У.Хүрэлсүх: Эрдэмтэн багш нараа эгнэн зогссон байхыг хараад сэтгэл догдолж байна

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний Батлан хамгаалах сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд тус сургуулийн 1985-1989 оны сонсогч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар оролцож, эрдэмтэн багш, сонсогч оюутнууд, сурагчид, тэдний ар гэрийнхэнд баярын мэнд хүргэсэн юм. 

Сургуулийн шинэ жилийг нээж ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан индэр дээрээс хэлэх үгийнхээ эхэнд "ҮБХИС-д шинээр элсэн орсон болон суралцаж байгаа сонсогч, оюутан, сурагч, эрдмийн хамт олондоо баярын мэнд хүргэе. Өнөөдөр та бүхний өмнө амьдралын шинэ зам, хүсэл мөрөөдлийн хаалга нээгдэж, Зэвсэгт хүчин болоод иргэний салбарын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох их зам угтаж байна. Энэ жилийн хичээлийн шинэ жил түүхт 100 жилийнхээ өмнө тохиож байна" хэмээн онцлов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрээр "Төрөлх сургуульдаа ирэх сайхан байна. Бүх зүйл нь дэндүү дотно. Эрдэмтэн багш нараа эгнэн зогссоныг хараад сэтгэл догдолж байна. Ирээдүйн эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалах цогтой хөвгүүд, охидыг бэлтгэж байгаа ҮБХИС-ийн бие бүрэлдэхүүнд онцгойлон баяр хүргэе" гээд сонсогч, сурагчдын ар гэрийн төлөөлөлтэй уулзаж, сайн сургуульд үр хүүхдээ даатгаж байгаад баярлалаа гэж байлаа. Энэхүү шинэ жилийн ёслолын ажиллагаанд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа монгол, орос залуусын "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялагчид оролцсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)