байгаад өөрсдийнхөө дүгнэлтийг хийх биз.

-Кинонд улс төрийн захиалга байгаа болов уу. "Фантастик" продакшныг намын захиалгаар ажилладаг, бүх киногоо ерөнхийлөгчийн хөрөнгө оруулалтаар хийсэн гэж олон нийт ярьдаг.

-Ямар нэгэн улс төрийн нөлөө байхгүй. Женкогийнх гэж ярьдаг нь ямар ч үндэслэлгүй зүйл. Ер нь бол хуучны л яриа. Бидний цорын ганц спонсор бол "Скайтел" групп. Харин хувийн шугамаар тусалж, дэмжиж буй найз, нөхөд олон бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)